m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 15:21
164
Хамгийн залуу дэлхийн аварга эх орондоо ирлээ

Өмнөд Африкийн Дурбан хотноо өнгөрсөн сарын 20-29-ны өдөр шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон.  Тус тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим шатарчин хөвгүүд, охид өрсөлдсөн юм. Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээн эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан бяцхан шатарчин найман насны ангилалд өрсөлдсөн Д.Мөнхзул алтан медаль хүртэн Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Харин  Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа. Бяцхан тамирчид маань өнөөдөр орой 20.00 цагт эх орондоо ирлээ.

Д.Мөнзул охины багш /баруун гар талаас/П.Алтанбаяр, Д.Дамдин

 

 

ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Дэлхийн аварга Д.Мөнхзул , аав Г.Даваахүү

 

Охиныхоо амжилтыг бахдан байгаа аав Г.Даваахүүтэй цөөн хором ярилцлаа.

-Таньд баяр хүргэе. Монгол Улсад Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн охин төрүүлж, өсгөсөнд. Үнэхээр гайхалтай сайхан амжилт гаргалаа?

 

-Баярлаад барашгүй байна. Миний охины эгч нь шатар тоглодог юм. Эгч нь дүүгээ таван настай байхад нь пионер мад зааж өгснөөс эхлэлтэй. Би охиноороо бахархаад зогсохгүй монгол  агуу үндэстэн гэдгээр  үнэхээр их бахархаж байна.

-Та шатраар хичээллэдэг үү. Охины чинь багш хэн бэ?

-Ах нь сонирхогч. Багш нь Д.Дамдин, П.Алтанбаяр гэж хүн бий. Охин маань 33 дугаар сургуулийн 3б ангийн сурагч. Нэгдүгээр ангид байхдаа сургуулийнхаа тэмцээнд ороод долоон удаа тоглохдоо долоон удаа пионер мад хийсэн байсан. Хотын даргын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод мөн пионер мадаар хожсон. Ингээд бид охиныхоо чадварыг мэдэрч тууштай хичээллүүлсэн.

 

 

Д.Мөнхзул охин аав, дүүгийн хамт

Д.Мөнхзул найман насанд 51 шатарчнаас найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор 8.5 оноогоор алтан медаль хүртлээ.Монголын эрэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин бол Е.Төгстөмөр юм. Тэрбээр  зургаан настайдаа Азийн аварга, долоон насандаа сурагчдын дэлхийн аварга, мөн насандаа Дэлхийн шатрын холбооны дэд мастерын цолтой болсон юм.

Бяцхан тамирчдын онгоц газардан баяр хөөртэйгөөр аав, ээж, ах дүүтэйгээ уулзлаа.

Д.Мөнхзул "Би маш их баяртай байна. Надад шатар анх зааж өгсөн эгч, байнга дэмждэг аав ээж,  санаа тавьж бэлтгэл хийлгэдэг багш нартаа баярлалаа. Эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байна" гэв.

Е. Төгстөмөр "Амжилт гаргасандаа баяртай байна. Надад их зүйл зааж сургадаг аав, ээж, багш нартаа баярлалаа. Илүү амжилт гаргахын төлөө хичээх болно" гэв.