m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:24
26
"Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.24/ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгасан юм.

Хуулийн төслүүдийн талаар Эрчим хүчний сайд М.Сономпил танилцууллаа.

“Амгалан” дулааны станц баригдсанаар хотын зүүн хэсэг буюу Зүүн дөрвөн замаас зүүн тийш дулааны шугамд шинээр холбох 20.000 айл өрхийн дулааны хэрэгцээ, мөн цаашид нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай 120 Г/кал цагийн ачааллыг бүрэн хангах ажээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор баригдах шинэ хорооллын дулааны асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ дулааны станц онцгой ач холбогдолтой гэж сайд хэлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2013 онд 35, 55, 155 дугаар тогтоолуудаар “Амгалан” дулааны станцыг барьж байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг чиглэлийг Эрчим хүчний яаманд өгч, яам дулааны станцын барилга, угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын “Машин Инженерийн Корпораци” ТӨХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй 75.9 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Ажлыг төлөвлөгөөт хуваарийн дагуу гүйцэтгэж 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр яамны холбогдох мэргэжилтнүүд, БНХАУ-ын 200 гаруй инженер, техникийн ажилчид, дотоодын 10 гаруй туслан гүйцэтгэгч компани хамтран ажиллаж байгаа бөгөөд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд төсөвт хөрөнгө хэмнэх зорилгоор гүйцэтгэгч тал өөрийн тоног төхөөрөмжийг барилгын ажлын хугацаанд түр импортлон ашиглахаар гэрээнд тусгагджээ.

Мөн станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын ажлын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм байна. Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх дээрх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Ц.Цолмон танилцуулсан юм. “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.