m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:31
877
Э.Ичинхорлоо: Хүү маань Кино үйлдвэрийн хашаанд тоглож өссөн

“Буруу эргэлт”, “Амьдралын амт”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” гээд тайз, дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол дүр бүтээсэн залуу, авьяаслаг жүжигчний нэг Э.Ууганбаяр гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ. Тэгвэл бид энэ удаагийнхаа “Ижий” булангийнхаа зочноор түүний ээж Э.Ичинхорлоог урилаа.

-Бидний урилгыг хүлээн авсан таньд баярлалаа?

-Та бүхэнд ч бас баярлалаа.

-Таны хүүхэд наснаас ярилцлагаа эхэлье. Та өөрөө аль нутгийн хүн билээ?

-Би 1962 оны гуравдугаар сарын 30-нд Улаанбаатар хотод найман хүүхэдтэй айлын хоёр дахь охин нь болж төрсөн. Тэгээд нийслэлийн 14 дүгээр сургуулийг төгсөөд, 1981-1987 онд Ленинград хотод кино инженерийн дээд сургуулийг кино механикч мэргэжлээр төгссөн. 1987 онд төгсөж ирээд Кино үйлдвэрт 2000 он хүртэл ажилласан. Ардчилсан хувьсгал ялах үеэр бүх зүйл хөдөлгөөнд орж эхэлсэн дээ. Тэгээд л хувиараа ажил эрхэлсээр явна.

-Та өөрөө кино урлагтай их ойр хүн юм. Тиймээс ч хүүгээ урлагийн замд нь хөтөлсөн байх нь ээ?

-Тиймээ, би өөрөө багаасаа л кино урлагт ойр өссөн. Тиймдээ ч хүүгээ жүжигчин болоход их тус дөхөм болсон гэж боддог. Ууганбаяр бол миний том хүү, нэг эрэгтэй дүүтэй. Кино үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэг гэж байсныг хүмүүс мэдэх байх. Миний хүүгийн хүмүүжсэн  цэцэрлэг тэр юм. Үнэндээ Ууганаа маань дөрвөн наснаасаа эхлээд л надтай хамт байх болсон юм. Өглөө хамт гараад л өдөржингөө кино үйлдвэрийн хашаан дотор л тоглож өнжинө. Тэр үедээ бас дууны тасагт хүүхдийн дуу оруулдаг байсан юм билээ. Түүнийг нь би огт мэддэггүй явсан. Нэг л өдөр “Танай хүү чинь дуу оруулсан, мөнгийг нь ирж аваарай” гэдэг байгаа. Иймэрхүү замаар л урлагт хөл тавьсан хүүхэд дээ.

-Юмаа нууж чаддаг, ам бөхтэй хүүхэд байж?

-Би оюутан байхдаа 1984 онд том хүүгээ төрүүлсэн. 10 сар хүртэл нь би хамт байж байгаад аавынх нь ээж, аав хоёр дээр орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн. Намайг сургуулиа төгстөл хүү маань  тэдний гар дээр өссөн юм. Миний хүү багын л цовоо сэргэлэн, аливаа юманд авхаалжтай, үргэлж инээж явдаг хүүхэд байсан. Огт уурлаж уцаарладаггүй, юманд их тайван ханддаг хүүхэд . Би хүүгээ уурлахыг нь огт харж байгаагүй юм. Дандаа инээмсэглэсэн, хүнтэй эелдэгээр мэндэлсэн хүүхэд л байсан. Ямар сайндаа манай ээжийн таньдаг хөгшид “Танай зээ хүү чинь өдөр бүр, заримдаа өдөрт хэд хэдэн удаа бидэнтэй мэндлэх юмаа” гээд л өхөөрддөг байж билээ. Одоо ч гэсэн тэр хэвээрээ л байгаа.

 

-Жүжигчин Ууганаагийн бүтээсэн дүрүүд ихэнх нь цовоо сэргэлэн, эрч хүчтэй хүний дүрийг бүтээдэг. Тэгвэл амьдрал дээрээ хэр даруухан хүн бэ?

-Амьдрал дээрээ яг л бүтээсэн дүр шигээ байдаг. Үргэлж гэрэлтсэн, цовоо сэргэлэн, тусархаг, сайхан сэтгэлтэй. Хамгийн гол нь хүмүүстэй эелдэг харилцдаг, үргэлж инээж хөхөрч явдаг. Ямар сайндаа л би хүүгийнхээ уурлаж байхыг огт хараагүй байх вэ дээ.

-Хүүгээ анх жүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ. Эсвэл анхнаасаа мэддэг байсан уу?

