m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:59
190
З.Баянзул: Монголын кино урлаг дэлхийн хэмжээнд хүрч чадсан

“Улаанбаатар” олон улсын кино наадамд зөвхөн шилдгүүд цуглана

Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх энэхүү наадам нь Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх “Дэлхийн кино урлагийн сан”-ийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх юм байна. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь 2013-2014 онд дэлхийд нээлтээ хийсэн Канн, Берлин, Венец, Торонто, Гётебург, Токио, Сан Пауло зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд, Орос, Казахстан, Палестин, Тайланд, Мексик зэрэг орны 12 шилдэг кино бүтээлийг олон нийтэд толилуулан, кино үзвэрийн дараа уран бүтээлчидтэй хийх уулзалтыг зохион байгуулна.

Энэ ажлыг манай ССАЖЯ, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон Туркийн элчин сайдын яам, Монголын урлагийн зөвлөл болон Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран 2014 оны аравдугаар сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо зохион байгуулахаар ажиллаж байна.

Уг наадмын хөтөлбөрт 2013 оны Токиогийн олон улсын кино наадмын шилдэг найруулагч, 2014 оны Гётербург олон улсын кино наадмын үзэгчдийн шагнал зэрэг дэлхийн 10 гаруй нэр хүндтэй наадмын тэргүүн болон тусгай шагналт Исландын найруулагч Бэнэдикт Эрлингссоны “Хүн ба морьд”, 2013 оны Венецийн олон улсын кино наадмын үзэгчдийн шагналт, Францын найруулагч Жан Дэнизотын “Сайхан амьдрал”, 2014 оны Каннын олон улсын кино наадмын шилдэг зохиол шагналт, ОХУ-ын нэрт найруулагч Андрей Звягинцевын “Левиафан”, 2013 оны Берлиний олон улсын кино наадмын Мөнгөн баавгай шагналт кино, Казакстаны найруулагч Эмир Байгазины “Зохиомжийн хичээл”, 2014 оны Канн олон улсын наадмын найруулагч Fortnight шагнал зэрэг дөрвөн нэр хүндтэй шагналыг нэг дор хүртсэн Францын кино найруулагч Кейлигийн “Дайчид” зэрэг олон сонирхолтой, чанартай бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно.

 

З.Баянзул: Монголын кино урлаг дэлхийн хэмжээнд хүрч чадсан

ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзулаас “Улаанбаатар” олон улсын кино наадамтай холбоотой тодруулага авлаа.

-Энэ наадмыг Монголд зохион байгуулж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Монголын кино урлаг Холливуудын киноны түвшинд хүрсэн гэдгийг харуулахыг зориж байна. Бидний яриагаар бол арт хаус буюу урлагийн бүтээл гэдэг талаас нь киногоо сонгон авч байгаа. Дэлхийн томоохон кино наадмуудад ямархуу киног шалгаруулж байна вэ гэдгийг судалж, бид туршлага судлах давуу талтай.

Үзэгч, уран бүтээлчид маань бидний сонгосон эдгээр киног үзсэнээр киноны талаар болон урлагийн талаар өөрсдийн гэсэн чиглэлтэй болох байх. Уран бүтээлчдэд ч их өгөөжтэй. Гол зорилго нь монголынхоо киног өөд нь татах, илүү чанаржуулах юм.

Олон улсын кино наадамд орж байгаа бүх кинонуудын дунд үзэгчдийн санал асуулга явуулж шилдэг нэг киног бид шалгаруулна. Түрүүлсэн киноны танилцуулага доор  урьд өмнө оролцсон бүх кино наадмын түүх бичигдэнэ. Тэгэхээр энд

Монголд зохиогдож байгаа энэ олон улсын кино наадмын нэр ч багтах учраас сурталчилгааны чухал ач холбогдолтой. Монгол чинь олон улсын кино наадам зохион байгуулах хэмжээнд хүрсэн хөгжингүй орон гэдэг нь эндээс харагдах юм.

-Гадны кино уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, туршлага солилцох боломж гарч ирэх үү?

-Кино форумыг бид зохион байгуулна. Аравдугаар сарын 10-ны өдөр бид яаман дээрээ явуулахаар төлөвлөж байна. Форум дээр Монголын киноны талаар хэлэлцэнэ. Монгол, Путаны кино урлагийн салбарыг харьцуулсан судалгааны талаар илтгэл тавина. Венец болон Дохагийн кино наадам яаж зохион байгуулагддаг, хэрхэн санхүүждэг талаар туршлага солилцоно. Мөн орчин үеийн Туркийн кино урлагийн талаар илтгэл тавигдана. Ер нь бүтэн нэг өдрийг киноны талаар хэлэлцэж өнгөрүүлэх юм.

-Туркийн талтай хамтран ажиллаж байгаа бололтой?

-Тийм ээ. Энэ жилийн наадмын онцлох орноор Трук улс сонгогдон оролцож буй бөгөөд шилдэг бүтээлээс бүрдсэн “Туркийн кино өдөрлөг”-ийг Туркийн Элчин сайдын яамтай хамтран 2014 оны аравдугаар сарын 9-нд зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрт 2014 оны Каннын олон улсын кино наадмын Алтан навч шагналт, Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы “Өвлийн ичилт” киног үзүүлэхээс гадна Истанбулын олон улсын кино наадмын захирал хатагтай Азизе Тан оролцох юм.

-Монголоос ямар кино оролцож байгаа вэ?

-“Монгол кино хөтөлбөр”-ийн хүрээнд 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлнэ. Мөн 2014 онд бүтээгдсэн бөгөөд нээлтээ хийгээгүй кино бүтээлээс сонгон уг наадмын нээлтийн киногоор залуу найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” УСК сонгогдож, дэлхийн нээлтээ хийхээр ажиллаж байна.