m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 08:46
27
Н.Батцэрэг: Ерөнхий сайд намайг урьж ярилцах байх гэж хүлээж байна

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагааны дараа намын бүлгүүд хуралдсан. Тэгвэл  МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв. 

“Шударга ёс эвсэл”-ийн бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаараа бүлгийн дотоод асуудлаа ярилцсан байна. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш өргөн баригдсан хууль, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын сайд нарын хариуцаж байгаа ажил ямар байгаа талаар хэлэлцэж, санал солилцжээ. Мөн тус бүлгийн гишүүдийн өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг одоо хүртэл хэлэлцэхгүй байгаа талаар ярилцсан байна. Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Боловсролын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хуулийг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцсон байна.

Пүрэв гаригт болох УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар "Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Ерөнхий сайд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаарх асуудлаа УИХ-д албан ёсоор өргөн бариагүй байна. Тийм учраас ямар өөрчлөлт хийгдэх талаар мэдээлэлгүй байгаа. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг одоо хэлэлцэнэ. Уг нь бол хоёр өөр асуудал. Бүтцийн асуудал нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудалтай ямар нэгэн байдлаар хамаарвал нэг асуудал болгоод хэлэлцэхэд буруудах зүйлгүй. Бүтцийн өөрчлөлт хийхэд бодлогын анализ хийх ёстой. Иймээс хамтран засаг барьж байгаагийн хувьд бүгдээрээ зөвлөлдөж, ярилцсаны дараа тогтоолын төслөө өргөн барина гэдгийг Ерөнхий сайдтай ярьсан. Тиймээс Ерөнхий сайд намайг урьж, ярилцах байх гэж хүлээж байна" гэв.