m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 06:37
25
"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" арга хэмжээг танилцуулав

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт боллоо. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Засгийн газрын зүгээс 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх 23 ажлыг санаачилсан. Энэ дагуу  Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдрийн уулзалтаар эдийн засгийн эрчимжүүлэх төслийн талаар танилцуулав.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх шаардлагатай олон төрлийн ажил байгаа аж.

Үүнд:

1.  Бизнес эрхлэгчдийг дэмжих. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж бүтээгдэхүүнийг нь худалдаж авах, сурталчилах, урамшуулах ажлыг хийх аж. Мөн импортоор орж ирдэг зарим барааг багасгах юм байна.

2. Үндэсний үйлдвэрлэлд шаардлагатай тоног, төхөөрөмж машин мехнизмын лизингийн үйлчилгээг авах. Жишээ нь уул уурхайд хэрэглэгдэх машин, тоног төхөөрөмж зэргийг түрээсээр авдаг болох аж. 

3. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг явуулах.

4. Монгол төгрөг, юанийн хөврөх ажиллагааг улам нэмэгдүүлэх.

5.  Тендерийнхээ хуулийг өөрчлөх. Тодруулбал, бизнес эрхлэгчдээ дэмжиж шинээр баригдаж буй зам, барилгаа сайн болгох зорилготойгоор уг хуулийн төслийг дэмжих аж. Одоогийн хуулиар бол тендерийн шалгаруулалтанд орохдоо хамгийн бага үнийн санал өгсөн компанид эрхийг нь өгдөг. Энэ байдлыг өөрчлөхөөр болжээ.

6. НӨАТ-ын буруу тогтолцоог засах. Иргэдийн худалдан авалтийг урамшуулдаг НӨАТ-ын тогтолцоог бий болгох. Тодруулбал жилийн турш хийсэн худалдан авалт хийсэн хүнд тодорхой хувийг эргүүлэн олгодог болох гэх  мэт.

7. Төрийн өмчийн аж ахуй нэгжийг эзэнжүүлэх.

8. Төрөөс тавих хяналт, шалгалтыг зогсоох. Түүний оронд аж, ахуй нэгжүүддээ зөвлөмж өгөх.

9. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах.

10. Бизнес эрхлэгчдэд олгох үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог бууруулах.

11. Зээлийн үндэсний даатгалын корпараци байгуулах.

12. "11 11" төвийг энэ 100 хоногт эдийн засгийн эрчимжүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл, хүнд сурталын талаар гомдол саналыг хүлээж авдаг болгох.

13. Далд эдийн засгийг ил тод болгох.

14. Уул уурхай, ашигт малтмалын чиглэлийг эрчимжүүлэх. Үүний тулд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хайгуулын үйл ажиллагааг хуулиар зөвшөөрөх.

15. Лицензүүдийг цэгцлэх.

16. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авах.

17. Алтны худалдааг дэмжих.

18. Хятад улстай нүүрс хийжүүлэх үйлдвэрийг эхлүүлэх. Ирэх найман сард шавыг нь тавихаар болжээ.

19. "Рио Тинто" компанид ирэх есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаа олгоод төслийнх нь санхүүжилтийг хийлгэх.

20. Барилга аж үйлдвэрийн салбарыг дэмжих. Тэр дундаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалийн албан татварт нь хөнгөлөлт үзүүлэх.  

21. Экспортыг дэмжиж, импортыг орлох төслүүдээ үргэлжлүүлэх. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан руу Чингис бондын мөнгөнөөс 100 орчим тэрбумыг хийгээд жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөлдөө зарцуулахаар болжээ. 

22. Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах. Хувийн хэвшлийнхэн хувиасаа мөнгөө гаргаад барилгаа 50 хувьд нь хүргээд орхисон маш олон барилга байгаа  аж. Үүнийг Засгийн газраас үргэлжлүүлэх ажлыг хийх юм байна.

23. Ноос, ноолуурын үйлдвэрийг дэмжих. Төслийн барааг дотоодынхоо үйлдвэрээс шууд авдаг болох.

24. Туулын хурдын замыг эхлүүлэх.

25. Орон нутагт гудамж төслийг хэрэгжүүлэх.

26. Есөн аймгийн дулааны станцыг эхлүүлэх.

27. Шинэ сумын төслийг үргэлжлүүлэх.

28. Сүү болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг сум дундын үйлдвэрт байрлуулах.

29. Зургаан аймгаа хатуу хучилттай замаар холбоно.

30. 1000 айлын орон сууцыг үргэлжлүүлэх.

31. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

32. Концессын гэрээгээр хийгдэх ажлуудыг нэмэгдүүлэх.

33. Аялал жуулчлалын сурталчилгааг сайжруулах.

34. Визгүй зорчих орныхоо тоог нэмэгдүүлэх. 

Энэ мэт олон ажлыг хийхээр төлөвлөж  байгаа аж. Дээрх ажлуудыг хийх хүрээнд  Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл байгуулах юм байна. Тус зөвлөл долоо хоногт нэг удаа хуралдаад асуудлаа шийдээд явах аж.