m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.03 04:26
995
Гутал сайт гурвын өмнө

Монгол Улс гурван сая шахам хүн амтай. Эдгээр хүмүүс уур амьсгалынхаа онцлогоос хамаараад жилд дунджаар өвлийн, хавар, намрын, зуны гээд гурван төрлийн гутал өмсдөг гэж үзвэл манайд жилдээ багаар бодоход найман сая гутлын хэрэгцээ байна. Энэ зайлшгүй хэрэгцээний 99.9 хувийг импортоор, үлдсэн 0.1 хувийг Монголын гар урлалын цөөн хэдэн үйлдвэр хангадаг. Гэхдээ бидний хийсэн гутал дэлхийн брэндүүдтэй аль ч утгаараа зэрэгцэж чаддаг гэвэл танд үндэсний үйлдвэрлэлээ гэсэн аминч бодол төрөх буй за. Нэрийн хуудсаа өгөхөөр гар сунгахаас тань өмнө таны хэн бэ гэдгийг илэрхийлж байдаг албан бус нэрийн хуудас бол гутал. Тиймээс бид танд монгол хүний нэрийн хуудас болж чадах үндэсний гар урлалын гутал үйлдвэрлэгч “Чиг” гутлын үйлдвэрийг “Баялаг бүтээгч”-ээрээ танилцуулж байна.

Б.Гэрэлт-Од, А.Золзаяа хоёрын аав ээж 1993 онд “Чиг” гутлын үйлдвэрийг үүсгэн байгуулжээ. Харин 1996 оноос хүүхдүүд нь УЭДС-ийг гутлын дизайнераар төгсөөд үргэлжлүүлэн загварын нэр төрлийн гутлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажилласаар ирсэн байна. “Чиг” хэрэглэгчийн захиалсан цор ганц загварыг чухалчилж бүх насныханд зориулан ази, европ тэр дундаа монгол үндэсний хэв маяг хосолсон өвөрмөц загварын гутлыг хийдэг үйлдвэр юм. Хүн өөрийгөө гутлаараа илэрхийлж, юу өмсөхийг хүснэ түүнийгээ хийлгэх, өмсөх боломжийг олгохоос гадна залуусын сонирхолд нийцсэн мотоциклийн гэж нэрлэгддэг түрийт гутал ч бас энэ үйлдвэрийн захиалга ихтэй загваруудын нэг юм.

 

Гутал хийхэд арьс, цавуу технологийн гүйцэтгэл гурав хамгийн чухал. Харин дотоодын түүхий эд технологийн шаардлага хангадаггүй учраас дэлхийд гутлын түүхий эдээр ноёрхогч Хятад улсаас авчирч ширэн ул оёх машинаар улладаг байна. Тэд нэгэн өвөрмөц захиалгыг 700.000 төгрөгөөр хийж байсан нь хамгийн үнэтэй нь байсан гэнэ. Эхэндээ өдөрт дөрвөн хос, жилд 960 хос гутал үйлдвэрлэж 60.000- 300.000 төгрөгөөр “Галерей” худалдааны төвд “Чиг” нэрийн дэлгүүрээр худалдаалдаг байсан аж. Одоо бол хүчин чадал хэд дахин нэмэгдсэн.

“Чиг”-ийн хэрэглэгчид эдэлгээтэй, чанартай, загварын гутал сонирхдог бөгөөд Хакүхо, Чиёотайкай, Стивен Сигал, МУГЖ Ц.Түвшинтөгс, Зууны манлай уяач Д.Даваахүү, Америкийн Элчин сайд гээд ар араасаа хөврөх олон хэрэглэгчтэй юм билээ.

1990-ээд онд  дотоодын гэхээсээ гадаадын барааг илүүд үздэг байсан үе. Яагаад монгол хүн эх орондоо чанартай бүтээгдэхүүнийг хийж болохгүй гэж...

Энэ л үед (1993) тэд үйлдвэрлэлийнхээ анхны гарааг эхэлж монгол хүний хөлний онцлогийг  судалсаар өнөөдөр захиалагчдынхаа хөлд тохирсон зохион бүтээлтийг хийж, дээд зэргийн боловсруулсан арьс ширэн материалаар хамгийн чанартай, хөлд эвтэйхэн, байгаль цаг уурын нөхцөлд зохицсон, загварын чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эдүгээ 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм.

ЧИГ гутлын үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүмүүсийн хэрэглээ болж явсаар өнөөдөр монголдоо чанар, шинэлэг загвараараа олны таашаалыг хүртэж, дотоодын худалдан авагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэсээр байна. 

 

ЧИГ гутлын үйлдвэр нь :

  • МХЭАХНийгэмлэгээс ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохиогдсон “Улаанбаатар-Шилийн гол түншлэл-2007” дурсгалын медаль,
  • МАШБҮХ-Намар-2007, 2008, 2009–д өргөмжлөл, батламж, шилдэг үйлдвэрлэгч,
  • МҮХАҮТ-аас “2009 оны жижиг, дунд бизнесийн онцлох ENTERPRENEUR” –р шалгаруулж “Хүрэл Меркури”, Хүндэт өргөмжлөлөөр шалгарсан.

Мөн УЭДС-тай хамтран

  • UB Fashion Week 2008–д өнгө материал хуваалтын өвөрмөц шийдэл бүхий өдөр тутмын, эмэгтэй гутал цүнхний бүрэн хэмжээний коллекци
  • UB Fashion Week 2009–д  хурц тод өнгө, зүүмэл хуваалт бүхий панк стилийн эрэгтэй, эмэгтэй гутал, цүнхний бүрэн хэмжээний коллекцио тус тус толилуулсан.

 

 

 

 

Тэдний эрхэм зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ таашаалд бүхий л талаар нийцсэн, тэдний байнгын хэрэгцээ болсон Монголдоо танигдсан үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах явдал юм. CHIG үйлдвэр дэх AGP загварын товчоо нь сүүлийн үеийн загварын чиг хандлагыг судалсны үндсэн дээр зөвхөн залуучуудад зориулсан өнгө материалын өвөрмөц шийдэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлдгээрээ онцлогтой. Тус товчоонд УЭДС-ийн гутал арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээлтийн ангийг төгссөн мэргэжлийн өндөр ур чадвартай дизайнерууд ажиллаж байна. Дизайнер, загвар зохион бүтээгч А.Золзаяа нь залуу дизайнер зохион бүтээгчдийг шалгаруулдаг “Хаврын гоёл-2006” наадамд “Туйлсын алхаа” үндэсний стилийн гутал цүнхний коллекцоор, “Хаврын гоёл-2007”-д өдөр тутмын гутлын коллекцоор оролцож “Гутал, арьсан эдлэлийн шилдэг дизайнер” өргөмжлөлөөр шалгарч, “Хаврын гоёл-2008”-д “Орших чанар” авангард стилийн ансамбль коллекцоор амжилттай оролцсон юм. AGP загварын товчоо нь УЭДС-тай хамтран UBFW-2008-д өнгө материалын өвөрмөц шийдэл, содон хуваалт бүхий гутал, цүнхний бүрэн хэмжээний коллекцоо танилцуулсан.