m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:43
54
Хөгжлийн банк 611 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас 12 бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад байгаа аж. Тодруулбал, аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох Засгийн газрын зорилтын хүрээнд "Орон нутгийн авто зам" төсөлд нийт 309.9 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээс 151.4 сая ам.долларын санхүүжилтийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргажээ. Үлдэгдэл хөрөнгийг Чингис бондоос төлөх аж.

Нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах үүднээс "Нийслэлийн авто зам" төсөл 17 хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс Хөгжлийн банк 51.8 сая  долларын санхүүжилтээр 15 авто замын барилгын ажлыг хэрэгжүүлээд байгаа гэнэ. Ажлын гүйцэтгэл 93 хувьтай.

"Төрийн банкаар олгох зургаан хувийн моргейж" Иргэдийг бага хүүтэй урт хугацааны зээлд хамруулахад зориулж, Төрийн банкинд 80 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тус хөрөнгөөр нийт 1868 харилцагч зээл авсан байна.

"ТЭЦ-4" цахилгаан станцын хүчин чадлыг 100МВт-аар нэмэгдүүлэх санхүүжилтэд зориулж, 70 сая ам.долларын төсвийг Засгийн газар баталжээ. Турбины үйлдвэрлэл, газар шорооны ажил, ТЭЗҮ болон зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд 44.1 сая долларын санхүүжилтийг Хөгжлийн банк олгосон байна. Төлөвлөгөөгөөр төслийн ажил энэ оны 11 дүгээр сард дуусах аж.

"Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан"-д төрөөс нийт 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталснаас 48.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк 10 арилжааны банкаар дамжуулан хөнгөн болон хүнсний үйлдвэр, газар тариалан, барилга, мал аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарын 143 жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгожээ. Үлдэгдэл хөрөнгийг хоёрдугаар сард багтаан олгох аж.

Багануурын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр шинэ тоног төхөөрөмжүүд өгчээ. Хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлж, 10 хувиар борлуулалтыг нэмсэн байна. Мөн нүүрс бутлан ачих байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийж, энэ оны  нэгдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан бөгөөд ингэснээр хүчин чадлыг 600 тоннд хүргэсэн байна.

Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлын судалгааны шат нь дуусахад ойртжээ. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулах төлбөрийн нийт 9.2 тэрбум төгрөгийг Засгийн газар баталсан. Хөгжлийн банкнаас 4.2 тэрбум төгрөг олгожээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ний эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилгоор 200 сая ам.долларын зээлийг мөн олгосон байна.

Яармагийн орон сууцны хорооллын санхүүжилтэд зориулж 20 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаас гараад байна. Одоогийн байдлаар барилга угсралтын ажил 40 орчим хувьтай явагдаж буй аж.

Хөтөл Цемент шохойн үйлдвэрийн өргөтгөлд гэрээ ёсоор 61 сая доллар оруулжээ. Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сэя тоннд хүргэн өргөтгөх, төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар тоног төхөөрөмжийн угсралтын ажил явагдаж байна.

Хэрэгжүүлж буй нийт төсөлд Хөгжлийн банк 611 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.