m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 08:50
174
Шинжээчийн эхний дүгнэлтээр гал цахилгаанаас үүдэлтэй байж болзошгүй гэв

"Шангрила" зочид буудлын барилгад 12.40 цагийн орчимд гал гарч Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галыг унтраахаар ажиллалаа. Гал уг барилгын долдугаар давхрын хойд жигүүрээс эхэлж гарсан бөгөөд дулаалгад ашигласан хөөсөнцрөөр дамжин богино хугацаанд барилгын хойд жигүүр бүхэлдээ шатсан юм. Галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын зургаан автомашин 40 гал сөнөөгч ажиллаж, галыг бүрэн унтраалаа.

Нийтдээ 23 давхар бүхий энэхүү барилгын захиалагч нь “MCS” групп бөгөөд уг барилгын төсөвт өртөг 500 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. 

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдорж

-Гал гарсан шалтгаан нь юу байсан бэ?

-Шинжээчдийн эхний дүгнэлтээр гал цахилгаанаас болж үүссэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Эцсийн дүгнэлтийг шинжээчид тодруулах байх.

-Эцсийн дүгнэлт хэд хоногийн дотор гарах вэ?

-Эцсийн дүгнэлт ажлын тав хоногт гарна.

-Гал хэдэн давхраас эхэлж гарсан бэ?

-Гал анх долоон давхраас эхэлсэн. 

-Дээвэр дээр ажиллаж байсан хүмүүсийг гаргаж амжсан уу?

-Нийслэлийн аврах ангийн эрэн хайх салбарын бие бүрэлдэхүүн ажиллаж дээврийн хэсэг дээр ажиллаж байсан 23 хүнийг амь насыг нь аварч, буулгах үйл ажиллагааг түргэн шуурхай хийж гүйцэтгэлээ. Галын тархалтыг иж бүрэн унтраачихсан шалгах үйл ажиллагаа явагдаж байна.

-Улаанбаатар хотын хувьд өндөр барилга гал гарсан тохиолдолд гал унтраах боломжгүй, усны даралт хүрэхгүй байгаа нь харагдлаа шүү дээ?

-Уг барилга маань 80 хувийн гүйцэтгэлтэй 12 сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байсан юм байна. Улсын комисс ажиллахаас өмнө гедрантын асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой байдаг. Гэтэл дотор тавилга, хивс дрожоо тавьчихсан байж. Үүнийг манай байцаагч нар ирж шалгана. Манайд дээд тал нь 12 давхар хүртэлх барилгад үүрэг гүйцэтгэх боломжтой шат байдаг. Үүнээс дээш давхар барилгад бид хүний хүчээр л үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод өндөр барилгууд баригдаж байгаа учраас аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулах ёстой гэдгийг удирдлагуудад уламжилж байгаа. 

Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатар

-Барилгын дотор гал гарсан уу?

-Барилгын дотор хэсэгт гал гараагүй. Зөвхөн долоон давхрын нэг өрөө шатсан. Харин гадна талын дулаалгын резинэн материалаар дамжин дээврийн хэсэг болон хажуу талын пассадны хэсгээр гал гарч шатлаа.

-Галд хүн өртөж гэмтсэн үү?

-Галд хүн өртөж гэмтсэн зүйл байхгүй. Гал гарсан барилгын орчимд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хамгаалалтад гарч ажиллалаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү

Гал гарсан "Шангрила" барилгын орчмыг бүрэн хамгаалалтад авч ажиллаж байна. Барилга дээр ажиллаж байсан ажилтнуудыг аюулгүй гаргасан. Хэв журмын хамгаалалтын ажил хэвийн явагдаж байна. Гал бүрэн унтарсаны дараа цагдаагийн байгууллага, прокурор, шүүх шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд хамтран хэргийн газарт үзлэг шалгалтын ажиллагааг явуулна.