m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 05:49
151
Ногоон байгууламжийг эрх зүйн орчинтой болох хэрэгтэй байна

БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр МҮЭСТО-ны Бага танхимд боллоо.

Түүнчлэн энэ үеэр “Ногоон Хэрэм-Ойжуулалт”-2014 тарьц, суулгацын үзэсгэлэн гарчээ. Энэ удаагийн наймдахь үзэсгэлэнд 50 гаруй аж, ахуй нэгж ойжуулалтын чиглэлээр оролцож байгаа юм байна. Өнөөдөр ойжуулагчдын болоод цэцэрлэгжүүлэгчдийн баярын өдөр тохиож байгаа бөгөөд хоорондоо туршлага солилцож, дуу хоолойгоо нэгтгэн төр засагтаа санал болгож байгаа өдөр хэмээн энэ үеэр тэд хэлж байлаа. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдтой ярилцлаа.

-Зөвлөгөөний ач холбогдол, үзэсгэлэнгийн талаар сонирхуулахгүй юу?

- Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болоод тарьц суулгацын үзэсгэлэнг нэгтгэсэн байдлаар зохион байгуулж байна. Ногоон байгууламжийн асуудлыг зохицуулалтгүй орхисон байдаг. Нэг үгээр хэлбэл эрх зүйн хувьд зохицуулалт байхгүй явж байна. Энэ тал дээр бид зөвлөлдөж байна. Энэ үзэсгэлэн худалдааг дөрвөн өдрийн турш зохион байгуулна. Монгол Улсад ойролцоогоор 40 орчим суулгацын нөөц байгаа. Жил ирэх тусам үзэсгэлэн гаргачдын тоо нэмэгдэж, илүү чанаржиж байна.

-Зөвлөгөөний гол зорилго юу вэ?

- Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөний гол зорилго нь хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, энэ чиглэлээр бизнес эрхэлж буй хүмүүсийг төрөөс дэмжих, хот суурин газрын ногоон байгууламжийг хамгаалах болоод станадартын мөрдүүлэх гэх мэтчилэн асуудлыг шийдэх тодорхойлох зөвлөмж гаргахад оршиж байна.

 

Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ буурч, төрөөс баримтлах тодорхой бодлогогүйгээс цэцэрлэгжүүлэх ажил үр дүнгүй байдаг. Ногоон байгууламжийн ажлыг зөвхөн нийслэл хотын асуудал мэтээр ойлгогддог цаг үе өнгөрч аймаг, орон нутагт хот суурин газрын төлөвлөлттэй уялдсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлага зүй ёсоор тулгараад байгаа асуудлаа тэд өнөөдөр энд хэлэлцэхээр зөвлөлдөж байна. Мөн түүнчлэн нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмээг 20мкв болгон нэмэгдүүлэх гэсэн тодорхой зорилтуудыг УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрт тусгасан байдаг байна.

Тус зөвлөгөөнд оролцож буй Мөнх ногоон амьдрал” ТТБ-ын тэргүүн Х.Алтанцацралтын сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр анхдугаар зөвлөгөөний талаар хэлэхдээ “ Өнөөдрийн зөвлөгөөн бол маш ач холбогдолтой болж байна. Монголын хэмжээнд ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн асуудал төрийн бодлогоос гадуур байсан. Ямар нэг хууль эрхзүйн орчингүйгээр, тодорхой төлөвлөлтгүйгээр явж ирлээ. Тэгэхээр бид өнөөдөр төрөөс тодорхой хэмжээний эрхзүйн орчин бий болгох талаар санал тавих зорилгоор энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Цаашдаа ногоон байгууламжийн асуудлыг төлөвлөж явах хэрэгтэй байна гэсэн юм.

 

Зөвлөгөөнөөс уриалга гаргаж холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх ажээ. Зөвлөгөөний үеэр гарч байсан “Ногоон Хэрэм-Ойжуулалт”-2014 тарьц, суулгацын үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуй нэгж өөрсдийн цэцэг болоод танилцуулж байлаа. Энд цэцэг 5000-55000 төгрөгийн үнэтэй байгаа хооронд байсан бол модны суулгацын хувд 2500-8000 төгрөгийн хооронд байв.