m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:54
111
Д.Ган-Очир. Би амьдралд болон хүн чанарт аль эрт шалгалт өгсөн хүн

“Баялаг  бүтээгч” булангийнхаа энэ удаагийн зочноор дуучин Т.Ариунаа, Д.Болд, “Номинталст”, “Камертон” хамтлагийн үе үеийн хит дуунуудын шүлгийг бичсэн яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очирыг урилаа. Түүний оюуны бүтээл залууст ус агаар мэт хэрэг болж бас соёл урлагийн салбарт баялаг бүтээсээр ирсэн юм.

 -Та сэтгүүлч юм билээ. Яруу найраг, дуу хуурын үг хэзээнээс бичиж эхлэв?

-Анхны гэдэг ойлголт нь хүүхэд наснаас эхэлдэг. Миний эмээ ахмад дайчин Б.Гүнсэн гэж хүн байсан. Эмээтэйгээ өссөн хүн л дээ би. Би эмээтэйгээ анхны дууг сонсож байлаа. “Магнаг үсэгтэй туг” гээд л гайхалтай сайхан дуулдаг байлаа, эмээ минь. Тэр дуу  одоо ч миний чихэнд сонсогддог. Эмээгийнхээ дууг сонсоод энэ дуу гэж чухам юу юм гэдэг талаар анхны ойлголттой болж байлаа.

-Таны анхны уран бүтээл?

-Дорнод аймгийн Чойбалсан хотын  нэгдүгээр арван жилд  сурч байхад“Олимпизм” гэдэг хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм. Тэр үед үлээвэр найрал хөгжим  гэдэг  зүйл анх бий болж байлаа. Таванцэрэг гэдэг хүн багшаар ирж байлаа. Тэр хүн надтай анх уулзаад “Чи энэ сургуулиас хөөрхөн шүлэг бичдэг юм шиг байна лээ. Энэ олимпизмийн тухай шүлэг бичээд өг” гэсэн. “Багшаа юу байдаг юм бэ” гэж асуухад биеийн тамирын багш нараасаа асуу гэсэн. Манай авга эгч биеийн тамирын багш хүн байсан. Эгчээсээ спортын ойлголттой болоод “Таван цагираг” дууны шүлэг бичиж байлаа. Тэгээд дууны шүлэг бичсэн гээд Хуан Антонио Самаранчын гарын үсэгтэй  диплом авч байлаа. Анх энэ бүтээлээс л эхлэн дууны үг бичих хүсэл эрмэлзлэлтэй болсон доо. Тийм том хүний гарын үсэгтэй диплом авна гэдэг сайхан хэрэг.

-Урам авсны дараа та ямар бүтээл туурвисан бэ?

-1993 онд Дорнод аймгийн Багшийн коллежийн дэргэд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдаж байсан юм. Тэр үед миний дотны найзууд нийлж “Нөхөд” гэж хамтлаг байгуулсан юм. Нөхөд хамтлагт зориулж “Хайртай чамайгаа оллоо”, “Морин хуур” гэдэг дууны шүлэг бичиж байлаа. Анх “Ажилчдын соёлын ордон”-д “Нөхөд” хамтлаг тоглолтоо хийхэд миний зохиосон дуунууд эгшиглэсэн. Анх Ган-Очирын шүлэг гэж хэлж байхад бүх биений шар үс босоод “Энэ чинь би шүү дээ” гэх омогшил төрч байлаа.

-Оюутны ширээнээс Болор цом яруу найргийн наадамд орж байсан тэр мөчөөсөө хуваалцахгүй юу?

- Би 1994 онд анх удаа “Болор цом” наадамд орсон. Тэр үед “Болор цом”-д нууц нэрээр ордог байлаа. Чойбалсан хотын төвийг хуучин Баянтүмэн гэж нэрлэдэг байв. Тэр нэрээр өөрийгөө нэрлэж шүлгээ явуулж билээ. Гэтэл тэр нэрээр “Ардын эрх” сонины дугаарт “Болор цом”-д дараах хүмүүс үлдлээ гэхэд миний нэр цохиж явсан. Тэгээд анхны “Болор цом” яруу найргийн тэмцээнд оролцоод дөрөвдүгээр байранд орсон. Анх удаа шагнал аваад хөл салглаад, чих шуугиад, телевизээр гараад түүнийг эмээ минь үзэж уйлаад, аав ээж хоёр минь баярын цахилгаан утас явуулж байлаа.

