m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 10:20
120
"Хувьсал"-ын бүсгүйчүүд сайн үйлсийн аянд уриалж байна

"Хувьсал" продакшны хамт олон нэгэн сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Тодруулбал, Зургаан настай М.Тэмүүлэн хүү БНСУ-ын Сөүл хот дахь Вонжарёнг эмнэлэгт зургаа дахь сардаа хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн ээж Д.Мягмарсүрэн хүүгийнхээ хүнд байдлыг бичиж, тусламж хүсэн “Хувьсал” продакшны хамт олонд захидал илгээсэн байна.

Тэд эмчилгээний эхний гурван шатыг амжилттай давсан, дөрөв дэхь шатны өндөр өртөг бүхий эмчилгээг л хийлгэвэл бүрэн эдгэрэх бяцхан хүүд туслах гэж байна. М.Тэмүүлэнгийн эмчилгээний зардалд нэмэр болох хандивын тоглолтыг аравдугаар сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа юм. Тиймээс дуучин Цэцэтэй хамтарсан, хит болоод буй “Зүрхээр наадагч” киноны дууг “Мобиком”-ын Hitone, “Скайтел”-ийн “Скай мелоди” үйлчилгээнд оруулжээ. Уг дууг Hitone-доо татсан хүн бүр М.Тэмүүлэн хүүд тусалж байгаа юм. Иймээс хит дуугаа татан авч, бяцхан хүүд амьдрал бэлэглэцгээе монголчуудаа.