m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 01:10
34
Валютын ханш улам өсөх болтугай

Уг нь эдийн засгийн энгийн ойлготоор бол гадаад валютын ханш өсөж байгаа нь эдийн засагт эерэг үр дүн авчрах ёстой үзэгдэл. Гадаад валют өсөх тусам гадаадаас импортолж буй барааны үнэ өснө. Энэ нь дотоодын үйлдвэрүүдийн үнийн өрсөлдөх чадвар сайжирна гэсэн үг. Дотоодын үйлдвэрлэл сайжирснаар, ажлын байр нэмэгдэнэ. Гадаадын эдийн засгаас хамаарах хамаарал улам л багсана. Ядаж л хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдээ дотоодын үйлдвэрүүдээс бүрэн хангадаг болчихвол хичнээн сайхан. Жинхэнэ эдийн засагийн аюулгүй байдал, тусгаар тогтонол бүрдэнэ.
Зарим оронд дээрх шалтгаанаар импортын бараанд өндөр татвар ноогдуулж байна. Одоо энэ тэнд борооны дараах мөөг шиг шавж байгаа брэнд гэх хувцасны дэлгүүрүүдэд энэ татварыг ноогдуулах хэрэгтэй. Нэг саяын үнэтэй цамцнууд нь таван сая болно л биз. Улсаас 50 хувийн орлогын татвар ноогдуулчих хэрэгтэй. Худалдан авагчдыг нь авлигаар тэжээж баяжуулсан юм чинь буцаагаад татвараар хураачих эрх төрд бий. Мөн нэг газраас нөгөө газар авчирч дамлан зардаг ченжүүдийн армийг шахах цаг болсон. Нийслэлийн барилга байгууламжийн бараг хаалга бүрт бөөний төв, зах, худалдааны төвүүд. Тэр чигээрээ импортын бараагаар чихээстэй. Тэд өөрсдийгөө, баялаг бүтээгчид, татвар төлөгчид хэмээн өргөмжлөх дуртай улс. Улс орны эдийн засгийн хувьд баялаг бүтээнэ гэдэг нь шинээр санаачилах, шинээр бүтээгдэхүүн бүтээхийг хэлнэ. Өөр улс оронд зохион бүтээгдээд, өөр улс оронд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж зарах нь баялаг бүтээх үйл явц биш юм. Энэ бол аль 18 дугаар зуунд Адам Смит Үндэстнүүдийн баялаг номоо гаргаж байх үеийн ойлголт.

Бүр цаашлаад орчин үед Америкийн өндөр технологийн компьютеруудыг Хятадад, Пилипинд, Герман машиныг Мексикт, Японы электроникийг Тайванд, Сингапурт үйлдвэрлэж л байна. Гол нь зах зээлдээ ойртож, ажиллах хүчийг хямд байлгах зорилготой үйл явц. Нэгэнт толгой корпораци нь өөр улсынх учир тухайн салбар үйлдвэр нь оршиж байгаа улсынхаа баялаг үйлдвэрлэгч гэж тооцоход ч эргэлзээтэй. Ийм л хэт үйлдвэрлэлийн, үндэстэн дамжсан корпорациудын ноёрхлын дор бид амьдарч буй билээ.             
Монголд нэлээд хэдэн франчайзинг хийж буй үйлдвэр, үйлчилгээний газрууд бий. Тайгер, Кока Кола, KFC гэх зэрэг. Гэвч эдгээр үйлдвэр үйлчилгээний газруудын бүтээгдэхүүнийг бид Орос руу ч юмуу, Хятад руу экспортлодоггүй. Өөрөөр хэлбэл нэг ч доллар манай улсад оруулдаггүй л байхгүй юу.

Дээрээс нь бид бусдын хийсэн бүтээгдэхүүнийг вагон вагоноор нь зөөн оруулж ирж байна. Улмаар энэ их импортын бүтээгдэхүүнүүдийг зарах өч төчнөөн зах, худалдааны төв, хайпир, супер маркетууд, молл, плаза, дэлгүүр, март, ТҮЦ-нүүд ажиллаж байна. Эдгээр импортыг дэмжих худалдааны нэгдсэн сүлжээнд Монгол Улс асар их хүний нөөцөө сул зогсоож байна. Тэд уг нь сайхан залуучууд, даанч өчүүхэн бодолтой, таван цаас нэмээд хэдхэн төгрөг олчих гэсэн санаатай байдаг нь харамсалтай. Эдгээр нөхдүүдийг бүгдийг нь үйлдвэрлэл рүү чирч оруулах хэрэгтэй.  Бүтээхийн сайхныг, бүтээгээд олсон мөнгөний амтыг мэдрээд ирэхэд тэд Монгол Улсыг босгоод л ирнэ дээ.

Долларын ханш буурах ёстой, бид үргэлж импортлогч улс байх ёстой гэж бодож явдаг ойрын зайн улстөрчидөд амаа тат л гэж хэлье дээ. Хятад байнга өөрийн юаны ханшийг барьж байдаг улс. Яагаад вэ гэхээр хэрэв чөлөөлөх юм бол юаны ханш чангараад долларын ханш суларна. Ингэснээр Хятадын импортын бараа хямдарч дотоодын үйлдвэрлэлд нь муугаар нөлөөлөх учиртай. Хятад бол маш том экспортлогч улс учир юаны ханш байнга өсөх чиг хандлагтай байдаг аж. Манай улсын хувьд ч ийм ирээдүй хүлээж байгаа гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл манай улсын экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний орлого, гурван сая монголчуудын хэрэглээний импортоос хол илүү давах болно. Тэр үед л Монголын дотоодын хөнгөн үйлдвэрүүдийг хамгаалах бодлого хэрэгтэй. Иймд одоо энэ тохиож буй зурвас үед долларын ханшийн өсөлтийг ашиглаад үндэсний үйлдвэрүүдээ сэргээгээд авах хэрэгтэй. Монголбанкнаас валютын ханшийг зохицуулах гэж оролдож байгаа бодлогоо зогсоох хэрэгтэй.