Түүний зохиож байсан шүлгүүдийн ноорог

-Хүнд байгаа ямар нэг авьяас уламжлагддаг. Танай удамд шүлэг бичдэг хүн байсан уу?

-Би тэрийг сайн мэдэхгүй юм байна. Манай өвөг дээдэс минь лам хүн байсан. Өвөө маань бичгийн их соёлтой хүн байсан. Аав, ээж хоёр маань дээд боловсролтой сэхээтэн хүмүүс байсан л даа. Бичгийн соёл өндөртэй, найруулга зүйн чадвартай хүмүүс. Аав маань маш их хөгжим сонсдог. Энэ хүмүүсийн урлаг соёлын мэдрэмж нь надад нөлөөлсөн юм болов уу гэж боддог.

-Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай Сайн шүлгийг бурхан хэлж өгдөг гэж нэг удаа хэлж байсныг санаж байна?

-Лхагвасүрэн гуай энэ үгийг их айхтар утгаар хэлсэн байна. Ямар сэжмээр орж ирээд бичдэгийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ надад нэг зүйл байдаг. Уран бүтээл бичих, шүлэг бичих, урлагтай ойр байх миний зүрх сэтгэлд нэг тийм шүншиг байдаг. Тэр байдаг учраас бүтээл туурвидаг болов уу.

-Дотоод хүнтэйгээ хэр сайн ярьдаг вэ?

-Маш сайн ярьдаг. Тэр хүнээсээ асуудаг. Дотор хүн чихэнд, зүрхэнд биш сэтгэлд хэлж өгдөг. Өөрөөсөө асуух зүйл маш олон байдаг. Миний зөн мэдрэмж юуг хэлж байна вэ гэдгийг сонсдог.

-Та маш их номын цуглуулгатай юм байна?

-Дунд сургуульд арван жил сураад, дөрвөн жил сурч их дээд сургууль төгслөө. Амьдралын их сургуульд ороод аав, ээжээс гадна миний цуглуулсан ном их түшиг болсон. Ирээдүйд асуух шаардлага гарах учраас ном цуглуулдаг. Түүнээс  бүгдийг нь уншаад гэгээрэхийн тулд биш. Энэ ном надад ирээдүйд тулгарах асуудалд хариулт өгч чадах магадлалтай гэдэг утгаар нь ном цуглуулдаг.

-Ном гэж таны ойлголтоор юу вэ?

-Маш авсаархан боловч дэлхий ертөнцийг багтааж чадах хүч чадал номонд байдаг. Ном бол маргаашнаас эхлээд түүх эхэлдэг. Өнөөдрийн цахим ертөнц, цахим салбарт тийм ч таатай байдаггүй. Ном бол хамгийн том бодит түүх. Хүн дэлхийд ирэхдээ мод тарих, үр хүүхдээ үлдээх, ном бичих гэж ирдэг. Энэ бол миний амьдралын салшгүй гурван чиг үүрэг гэж ойлгож болно.

-Сайн уран бүтээлч гэж хэнийг хэлээд байна вэ. Хэдэн жилийн цуглуулга вэ?

-Урлагт хайртайгаасаа өмнө хүн чанартай байх. Урлагийнхаа мөн чанарыг танихын тулд насан туршдаа суралцдаг. Сайн уран бүтээлч гэдгээ өөрөө дүгнэж чадахгүй. Цаг хугацаа л энэ бүхнийг харуулна.

-Та сайхан аялгуунд уярч, сэтгэлдээ дуулж дууны шүлгээ бичдэг байх. Та хэр дуулдаг вэ?

-Намайг дуулвал хүн тарна шүү. Үнэхээр солгой хоолойтой. Дуулж үзье гэж оролдож ч байгаагүй дотор хүн минь битгий дуулаа гээд л хэлчихсэн. Эсвэл дуулвал манай ямаа ингэж бархирч байгаад үхсэн гэж л хүн хэлэх байх даа. Гэхдээ миний аав, ээж хоёр их сайхан дуулдаг. Аав минь гитар тоглодог байлаа.

