m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 07:18
75
Төгсцогт Азийн наадмын шүүлтийн үнэн дүр төрхийг илчиллээ

Бокс бол шүүгчийн нөлөө ихтэй, барьцгүй спорт гэдгийг бид сайн мэддэг болсон. Хэдий тийм ч сайн тамирчид өрсөлдөгчөө шүүгчтэй нь хамт ялаад, медаль авч, аваргалдаг билээ. Дөнгөж сая гавьяат тамирчин Н.Төгсцогт Азийн наадмын медалийн төлөө эзэн орны боксчинтой яг ингэж тоглолоо. Нутгийн тамирчныг илт давуу ялахгүй л бол луйвардуулна гэдгээ Төгсцогт мэдэж байсан. Ингээд рингэн дээр учраагаа жинхэнэ утгаар нь зодов. Өрсөлдөгч нь харанхуй савж дайрдаг л нөхөр юм. Харин манай Төгсөө боксын техникийг харуулж, цохилтоос нь зайлж бултаад хариу цохилтуудаа даацтай болгож байв. Ялангуяа гуравдугаар үед хамаагүй илүү тоглосон. Ингээд шүүгч ялалтыг зарлахад гурван үед зодуулсан хангүг банди хожсон болж таарах нь тэр. Солонгосчууд тамирчны ялалтыг луйвардаж чаддаг юм байна гэдгийг энэ тулаан нотлон харууллаа. 1988 оны Сөүлийн олимпийн финалд Америкийн алдарт Рой Жонс Солонгосын Пак Си Хуныг бүтэн тоглолтын турш балбасан хэрнээ ялагдсан түүх бий. Тухайн үед хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан солонгос эр гарыг нь өргөхөд өөрөө ч гайхаж байсан билээ. Рой Жонсын ялалтыг ингэж луйвардсан улс манай Төгсөөгийн ялалтыг хулгайлахаа юман чинээ тоохгүй биз ээ.

Төгсөө маань харамсалтай ялагдсан ч Монголын боксчдын алтын төлөөх тэмцэл дуусаагүй байна. Одоо үлдсэн хэд маань үзүүлээд өгөх хэрэгтэй. Боксчиддоо амжилт хүсье.