m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 01:35
35
Монгол улс 2016 он гэхэд цементийн хараат байдлаас гарна

Дорноговь аймгийн Даланжаргалан сум, төмөр замын Өлзийт зөрлөгт байрлах “Монгол Алт” корпорацийн Хөх цавын цементийн үйлдвэр, “Гермес Гахиур” компанийн цементийн үйлдвэрийн төсөл, Өргөн суманд байрлах “Сэнж Сант” компанийн Монцемент үйлдвэрүүдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг болон албаны бусад хүмүүс  өчигдөр танилцсан байна.

Жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөх цавын үйлдвэр энэ оны 12 сард ашиглалтанд орохоор төлөвлөсөн аж. Дани улсын хөрөнгө оруулалтаар барьж буй тус цементийн үйлдвэр европ стандартын өндөр чанартай цемент үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор барилгын салбарын үндсэн түүхий эд болох цементийн 30-40 хувийг эндээс нийлүүлэх боломжтой. Импортын хамаарлаас гарч, жилд ойролцоогоор 120 сая ам долларын гадагшаа гарах урсгалыг зогсоох юм байна.  700 хүнийг ажлын байраар хангахаас гадна улс, орон нутгийн төсөвт, жилдээ 40-өөд тэрбум төгрөг төлөх юм.  Түүнчлэн орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгуудын нэгж талбайн үнэ буурахад ч энэ үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нөлөөлөх болно гэж “Монгол Алт” корпорацийн дэд ерөнхийлөгч Г.Цогт танилцууллаа.

Нэг сая тонн цемент үйлдвэрлэх Хөх цавын үйлдвэрийг төслийн хугацаанд ашиглалтанд оруулахын тулд санхүүжилт хэрэгтэй байгаа гэнэ. Тэрчлэн үйлдвэрийн техник технологийн ажилд нарийн  мэргэжлийн ажилчдыг гаднаас нь оруулж ирэх шаардлагатай. Тиймээс энэ тал дээр Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүсч байв. Одоогоор үйлдвэрийн барилга угсралтын ажил 85 хувьтай, металл хийц, тоног төхөөрөмжийн угсралт 40 хувьтай явж байна.

“Гермес Гахиур” компанийн хувьд Даланжаргалан сумын нутагт орших Билүүтийн шохойн чулууны орд дээр түшиглэн жилд 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2015 оны эцэс гэхэд үйлдвэрээ барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

Өргөн сумын нутаг дахь “Сэнж Сант” компанийн “Монцемент” үйлдвэрийн хүчин чадал мөн л нэг сая тонн. Өндөр чанартай шохойн чулууны ордод түшиглэсэн монгол улсын барилгын салбарын цементийн хэрэгцээг 170 жилийн хугацаанд хангах нөөц энэ үйлдвэрт бий юм байна.  Хөх цавын үйлдвэрт Дани улсын технологийг ашиглаж байгаа бол “Монцемент” Франц улсын тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гэдгээ Ерөнхий сайд болон салбарын сайдад танилцуулсан.  Төслийн гол ажил болох дэд бүтцийн ажил 3,5 км төмөр зам барих ажлын гүйцэтгэл нь 90 хувьтай яваа гэнэ.  Хуурай аргын цементийн үйлдвэр учраас ус, цахилгааны хэрэгцээ бага гээд давуу талаа танилцууллаа. Мөн л ирэх оны сүүлчээр барьж дуусгахаар төлөвлөсөн энэ үйлдвэрт санхүүжилт хэрэгтэй байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт Засгийн газраас хүсч байна. 

Дээрхи 3 үйлдвэр ашиглалтанд орчихвол 2016 он гэхэд 2 сая гаруй тонн цементийг эдгээр үйлдвэрээс барилгын салбарт нийлүүлнэ. Цаашдаа импортын хамаарлыг зогсоож, экспортонд гаргах бололцоотой гэдгийг Ерөнхий сайд газар дээр нь очиж үзлээ.

Бүтээн байгуулалтын ажилтай танилцсан орон нутаг дахь энэхүү томилолтынхоо үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Монгол Алт” корпорацийн байгуулж байгаа Хийт бетоны үйлдвэртэй танилцсан. Энэ төслийн зорилго нь чанарын шаардлага хангахгүй хөөсөн бетон,  тоосго зэрэг ханын дүүргэгч материалуудыг орлох шинэ дэвшилтэт ханын материалыг Монгол улсдаа үйлдвэрлэхэд чиглэсэн байна. Олон улсын стандартад нийцсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, эрчим хүчний хэмнэлттэй гээд хийт бетоны давуу тал олон юм байна.  Өндөр стандартаас гадна хийт бетоныг ашигласнаар барилгын жин хөнгөрч, сууринд ирэх ачааллыг бууруулан улмаар барилгад орох хөрөнгө оруулалтыг багасгах гэх мэт ач холбогдол өндөр.  1 м.кв бетоны үнэ 600 төгрөг байна. Энэ оны 7 дугаар сар гэхэд үйлдвэр ашиглалтанд орох гэж байна.