m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 02:06
487
Д.Болдбаатар: Ялагдашгүй монгол ухааны нандин нууц нь байгаль

 “Тольдлоо, ойлголоо, хаялаа” гэдэг зөвлөгөөний дагуу хоёр сар хичээллээд англи хэлээр анхны романаа уншсан залуугийн туршлагын талаар та уншиж байсан уу, хаа нэгтээ сонссон ч байж болох юм. Энэ зөвлөгөөг хэлсэн хүн нь хятад судлаач, “Гэгээ” коллежийн захирал, нэрт орчуулагч Д.Болдбаатар.

Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, мөнхийн хөршийн талаарх сонирхолтой баримт материалыг монгол хэлнээ хөрвүүлэн, хоёр улсын соёлын салбарт гүүр болж яваа энэ эрхэм хүнийг mass.mn сайтын “Баялаг бүтээгч” буланд саатууллаа. Кино сонирхогчид “Хуаньжу гэг”, “Цаст уулын нисдэг үнэг", "Бугын тэмдэгт тулга" тэргүүтэй киног монгол хэлнээ хөрвүүлсэн болохоор Д.Болдбаатарыг эчнээ танина. Харин номын хорхойтнууд “Гурван улсын үлгэр”, “Мөрөн голын шулам бүсгүй”, “Сюөкэ бүсгүй”, “Чонон” сүлд, “Төвд банхар” гэхээр андахгүй. Тэгвэл цахим ертөнцийн хэрэглэгчид түүний гадаад хэлийг үр дүнтэй, сонирхолтой аргаар сурах талаарх нийтлэлүүдийг шимтэн уншдаг.

-Таны эх хэлнээ хөрвүүлсэн номнууд ихэнхдээ бестселлерийн жагсаалтад ордог. Тэгвэл номын хорхойтнууд таныг энэ удаа ямар бүтээл дээр ажиллаж байгааг сонирхох нь гарцаагүй?

-Би саяхан “Мила Богдын тууж зохионгуй” нэрт номоо хэвлэлтэд шилжүүллээ. Бас танай уншигчдад дуулгах нэгэн сонин гэвээс Хятадын үндэстний хэвлэлийн хороотой байгуулсан гэрээний дагуу “Чонон сүлд” романаа Хятад улсад монгол бичгээр хөрвүүлэн гаргахаар тохиролцлоо. Үүний тулд орчуулгын эрхээ Хятад улсад гурван жилийн хугацаатай шилжүүлсэн байгаа. Хятад номыг Хятад улсад нь буцаагаад гаргаж байгаа гэхээр сонин байна уу. Энэ нь манай хоёр орны соёлын солилцооны үйлсэд оруулж байгаа өчүүхэн хувь нэмэр минь юм л даа. Зарим хүн “Чонон сүлд” гээд буруу орчуулчихсан гэж шүүмжилдгийг өөрөө сайн мэдэх биз.  Гэтэл өвөрмонгол уншигчдад зориулан хөрвүүлэхдээ яг л “Чонон сүлд” гэсэн нэрээр нь гаргахаар болж байгаа.

“Чонон сүлд” романаа Хятад улсад монгол бичгээр хөрвүүлэн гаргахаар тохиролцлоо

-Ажил ихтэй байгаа гэлээ. Гэхдээ та олон нийтийн сүлжээний тун идэвхтэй хэрэглэгч болоод байгаа?

-Сүүлийн үед фэйсбүүк хуудсаа идэвхтэй ажиллуулж, боловсрол, нийгэм, гүн ухаан, гадаад хэл зэрэг нэлээд өргөн хүрээтэй асуудлаар үзэл бодлоо илэрхийлж байна. Олон нийтийн сүлжээн дэх уншигчдад бичлэгийн өнгө аяс маань таалагдаж байгаа бололтой. Тэр бүхнийг эмхэтгээд “Монгол ухаан” гэсэн ном гаргаач гэсэн хүсэлт ирсэн шүү. Тиймээс бичлэгийн хурдаа идэвхжүүлж, нэг ном гаргахаар шуурхайлан ажиллаж байна. Бас фэйсбүүк хуудсаараа “Нангиад тэжээхүй ухааны нандин чухал бэлчрүүд” гэсэн бичлэг оруулсан нь хүмүүст маш их таалагдсан бололтой. Ном болгон гаргах гэсэн саналыг хүлээн аваад орчуулгын ажил маань шуударч байгаа.

