m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:04
28
Н.Алтанхуяг: Эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцох санал ирсэн

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтаар "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног арга хэмжээний талаар танилцуулсан юм.  Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-"АТГ ажил хийлгэхгүй байна" гэсэн үгний хариуг тус газрын дарга хариу өгсөн. АТГ-ын талаар тэгэж хэлэх таны хувийн байр суурь байсан уу. Эсвэл АТГ үнэхээр Засгийн газрыг ажлыг хийлгэхгүй байна уу?

- АТГ-ын хувьд би хувь хүний байр суурийг илэрхийлээгүй. Ерөнхий сайдын байр суурийг илэрхийлсэн. Ямар үйл ажиллагаа нь буруу харагдаж байгаа вэ гэхээр эдийн засгийг өсч хөгжихөд АТГ-ын үйл ажиллагаа маш их саад учруулж байгаа. Ялангуяа баялаг бүтээж байгаа хүмүүсийг дарамталдаг, шоронд хийдэг үзэгдэл их болсон. Энэ бол манай нийгэмд байж болзошгүй зүйл.

-ТЕГ-ын дэд дарга Эрдэнээг ажлаас нь халсан байна. Ямар үндэслэлтэйгээр халсан юм бол?

- ТЕГ-ын дэд даргыг би чөлөөлсөн байгаа. Би өөрөө ажилд нь тавьсан. Өөрөө сольсон.

-Одоо нүүрсийг маш хямд гаргаж байгаа. Ер нь цаашид нүүрсний экспортод тавих бодлогоо яаж тодорхойлж байгаа вэ?

-Нүүрсний хувьд бид нэг хэсгийг нь түүхийгээр нь гаргана. Нөгөө хэсгийг Ухаа-Хутагт баригдсан нүүрс угаах үйлдвэрээр дамжуулж гаргана.  Ер нь цаашид угааж гаргавал нэмүү өртөг шингэнэ.

-"Эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг 100 хоног"-т хийгээд үр дүнд валютын ханш буурч, инфляци нэг оронтой тоонд орох болов уу?

-Миний хэлсэн дээрх ажлуудыг 100 хоногт хийснээр валютын ханш тогтвортой байна. Эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ.

-Далд эдийн засгийг ил болгохдоо хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Манай улсын төгрөгийн эргэлтийн ихэнх нь бэлнээр эргэлдэж байна.  үүнд тооцоо гаргаж ил болгоно. Мөн зарим иргэдийн үл хөдлөх хөрөнгө нь тухайн иргэний нэр дээр бүртгэлгүй зэрэг олон зөрчил байна. Энэ чиглэлээр хууль, дүрэм, журам гаргана.

-Хятадын банкийг оруулж ирэх асуудалд Засгийн газар голлох үүрэгтэй оролцож байгаа юу?

- Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар банк оруулж ирэхийг Монгол банк л шийдэх юм байна лээ.

-Гадны банк, санхүүгийн байгууллагуудтай уулзаж санал солилцоно гэсэн.
Ямар байгууллагуудтай уулзах вэ?

- Азийн хамтран ажилладаг улс орнуудынхаа банк, санхүүгийн байгууллагуудтай уулзана.

-Буянт-Ухаа хороололд оршин суугчдын сонгон шалгаруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- 8000 гаруй хүний өргөдөл ирсэн. Эдгээрийг  нягталж шалгах ажил үргэлжилж байна. Үүний дараа  электрон сугалаагаар сонгон шалгаруулалтыг явуулна.

-"Давхар дээл"-ийг тайлах асуудлаар эсрэг санал өгсөн дөрвөн гишүүндээ арга хэмжээ авна гэсэн. Та тэднийг дарамталж байгаа гэдэг нь үнэн үү?

-Намын даргын хувьд барьдаг чиг шугам нь эв нэгдэл. Гэхдээ манай намынхан аймгийн гишүүдтэй  цахим хурал хийхэд тэдний олонхи нь хариуцлага тооц гэсэн саналыг явуулсан.

- Таныг Ж. Батзандан гишүүн намаасаа хөөнө гэж хэлсэн гэсэн. Энэ үнэн үү?

 - Буруу мэдээлэл байна. Би намаас хөөдөг хүн биш.