m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 03:24
110
Монголын долоон боксчин өнөөдөр тулалдана

Азийн наадмын чөлөөт, жүдо, буудлагын тэмцээн өндөрлөж, гол найдвар бокс болоод байна. Өнөөдөр гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй манай долоон боксчин рингэнд гарах бөгөөд эндээс манай багийн амжилт ихээхэн хамаарах учиртай. Эмэгтэй боксчин М.Нандинцэцэг мөнгийн төлөө, бусад нь хүрэл медалийн төлөө нударга зөрүүлэх юм.

Хамгийн түрүүнд рингэнд гарах боксчин бол эмэгтэйчүүдийн 51 кг-д хүч сорьж буй М.Нандинцэцэг. Манай хүн эхний хоёр даваанд Непал, Шри Ланкийн өрсөлдөгчдөө ялж, хүрэл медалийн болзол хангаад буй. Түүний өрсөлдөгч Казахстаны Ж.Шекербекова 1989 онд төрсөн бөгөөд Гуанжуогийн Азийн наадамд есдүгээр байр эзэлж байж. Өмнөх даваанд Япон, Ардчилсан Солонгосын учраагаа 3:0-ээр ялсан гэж бодохоор амаргүй өрсөлдөгч байж таарна. Манай хүний хувьд тивийн аваргаас мөнгөн медаль авч байсан, ДАШТ-д оролцоод үзчихсэн, туршлага, ур чадварын хувьд хэнээс ч дутахгүй болохоор үзээд л гарах хэрэгтэй. Тоглолт Улаанбаатарын цагаар 13.00-д эхлэх юм.

Өнөөдөр гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй манай долоон боксчин рингэнд гарах бөгөөд эндээс манай багийн амжилт ихээхэн хамаарах юм

Гавьяат Н.Төгсцогтын хувьд Нандинцэцэгээс таван тоглолтын дараа рингэнд гарч, эзэн орны залуу боксчин Хам Сан Мёнтой тулах хуваарьтай. Түүний өрсөлдөгч нь 2011 онд өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан амжилттай, манай хүнээс гурав дүү юм. Шүүгч илт луйвардахгүй л бол ялалт Төгсцогтын талд ирэх биз ээ.

Дараа нь манай хашир туршлагатай тамирчин, өдгөө 39 настай Б.Энхбаяр +91 кг-д хүрэл медалийн төлөө Казахстаны Иван Дичкотой тулалдах аж. Түүний өрсөлдөгч нь олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгө, тивийн аваргын алтан медальтай жингийнхээ шилдэг тамирчдын нэг юм. Одоогоор дэлхийн чансааны 2-т бичигдэж байгаа аж. Манай Энхбаярын хувьд 1998 онд Бангкокийн Азийн наадмаас 71 кг-д хүрэл медаль хүртэж байв.

Өдөр тоглох тамирчдын хуваарь ийм байна. Харин 18.00 цагаас эхлэх оройн ээлжинд манай дөрвөн хүн тоглоно. 49 кг-д Тайландын хүчтэй өрсөлдөгчөө 3:0-ээр ялж, шөвгийн наймд үлдээд буй Г.Ган-Эрдэнэ Кыргызстаны Турат Осмоновтой хүрлийн төлөө тоглох оноолт гарчээ. Энэ боксчин манай хүнтэй адил 21 настай бөгөөд өнгөрсөн жил тив, дэлхийн АШТ-д оролцсон ч медаль хүртэж чадаагүй байна. Ер нь боломжийн учраа гэж болно.

Энэ жил дэлхийн аварга Э.Лопес тэргүүтэй өрсөлдөгчдөө ялж, Армийн дэлхийн аварга болсон залуу тамирчин Б.Чинзориг Японы М.Кавачитай дараа нь тоглох учиртай. Өрсөлдөгч нь 2007 онд Чикагогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн 29 настай нэгэн юм. Мөн 2009 онд тивийн аваргаас хүрэл авч байжээ. ДАШТ-ий медальтай гэхээр эвгүй өрсөлдөгч байх нь тодорхой. Гэхдээ гавьяат У.Мөнх-Эрдэнэтэй бэлтгэл хийж, ур чадвараас нь суралцаж буй Чинзоригийн хувьд хэнийг ч ялах боломжтой.

Үүнээс гурван тулааны дараа Н.Шинэбаяр 75 кг-д хүрэл авахын төлөө Филиппиний В.Лоренцотой нударга зөрүүлэх болно. Энэ тамирчин 29 настай, Азийн аварга болон Азийн наадамд медалийн төлөө тулалдаад ялагдаж байж. Харин өнгөрсөн жил Зүүн Өмнөд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. Шинэбаярын хувьд олон жил сайн тоглож байгаа ч тивийн хэмжээний тэмцээнээс медаль авч амжаагүй л явна. Харин энэ жил дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх боломж байна.

Өнөөдөр рингэнд гарах манай сүүлийн хүн бол 91 кг-ын Д.Отгонбаяр. Тэрбээр нэг үе жиндээ №1 байж, улсын шигшээд багтаж байсныг боксын хүрээнийхэн мэднэ. 2005 онд 69 кг-д тоглон тивийн аваргаас хүрэл медальтай ирж байв. Харин сүүлийн жилүүдэд Америкт амьдарч байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сард эх орондоо ирсэн билээ. Түүний өрсөлдөгч Ираны Али Мазахери бол Азийн наадам болон Азийн АШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн, хоёр олимпод оролцоод үзчихсэн эвгүй нэгэн байна.

Одоогоор дээрх долоон боксчин Монголын багийн найдвар болоод буй. Өчигдөр бидний итгэл хүлээлгэж байсан Б.Түвшинбат медалийн төлөөх тулаанд 2013 оны дэлхийн аварга Казахстаны Д.Елусиновт ялагдсан нь харамсалтай. Уг нь манай хүн дэлхийн аваргын эсрэг дайчин, зоримог тоглож, гурван үеийн турш урагш довтолсон. Гэвч хажуугийн шүүгчид санал нэгтэйгээр зальтай казах боксчинд ялалтыг өгсөн юм.

фотог Э.Харцага, Ч.Ганбат (MSPU)