“Нангиад тэжээхүй ухааны нандин чухал бэлчрүүд” гэсэн бичлэгээ ном болгоно 

-Олон нийтийн санал бодлыг тун ажил хэрэгчээр хүлээж авдаг юм байна. Тэгвэл кино сонирхогчид тантай холбогдож байна уу. Дэлгэцийн бүтээл орчуулж байна уу?

-Манай “Гэгээ паблишн” компани саяхан Хятад улсын “Хуацө” гэдэг томоохон кино компанийн албан ёсны борлуулагчаар шалгаран, гэрчилгээгээ хүлээн авлаа. Ингэснээр манай компани БНХАУ-ын 50 гаруй олон ангит киног Монголд борлуулах албан ёсны эрхтэй болж байгаа юм. Түүний анхных нь “Тэнгэрийн луугийн найман аймаг” нэрт 50 ангит кино.

-Таны өмнө нь орчуулж байсан "Цаст уулын нисдэг үнэг", "Бугын тэмдэгт тулга" зэрэг олон ангит кинонууд үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Шинээр орчуулж байгаа олон ангит кино тэдгээрийн амжилтыг давтах болов уу?

-"Цаст уулын нисдэг үнэг", "Бугын тэмдэгт тулга" зэрэг кино Хонконгийн алдарт зохиолч Жинь Юнгийн зохиол юм. "Тэнгэрийн луугийн найман аймаг" нэрт 50 ангит кино ч уг зохиолчийн бүтээл. Киног орчуулах албан ёсны эрхийн гэрээнд өнгөрсөн наймдугаар сарын 26-нд гарын үсэг зурсан. Нийт 14 зэвсгийн эрдмийн туульсийн том роман бичсэний дийлэнхид нь Сяньби, Монгол, Манж нартай хятадын ушучид хэрхэн тулалдаж байсан тухай уран чадварлаг дүрсэлсэн байдаг.

Тэнгэрийн луугийн найман аймаг гэдэг нь бурханы шашны хэллэг бөгөөд хий биет, хүмүүн бусын нэгэн төрөл юм. Энэ ойлголтыг манай тогтсон уламжлалт орчуулгын дагуу буулгасан болно. Тус киноны гол дүрд “Super junior” хамтлагийн дуучин Ким Ки Бум болон Тайваний алдарт жүжигчин Жун Хань Лян нар тоглосон юм. Энэ киноны өөр нэгэн онцлог бол Сяньби угсааны Янь улсаа сэргээх гэж зүтгэж байгаа Хөх ус овогт Мөрөнхүү хэмээгч баатар эрийн дүрд  үзэгчдийн сайн мэдэх Хуаньжу гэг киноны тавдугаар агь буюу Сү Ю Пэн бас тоглосон.

-Монгол, Хятад хоёр орон мөнхийн хөршүүд. Тиймдээ ч ном зохиолд байнга нэр холбогддог байх?

-Ерөөсөө зохиол гэлтгүй Монгол, Хятадын түүх маш олон сэжмээр холбогдсон байдаг. Хятадын түүх бичлэгийг дотор нь албан ёсны түүх, сул түүх бичлэг гэж хоёр ангилдаг. Мэдээж албан ёсны түүх бичлэг нь өөрсдийн түүхийг Хятад төвт байр суурины үүднээс бичиж үлдээдэг байсан бол харин сул түүхчид нь хэдийгээр байр суурийн хувьд шахагдмал байдалтай оршин тогтносоор ирсэн боловч харьцангуй голч өнцгөөс түүхэн үнэнд хандаж ирсэн юм шүү. Харин сүүлийн үед сул түүхийн урсгалынхан нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэгэн жишээ нь саяхан Хятадад “Цусан өнгөт үүрийн туяа” нэрт ном хэвлэгдсэн явдал. Номын зохиолч Сюй Зян Вэйгийн үзэж байгаагаар Хятадын таван мянган жилийн түүхийн турш хятад үндэстэн ердөө хоёрхон удаа буюу Хань улс, Мин улсын үед л зургаан зуу гаруй жил төрийн эрх барьж байсан. Үлдсэн буюу 4400 жилийн туршид нүүдэлчин угсааныхан тэднийг эзэрхийлэн захирч байсныг уг бүтээлдээ хөдөлбөргүй нотлон үзүүлсэн юм. Нэг сонин зүй тогтол нь нүүдэлчид үе үеийн Хятад улсыг эрхшээн захирч, тэр хэрээр газар нутгийг нь тэлж томруулаад орхидог байсан байдал анзаарагддаг.

