m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:11
67
Г.Баярсайхан: О.Баасанхүү бол бага л алхана даа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийг талцуулахаас гадна, багагүй хөгжөөгөөд авсан юм. Тамхины хяналтын тухай хуульд заасан сургууль, цэцэрлэгээс 500 метрийн дотор тамхи татахыг хориглосон заалтыг өөрчилж, 500 алхам гэж өөрчлөхөөр оруулж ирсэн нь маргаан гэхээсээ илүү гишүүдийн инээдийг барав. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт “Алхам гэж оруулах нь ойлгомжгүй байна. Маргаан дагуулна” гэхэд, тус хуулийг дэмжигч УИХ-ын гишүүн, Г.Баярсайхан “Хүн бүр өөр өөр хэмжээтэй алхана. О.Баасанхүү гишүүн бол бага л алхана даа” гэв. Түүнчлэн “Алхам гэж оруулах нь дэлхий нийтийн шившиг болно. Метр, сантиметр гээд олон улсын хэллэг, хэмжээ байна. Тийм учраас энэ хэмжээгээрээ тооцох ёстой. Хуульд сургууль, цэцэрлэгээс 500 метрийн дотор тамхи хэрэглэхийг хориглосон. Энэ нь нэг их буруудсан зүйл байгаагүй” гэсэн юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Тамхи татах хязгаарлалтын зайг О.Баасанхүүгийн алхаагаар тооцья. О.Баасанхүүгийн алхаагаар 250 метр гэж тогтоож болно шүү” гэсэн нь мөн л гишүүдийг инээлгээд авна лээ. Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр сүүлийн хоёр жилд тамхины импорт 25 хувиар буурсан сайн үзүүлэлт гарсан байна.