-Дурласан сэтгэлээ илчлэх гэж эр хүн болгон шүлэг бичдэг байх тийм үү?

-Миний шүлгийн зууны 98 хувь нь дурлалын шүлэг. Өдгөөг хүртэл эх орны тухай шүлэг бичиж чадаагүй л байна.

-Хайр, дурлал гэдэг үгийн ялгаа юунд оршдог юм бэ?

-Хамгийн том ялгаатай хоёр ойлголт шүү дээ. Андуураад холбож ойлгоод байдаг. Дурлах бол нэг секундийн л асуудал. Нэг сайхан хүүхэн хараад сэтгэлд зурвасхан бодогдох энэ бол дурлал. Харин тэр дурласан сэтгэлээ  барьж аваад уулзаад, хайрлаад энхрийлээд эхэлвэл энэ бол хайр. Дурлалын өмнө бас алхмууд байдаг. Харна-шохоорхол-дурлал-хайр-мөнх амьдрал ийм шатуудыг дамжина.

-Ханийнхаа тухай ярихгүй юу та?

 -Эхнэртээ 15 настай байхад нь анх дурлаж байлаа. Тэр мөчөөс хойш хоёулаа жаргал зовлонгоо хуваалцаад сайхан амьдарч байна. Дуу шүлэг бичиж эхэлсэн, эхнэртэйгээ учирсан цаг хугацаа хоёр яг жацуу явж байна. Хайр дурлал үнэнч байж чаддаг гэдгээ бүх хүнд харуулмаар санагддаг. Болдын “Захиа” гэдэг дууны “Чиний нэг голоод байдаг арав дугаар сарын хар цагаан зураг” гэдэг чинь энэ байхгүй юу. Хүн болгонд энэ зургаа харуулахыг хүсдэг. Хүн олон дурлаж болох ч  нэг л удаа хайрлах хэрэгтэй.

 

 -Залуучууд хэтэрхий хурдан салж нийлээд байх шиг санагдах юм?

-Өөртөө итгэхгүй бусдад итгэж байна. Тэгээд хоёр талын ашиг сонирхол нь тэс өөр. Хайр дурлалаар суухгүй байна. Тэгсэн мөртлөө түүнийгээ бидний орд таараагүй, жил харш юм байна лээ тийм сонин юм яриад байдаг юм. Энэ бол харанхуй хүний шинж. Эсвэл баян айлд хүргэн, бэр орох тухай л бодоцгоож байна. Эхнэр бид хоёр нэг нэг чемодантай л амьдралаа эхэлсэн.

-Хүн болгон амьдралдаа их бага гавьяа байгуулах учиртай. Таны гавьяа юу вэ?

-Миний зохиосон дуунуудыг үе үеийн залуучууд сонсож байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд миний дууг сонслоо хүмүүжлээ гэж ойлгодог. Хүмүүстэй уулзаад ярихад би энэ дууг зохиосон юм шүү дээ гэхэд миний дуунууд тэр хүмүүсийн баяр жаргалтай мөчүүдийг хуваалцсан байдаг. Энэ л миний гавьяа. Түүнээс биш одон тэмдэг  бол өөр зүйл. Би энэ талаар  бодолгүй 20 жил өнгөрсөн байна.

Хийх ажлын төлөвлөгөө

-Хүмүүс зөвхөн дуучдаа л таньдаг. Чухам тэр дууг бүтээсэн хүмүүсийг бараг мэдэхгүй байх тохиолдол маш элбэг байна?

-Дуучдын хүн чанартай холбоотой юм шүү дээ. Дуучид нь өөрсдийгөө зарлах биш энэ чинь тэр хүний ая, шүлэг гээд хэлчих боловсролтой хүн алга. Хэрвээ тэр хүмүүсийг зарлавал тэр дуу нэг бүтэн болно биз дээ. Хамаагүй авч дуулна. Зохиогчийн эрх гэдэг зүйл огт байхгүй. Асуухгүй хувилж дуулна. Оюуны дээрэм бол дэндүү газар авсан байна манайд. Төр засаг уг нь энэ асуудлыг шийдэх ёстой юм л даа. Дууны шүлгийг минь аваад дуулсан хүмүүс тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой биз дээ. Гэтэл тийм зүйл байхгүй шүү дээ. Хүмүүс мөнгө олохын хэрээр их өндөр хэрэглээтэй болж байна.

