m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.02 03:37
92
Цуврал-25 Гурван настай хүүгийн гайхалтай бэлэг

Өмчийн хулгай илрүүлэх ажил цагдан сэргийлэх байгууллагын хамгийн чухал ажлын нэг байв.  Энэ төрлийн хэрэг авсаар байсан учир хурандаа Ж.Дашзэвэгээр ахлуулсан хэлтсийг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дэргэд байгуулав. Дэд хурандаа Н.Төвсүрэн энэ хэлтэст шилжин ирж анхны үүргээ авлаа. Ойн аж ахуйг шалгадаг, хянадаг газар байхгүй удсаныг дарга нь дуулгаад мөнгө шамшигдуулсан хэргийг илрүүлэх үүрэг өгчээ. Хаанаас эхлэх, эд мөрийн баримтгүй, ноцтой зөрчил байхгүй энэ хэргийн үзүүрийг олох санаатай  баахан явсан ч амжилтгүй байв.

 

Дарга нь байн байн шаардан ажил ямар байгааг асуун шалгаах аж.Нийслэлийн ойр орчмын 53 ойн байцаагчийнхаар орох хэрэгтэй болов. Ингээд эхний  байцаагч Цэдэвтэй уулзахаар гэрт нь очлоо. Цэдэв түүнийг төвөгшөөж, ийм хүн хаа нэг явдаг юм гэсэн байртай харав. Н.Төвсүрэн ч олон зүйл ярьсангүй. Цай ууж гоожин шалгах зуур тэдний гурван настай хүү амандаа байсан цаасандаа хахаж ханиалгав. Ойр байсан дэд хурандаа амнаас нь цаасыг нь гарган хаях гэтэл баримт гэсэн үг харагджээ.

 

Иргэдээс 150 төгрөг авсан хэрнээ санхүүд өгөх баримтаа гишүү, мөчир түүсэн гэж бичээд долоон төгрөг гэсэн баримтыг өгсөн байх аж.

 

Ажигч, гярхай тэрбээр цаасыг хаялгүй өвөртлөв. Ингээд гэртээ ирлээ. Явсан ажил нь бүтэл муутай учир хэрхэх талаар бодол болон суув. Дээлээ тайлах гэтэл гутлын үзүүрт нэгэн цаас тов хийн уналаа. Гайхаад хартал нөгөө хүүгийн зажилсан цаас бүр хатаж орхиод барьцалдан наалджээ. Дэлгэн үзэхэд гоожин байв. Мод бэлтгэх зөвшөөрөл хэмээх баримтанд 150 төгрөг хураасан нь илт.

 

Энэ үнэн баримт эсэхийг тодруулахаар Ойн аж ахуй эрхлэх газарт иртэл тэс өөр баримт байх нь тэр. Тус байцаагч иргэдээс 150 төгрөг авсан хэрнээ санхүүд өгөх баримтаа гишүү, мөчир түүсэн гэж бичээд долоон төгрөг гэсэн баримтыг өгсөн байх аж. Энэ мэтчилэн мөнгө завшдаг болохыг цагдаагийн хашир ажилтан тэр дороо ухаарав. Баримтаа хоёр хувь хийхдээ өөр өөр хийдэг тэдний аргыг мэдсэн Н.Төвсүрэн олон хэргийг илрүүлж дөнгөв. Байцаагч хуурамч баримтаа устгалгүй гэртээ орхисныг хүүхэд амандаа хийж явсан нь тэр аж. Өмчийн хулгайн хэрэг даамжиран гарч байсныг тус хэлтсийнхэн илрүүлж гэмтнийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн гэдэг.