Хятадын таван мянган жилийн түүхийн 4400 жилийн туршид нүүдэлчин угсааныхан тэднийг эзэрхийлэн захирч тэр хэрээр газар нутгийг нь тэлж томруулаад орхидог байсан нь анзаарагддаг.

-Тэгвэл өнөөдөр зарим хүнд “Хятадад эзлэгдэх вий” гэдэг болгоомжлол байдаг нь нууц биш. Тэгвэл үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Сүүлийн үед нэлээд шуурхай орчуулсан “Чонон сүлд”, “Гурван улсын үлгэр”, “Муухай хятад хүн” номыг уншсан хүн манай өвөг дээдэс хятадын “дотор ухаан”-ыг давж, илүүрхдэг байсан нууцын талаар эрэгцүүлэн бодох болов уу. Тухайлбал, “Гурван улсын үлгэр”-т “Жүгө Лян болвоос юмны ерөнхий төлөвийг харж чаддаг” гэж түүнийг Любэйд танилцуулж байгаа мэргэн зөвлөх хэлж байгааг номноос уншиж болно. Күнз ч гэсэн өөрийгөө “Би тийм их эрдэмтэй хүн биш шүү. Зөвхөн аливаа хэрэг явдлын ерөнхий төлөвийг л ойлгочихсон хүн” хэмээн “Шүүмжлэл өгүүлэл” бүтээлдээ шавь нартаа хэлдэг шүү дээ. Жүгө Лян бичгийн сайд нарыг номонд хэт автсан бүтэлгүй амьтас хэмээн олонтоо элэглэн шоолж байгааг уг романаас уншиж болно. Өөрөөр хэлбэл манай өвөг дээдэс бичиг, соёл хэмээх хүний зохиомол эрдэмд хэт авталгүй, билиг оюуны мөн чанарт түшиглэн байгаль дэлхийтэйгээ нягт уусан, нэгдэж амьдардаг байсанд л ялагдашгүй монгол ухааны нандин нууц оршиж байсан байж таарна. Тийм болохоор жирийн уншигч төдийгүй манай төрийн түшээд, бизнесмэнүүд энэ зохиолыг уншаасай гэдэг чин хүсэл эрмэлзлэлийг эш болгон “Гурван улсын үлгэр” романыг орчуулсанаа өгүүлэх юун. Учир нь уг романыг нэг, хоёр удаа ултай уншчихсан байхад одоо манай улс орны өмнө тулгараад байгаа ээдрээтэй олон асуудлын учгийг тайлахад мөн ч дөхөмтэй болж мэдэх юм даа.

Д.Болдбаатар: Ялагдашгүй монгол ухааны нандин нууц нь байгаль

Харин би удахгүй хэвлэлтэд өгөх гэж байгаа “Монгол ухааны жимээр бэдрэхүй” номондоо энэ талаарх бодлоо нэлээд дэлгэрэнгүй гаргана. Тэгэхээр энэ номыг хэвлэгдэхээр уншигчид тоймтой хариу авах болов уу гэж бодож байна.

-Яг энэ асуудал заримдаа нийгэмд дуулиан тарихуйц томоохон маргааны сэдэл болох нь бий. Энэ талаар . . .?

-Манай хоёр орны харилцаа муу байсан жар далаад оны үзэл суртал лугаа холбоотойгоор зарим хүний сэтгэлзүйд Хятадаас жийрхэх хандлага байдгийг би гадарладаг. Өнгөрсөн жил барууны орнуудаар аялж явахдаа цагаачлалын асуудлыг онцгой анхаарч байхгүй бол тун эвгүй байдал үүсдгийг нүдээрээ харж, анхаарах ёстой юм байна гэдэг сэтгэгдэлтэй буцаж ирсэн л дээ. Энэ асуудал дээр бол манай иргэдийн болгоомжлолыг би ойлгож, дэмжсэн байр суурьтай байдаг.