-Би өөрөө кино урлагт ажиллаж байсан. Энэ ажил маань Ууганааг жүжигчин болоход хүргэсэн болов уу гэж боддог. Багаасаа л намайг хаана ч явсан үргэлж дагаж, юу хийхийг минь  харж явдаг учраас энэ ажил нь нэг л дотно танил санагддаг байх л даа. Таван настайдаа анх “Сүүн цагаан өргөө” гэдэг Өвөрмонголын хамтарсан кинонд баян айлын том хүүгийн дүрд тоглосон. Дараа нь “Аминд хүрсэн олз” гэдэг алдартай кинонд тоглосон. Энэ үеэс эхлээд л жүжигчин болох гараа нь эхэлсэн гэж боддог.

-Хүүгийнхээ тоглосон киног алгасалгүй үздэг байх. Хэр санагддаг вэ?

-Мэдээж сайхан санагдалгүй яах вэ. Би 2000 оноос хойш Монголд байгаагүй. Хүүгээ 10 дугаар ангиа төгстөл нь би хамт байгаагүй. Тэгээд би хүү рүүгээ залгаад шалгалт нь юу болж байна, аль сургуульд орохыг хүсч байна гэж асуухад “Болно оо, ээж ээ. Хүү нь хүссэн сургуульдаа орж чадна” гэдэг байсан. Сард 1-2 удаа л утсаар ярина. Тэр үед одоогийнх шиг интернэт, энэ тэр бараг байдаггүй байлаа шүү дээ. Ингээд байж байтал наадмын дараа гэр лүүгээ залгатал манай ээж бөөн баяр хөөр болчихсон ярилаа. Яасан гэсэн чинь хүүг маань СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцчихлээ гэхэд нь л би утасны цаана учиргүй уйлж билээ. Хүүгээсээ хол байдаг болохоор хичээл номоо сайн хийж байгааг нь ч мэдэхгүй, хүүдээ итгээд л явж байдаг байсан. Хэдийгээр ээжээсээ хол байсан ч эмээ өвөө дээрээ сайн хүн болж өссөнд нь үнэхээр их баярладаг шүү.

-Эмээ өвөө дээрээ л өсч хүмүүжсэн юм байна...

-Тийм шүү миний хүүг эмээ өвөө хоёр нь л хүн болгосон юм. Ачтай хоёр буурай байсан юм. Тэглээ гээд хүү минь надад хэзээ ч гомдоллож байгаагүй. Харин ч надад “Ээж ээ, би сайн байсан юм чинь та надад том бэлэг өгөөрэй” гэдэг байсан юм. Тэгэхээр нь би юу өгөх вэ гээд л боддог байсан чинь 2004 онд яг Ууганааг 20 настай байхад нь дүүтэй болгож өгч байсан юм. Тэр үед сургууль дээрээ орой болтол хичээллэдэг байсан. Тэгээд би тэр үед бүр орой болсон хойно хамгийн анх хүүдээ энэ мэдээг дуулгаж байсан. Дүүтэй болгож өгсөн нь надад барьсан хамгийн том бэлэг гээд л одоо болтол ярьдаг юм. Яг намайг хэлэх үед бэлтгэл хийж байсан заалаараа дүүрэн орилоод, баярлаж гүйгээд явж байсныг нь найзууд нь одоог хүртэл ярьдаг.

-Ууганаагийн тоглосон дүрүүдээс хамгийн их таалагддаг дүр нь ямар дүр байдаг вэ?

-Миний үзэх хамгийн дуртай кино бол "Буруу эргэлт". Анх үзээд л үнэхээр их таалагдсан. Ер нь ганцхан энэ гэлтгүй тоглосон бүх дүр нь хөгжилтэй, нөхөрсөг, элэгсэг байдаг болохоор үзэхэд ч урамтай байдаг. Кинонуудыг нь үзэж суухдаа багадаа нэг иймэрхүү л хүүхэд байсан даа гэж бодогддог шүү.

-Ууганбаяр бол хамгийн амжилттай яваа залуу жүжигчдийн нэг. Түүний энэ амжилтын ард гэргийнх нь үүрэг бас их байдаг байх?

-Урлагийн хүний амьдрал цаг наргүй үргэлжилдэг. Би ч бас кино урлагт ажиллаж явсан хүний хувьд ямар байдгийг нь мэднэ. Манай бэр ч бас жүжигчин хүн хэдий ч гэр орноо үнэхээр сайн авч явдаг. Хүмүүсийн ярьдгаар бол алтан бэр. Амьдралынхаа бүхий л зүйлийг зохицуулна. Ууганаагийн тоглолтын хувцас, малгай зэргийг бүгдийг нь өөрөө оёж өгдөг. Хүүхдүүдээ гэхээсээ өмнө нөхрийнхөө юмыг түрүүлж хийдэг. Үнэхээр ажилсаг, эелдэг, боловсролтой, сэтгэл сайтай сайн хүн.

 

-Таны саяны хэлсэнчлэн жүжигчин хүн цаг наргүй ажилладаг. Тэгвэл чөлөөт цагаа ар гэртээ хэрхэн зарцуулдаг юм бэ?