-Таныг яриад байгаа зүйлийг хотжилт, хэт төлөвлөрлттэй холбож ойлгож болох юм. Хотжилтыг юу гэж ойлгодог вэ?

-Хүссэн хүсээгүй хотжилт байх л болно. Хэрвээ хотоос зугтмаар санагдвал нутаг руугаа очоод хэд хоночихдог. Дорнодын талдаа очоод ах дүү, найз нөхдөөрөө орж сайхан гурилтай шөлөө идээд  амардаг. Хэрлэнгийн бургас, Хан-Уул овоон дээр гарчихна. Энэ эрх чөлөөг би өөртөө нээсэн. Ямар ч ажилтай байсан хаяад л салхинд гарчихаад ирдэг.

-Таны амьдралын хамгийн чухал зүйл юу вэ?

-Үр хүүхдээ хараад, гэр орондоо ямар ч зүйлээр дутагдахгүй инээж суух, аав ээж минь манайд ирээд тэдэндээ үнсүүлээд сэтгэл дүүрэн амьдарна гэдэг л хамгийн чухал зүйл минь болов уу даа.

 -Яруу найрагчдыг архи уудаг хүмүүс л гэж нийгэм ойлгоод байдаг. Та сархад хүртдэг үү?

-Гомдсондоо архи уудаг үе бий. Яруу найрагчдыг цаг тухайд нь үнэлээгүйд гомддог юм. Тэр хүмүүсийн сэтгэлийг ойлгодоггүй. Яруу найраг энэ бол тусдаа маш сайхан ертөнц. Тэр хүмүүсийн сэтгэл рүү нь дандаа ус цацдаг, амьдрал, ар гэр олон шалтгаан бий л дээ. Хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсдээ Монголын төр насан туршийнх нь цалин өгчих хэрэгтэй. Яруу найрагч гэдэг бол энэ Монгол хэлний оргил дээр суудаг хүмүүс шүү дээ. Яруу найраг хэдийн чинээ тансаг байна тэр улсын хэл соёл төдий чинээ бат бөх байна гэсэн үг.

-Монгол хүний алдаа гэвэл та юуг хэлэх вэ?

-Өөрөөсөө илүү хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэгсэн мөртлөө дэндүү их хартай. Бие биенийгээ хардах сэтгэлгээ маш их байна. Залуучууд ялангуяа эхлээд биеэ тоохыг нь сурчих юм. Би амьдралдаа гурван удаа шүүгч хийж үзсэн л дээ. Намайг нэгийн даваанд хасчихлаа гэж залуучууд хэлдэг. “Чи бусдаас долоон дор байсан гэдгээ харахгүй  байгаа бол чи яруу найрагч” биш гэж хэлдэг. Яруу найраг өөрөө их хатуу хуультай. Нэг хүнийг гаргаж цаг хугацаанд үлдээхийн тулд мянган хүнийг золиослодог.

-Залуу хойч үедээ өөрийн сурсан мэдсэнээс хэр их зүйлийг зааж байна?

-Цөөхөн шавьтай. Нэг шавь маань гадаад сургуульд явчихлаа. Хөгшрөх болоогүй байна. Гэхдээ залуучуудад хэлэх үгтэй байх хэрэгтэй. Нэг их олон зүйл яриад байдаггүй. Хамгийн гол нь хүн чанартай байх хэрэгтэй. Одоогийн залуучууд хүн чанаргүй болоод байна. Хүн чанартай байна гэдэг хамгийн чухал зүйл. Хэлсэн үгэндээ эзэн болох, ахас дээдсээ хүндлэх ёсыг л мартаад байх шиг санагддаг юм. Аугаа яруу найрагч, дуучин, од болохоосоо хүн чанартай л болох хэрэгтэй. Хүний юмыг авсан бол буцааж өгдөг байх хэрэгтэй. Залуучууд хурдхан од болох, тайзан дээр гарах, төрийн шагнал авахаа л бодож байна. Харин ийм хүмүүс амархан унадаг юм. Харин хүн чанартай улсууд гавъяа шагналгүй ч гэсэн нэр хүнд нь үлддэг юм шүү.