Аливаа асуудалд хувь хүн өөр өөрийн бодлоо илэрхийлэх нь ардчилсан тогтолцооны нэг давуу тал гарцаагүй мөн. Тухайлбал, би сүүлийн үед Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хараад жирийн иргэний хувьд бахдах сэтгэл төрөөд байгаа шүү. Гуравдагч оронд очоод хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй гар барин уулзаж, дунд нь зогсчихсон байгаа зургийг харахад цагаахан омогшил төрөхгүй байхын аргагүй.

-Танай “Гэгээ” сургууль хоёр улсын боловсролын салбарт 10 гаруй жилийн турш “гүүр” болон ажиллаж байгаа. Тэгвэл саяхан БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр нэлээд олон оюутныг урд хөршид сургахаар боллоо. Үүнийг сайшааж байгаа хүмүүс ч байна, эсрэгээрээ сөрөг хандалагтай хүлээж авч байгаа хэсэг ч байна. Та хэрхэн дүгнэх вэ?

-Айлчлалын талаар нарийн ширийн зүйлийг хэлж чадашгүй нь. Хэвлэл мэдээллийн ажилтан та нарын дамжуулсан мэдээллийн хэмжээнд л ойлгоцтой хоцорсон. Хятадад жил болгон мянган оюутан сургаад, Японд мянган инженер бэлдэнэ гэж л дарга нарын амнаас сонсоход сайхан байгаа биз. Гэхдээ хэлний мэргэжилтэн хүний байр сууриас дарга нарын хийсэн гэрээний дагуу тэнд суралцахаар очих оюутнуудыг үнэхээр их өрөвдөж байна. Учир нь 11 жил эх хэлээрээ суралцсан хятад, япон залуустай тохой нийлүүлэн суугаад тухайн орны хамгийн нарийн, өндөр мэргэжлийг сураад ирнэ гэдэг үнэндээ бүтэшгүй хэрэг. Япон улсад сайн сурах гэж хичээгээд миний нэг танилын хүү нь оюуны сааталтай болоод ирснийг би мэдэх юм. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлээр суралцуулах гэж байгаа оюутнуудаа эхлээд тухайн орны хэлийг тодорхой түвшинд эзэмшүүлэх ёстой. Мэдээжийн хэрэг их дээд сургуулийн сор болсон залуус явж байгаа. Гэтэл тийм залуусын цөөнгүй хэсэг нь Хятадад очоод яагаад пийжүүчин, шоучин болоод ирдэг вэ гэхээр сайн суръя гэхээр нөгөө айхтар хятад, япон соёлын ангал, ханз үсэгний саад бэрхшээл “амаа ангайсан арслан” мэт зам дээр нь тэгнээд хэвтэж байгаа шүү дээ.

Би үүнийг мэргэжлийн хүний хувьд онцгойлон, дахин дахин анхааруулмаар байна.

Гэтэл япон, хятад хэл чинь яаж ч хичээгээд орос, англи хэл шиг санаан зоргоор сурдаг эрдэм биш. Уг нь манай "Гэгээ" коллеж хятад хэлийг нэн хялбар сурах арга нээгээд, амьдралд хэрэгжүүлээд бараг арваад жил болчихлоо. Холбогдох ном сурах бичгийг ч гаргачихсан. Даанч үүнийг хариуцсан дарга нарт ойлгуулж, хамтран ажиллах гэдэг нь хад нэвтлэхээс амаргүй асуудал байх юм даа. Япон руу явах гэж байгаа инженерүүдийг ч уг нь тийм аргаар сургах бүрэн боломжтой юм. Хэрвээ сэтгэлийн хөөрлөөр хэлний бэлтгэлгүй баахан хүн явуулчих юм бол хэдэн жилийн дараа үр дүн муутай дахиад л далан таван сая долларыг салхинд хийсгээд хэн ч хариуцлага хүлээхгүй хоцорч мэдэх юм шүү.

Би үүнийг мэргэжлийн хүний хувьд онцгойлон, дахин дахин анхааруулмаар байна.