-Бид бүгдээрээ гэр бүлээрээ спортын заал авч тоглодог. Сагс, волейбол, теннис голдуу тоглодог. Бас цаг зав ихтэй бол бөөнөөрөө салхинд гарцгаадаг. Ер нь Ууганаа маань чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх их дуртай. Эхнэртэйгээ, хоёр хүүтэйгээ гадуур их зугаална. Заримдаа найз нөхөдтэйгөө зугаална. Тэр бүртээ надад хэлдэг.

 

-Ингэхэд гэр бүлийн тань хүн ямар хүн байдаг вэ?

-Ууганбаярын аавыг Энхбат гэдэг. Бид оюутан ахуй насандаа танилцаад, том хүүгээ төрүүлсэн. Гэхдээ тэр үед залуу ч байж, учир мэддэггүй байсан болохоор ч тэр үү бид хоёр тийшээ болж салцгаасан. Гэхдээ Ууганаа аавынхаа ээж аав хоёр дээр төрж өссөн. Тэр хоёр буурай л хүүг минь хүн болгож өгсөн юм. Харин дараа нь 2000 оноос миний бага хүүгийн аав болох Украйн хүнтэй гэр бүл болоод одоог хүртэл амьдарч байна.

-Хүү тань TV5 телевизийн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорч шаггүй сайн бүжигчин гэдгээ харуулаад авсан. Багаасаа л бүжиглэдэг байсан уу?

-Би багад нь хамт байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй юм. Тийм болохоор бүжиглэж байгааг нь хараад үнэхээр их гайхсан шүү. Эцсийн шат дээр нь бид гэр бүлээрээ үзэж байсан юм. Миний урд манай худын тал суучихсан байсан чинь би хэт их хөөрсөндөө болоод сандлыг нь араас нь өшиглөөд байсан гэж хэлж байж билээ. Яг ялагч болох үед өөрөө авсан шиг л баярлаад, тулгамдаад нулимс бөмбөрөөд л үг хэлж чаддаггүй юм билээ.

-Жүжиглэнэ, хөтлөнө, бүжиглэнэ гээд олон талын авъяастай жүжигчин Ууганаа аав ээжийнхээ хэнийг нь дуурайсан юм бол?

-Би өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ. Гэхдээ намайг л дуурайсан байх гэж боддог. Яагаад гэвэл Ууганаагийн аав номын хүн байдаг юм. Манай найз нөхөд ч бас яг л намайг дуурайсан, юм юманд адтай хүн гэж л ярьдаг юм.

-Ер нь багадаа жүжигчнээс өөр мэргэжилтэй хүн болно гэж ярьж байв уу?

-Би тэр талаар сонсож байгаагүй юм байнаа. Кино үйлдвэрт байхад манай нэг ажилтны хүүхэд байсан юм. Тэр хүүхэд “Чи хэдэн жил кино үйлдвэрт явж байна” гэж асуусан чинь Ууганаа “Насаараа л явж байна” гэж хариулж байхыг нь Монгол Улсын Ардын жүжигчин агсан Б.Дамчаа гуай сонсчихоод ямар хөөрхөн хоёр вэ гээд өхөөрдөөд инээж байсан гэдэг. Тэрнээс өөрөөр би тийм мэргэжилтэй хүн болно гэж ярьж байгаагүй.

-Бага насанд нь хэдий хамт байгаагүй ч эргээд ирэхэд том болсон хүүгээрээ үнэхээр их бахархаж суусан биз?

-Тэрийг үнэхээр үгээр илэрхийлж чадахгүй нь. Би дөрвөн нас хүртэл нь хамт байгаагүй, бас арван жилийн сургуульд сурч байх үед нь ч алдаг оног л хамт байдаг байсан. Гэхдээ миний хүүгийн эмээ өвөө хоёр нь л сайн хүн болгож хүмүүжүүлсэнд нь үнэхээр их талархаж явдаг.

-Хэдий эцэг эхээсээ хол өссөн ч хүү тань Монголын кино урлагт нэрээ гаргаж, амжилттай явна. Тэгэхээр энэ тал дээр орчин үеийн залууст болон залуу гэр бүлүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монголын ам бүлүүд ихэнх нь их цөөхөн хүүхэдтэй байна. Би өөрөө залуудаа олон хүүхэд төрүүлж чадаагүй учраас ямар ч байсан хамаагүй залуучуудыг дор хаяж дөрвөн хүүхэдтэй болоосой гэж хүсдэг. Тэгвэл хүүхдүүд ганцаардаж өсөхгүй, багаасаа л нийтэч, нөхөрсөг, эв найрамдалтай болж өснө. Хүмүүжлийн хувьд гэвэл миний байсан үе, одоогийн үе хоорондоо асар их ялгаатай. Тиймээс хүн бүр нийгмээ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг учраас юу хийх ёстой, юу хийх ёсгүй вэ гэдгээ ухамсарладаг л байх ёстой гэж боддог.