Анх 1942 оны 12 сард МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж Улсын Уран Сайхны хүрээлэнгийн харьяанд “Зураг Урлалын Газар” нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Урчуудын эвлэл өнөөдөр ахмад уран бүтээлчдээ хүлээн авч нэгэн сайхан өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Ахмад уран бүтээлчдийг хүлээн авах өдөрлөг баяр наадмын уламжлал ёсоор морин хуурын эгшигт аялгуугаар жавар үргээн эхэлсэн юм. Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин н.Оюунсүрэн хуучрын аялгуугаар ахмадуудын сонорыг мялаасан. Ингээд ахмад уран бүтээлчдийг хүндэтгэх арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм. Юун түрүүнд Урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон явагддаг 80 нас золгосон буурлууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол, Ахмад уран бүтээлч н.Болд, ахмад уран бүтээлч н.Цэрэнбатаа нарт хүндэтгэл үзүүлэн мөнгөн аяга, үнэ бүхий зүйлийг дурсгал болгон гардуулсан юм. Урчуудын эвлэлийн удирдлагууд тэдэнд зуу насалж, зургаадай таяг тулаарай хэмээн ерөөлийн үг дэвшүүлж байлаа.
Урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон явагддаг 80 нас золгосон буурлууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол
Ахмад уран бүтээлч н.Болд
Ахмад уран бүтээлч н.Цэрэнбатаа
Мөн энэ өдөр ёстой л тэнгэрээс шагналын хур буугаа юу гэлтэй ахмад уран бүтээлчдийг баярлуулсан өдөрлөг боллоо. Монгол улсын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа хүрэлцэн ирж, найрамдлын алтан одонгоор н.Батмөнхийг шагнасан юм. Уран бүтээлч маань хүрэлцэн ирж амжаагүй учраас Урчуудын эвлэлээс шагналыг нь төлөөлөн гардаж авсан.
Ж.Гүррагчаа хэлэхдээ: “Ахмад зураач уран бүтээлчиддээ Монголын ахмадын өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргэхийн ялдамд хамгийн гол нь урт удаан насалж, уран бүтээлийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Энэ дашрамд хуучнаар Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг одоогийн Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн зүгээс улс оронд болж байгаа урлаг уран сайхны ололт амжилтыг туурвин бүтээж байгаа хүмүүсээ аль болохоор урамшуулан хөгжүүлэхийг хичээсээр ирсэн. Тиймээс өнөөдөр н.Батмөнх гуайг нийгэмлэгийнхээ дээд шагнал Найрамдлын алтан од медалаар шагнасан юм” гэлээ.
Мөн тэрээр сансрын нислэгтэй холбоотой уран бүтээл туурвиж байсан хоёр хүнийг шагнасан. Ахмад уран бүтээлч н.Уранчимэг, гавьяат зураач н.Гунгаа нарт нийгэмлэгийн нэрэмжит медал гардуулсан юм.
н.Уранчимэг
Ингээд Монгол улс, болон засгийн газрын хүндтэй шагналууд ч тус бүрийн эзэндээ очсоор байлаа. Уран бүтээлч О.Сарангэрэл Соёлын тэргүүний ажилтан авсан бол
Монголын урчуудын эвлэлийн гишүүн хүн бүрийн авахыг хүсдэг маш хүндэтгэлтэй тэмдэг буюу Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг Дашцэрэн овогтой Гэрэл хүртсэн. Мөн энэ цолыг Шар овогтой Галсандорж ч хүртсэн ба Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр Батын Цэрмаа, Бадамжавын Чогсом, Дамдины Цэдэндорж нар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр н.Төгс-Оюун, н.Цэнд-Аюуш шагнуулсан юм.
Ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн арга хэмжээ ийнхүү буурлуудаа баярлуулсан үнэхээр сайхан болж өндөрлөсөн бөгөөд удаан уулзалдаагүй ахмад хамт олон хол ойрын сонин хачнаа хөөрөлдөн хүүхэд шиг хөөрч байлаа.
Уран бүтээлч Д.Гэрэл
Уран бүтээлч Б.Цэрмаа
Б.Чогсом
Уран бүтээлч н.Төгс-Оюун
Уран бүтээлч н.Цэнд-Аюуш