-Амьдралд хэр алдаж байв даа?

-Залуу насны онгирч явсан алдаа оноо надад бий. Архи ууж байсан, онгирч байсан. Гэхдээ тэр үед би архи болоод хүн чанарт том шалгалт өгсөн. Одоо бол амьдралд алдаж онох нь гайгүй болов уу гэж боддог. Олон хүнд сэтгэлээрэ тус болж явсан. Өөрийгөө хүн чанартай гэж боддог. Тэрийг цөөхөн биш олон хүн хэлэх болов уу гэж ойлгодог. Хүн чанарынхаа шалгалтыг өгсөн гэж боддог шүү. Амьдрал бол үргэлж шалгалт авч байдаг гэдгийг л мартаж болохгүй. Мөрөөдөл хүртэл хүнээс шалгалт авч л байдаг. Мөрөөдөлдөө хүрсэний дараа би энэ зорилгодоо ямар замаар хүрэв. Хүн хулхидаж хүрэв үү, хүн чанартай явсаар байгаад хүрсэн үү үүнд л утга учир байна даа.

-Таны хамгийн том мөрөөдөл тань юу вэ?

-Аав ээж хоёр минь намайг бага байхад яаж эрхлүүлж өсгөсөн яг түүн шиг эцэг эхийгээ эрхлүүлье л гэж боддог. Нас өндөр гарчихлаа даа аав, ээж минь. Ямар нэг зүйлээр дутаахгүй баярлуулж явахыг л хичээж явдаг. Хуурай сүү биш үхрийн  сүү аваад очихыг хичээдэг. Тэр л надад хамгийн чухал байна.

Түүний өвөөгийн судрын баринтаг дотроос гарч ирсэн сонины хайчилбар

-Сүүлийн үеийн дууг сонсоод та ямар дүгнэлт хийдэг вэ?

-Сонсож байна. Арчаагүй зүйл сонсож байна хүмүүс. Надаас хойш энэ дууны шүлэг байхгүй болчихсон юм байна гэж би боддог. Нусаа хацартаа нааж байна шүү дээ. Бүгд эрлийзжсэн англи, барууны дууны орчуулга шиг болчихсон байна.

-Та сэтгүүлзүйн салбарт хийж байгаа бүтээл байна уу?

-Сэтгүүлзүйн талаар юу ч бичихгүй. Би  2002 онд энэ салбарыг орхисон. Нэг хэсэг “Өдрийн сонин”-д ажилладаг байсан. Хэцүү ажил юм бодох чөлөө олгодоггүй. Өдөр тутмын явдлын төлөө хөөцөлдсөөр байгаад л дуусдаг. Үнэн юм бичнэ. Тэгээд л бөөн хэрүүл, дайсантай болно. Үнэний талд хэзээ ч байдаггүй. Хэд хэдэн удаа шүүхэд дуудагдаж байлаа. Чөлөөтэй гээд байгаа боловч чөдөрлөгдчихсөн байна. Улс төр нь бохир, нэг намын ноёрхолтой учраас хэзээ ч ялахгүй гэдгээ ойлгосон.

Болор цом яруу найргийн наадам ямар түвшинд болж байна вэ. Та бодлоо хуваалцахгүй юу?

Миний орж байсан тэр цаг үе, одоо үе хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Улам л сулраад байна. Настангууд маань цөөрч байна. Бидний үе ирж байгаа боловч улам л сулраад л. Зохион байгуулалт, нэр хүндийн асуудал маш их байна. Болор цом бол оюуны тэмцээн биш наадам гэдгийг л ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө 1997 оноос бүр уналтад орсон гэж хэлж болно. Нутаг ус, жалга дов, мөнгө төгрөг ороод болор цом булингартай цом болсон. 2001 онд нэг орсон. Би Болор цомд орвол байр эзлэх нь чухал биш амьд байна гэдгээ мэдрүүлэх нь хамгийн чухал.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье