m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 01:44
98
Ахиж уулзах юм бол чамд хайртай байсан гэдгээ хэлнэ

Энэ сарын 16-нд Өмнөд Солонгосын 476 хүнтэй Севол хөлөг онгоц живж олон хүнийг цочирдуулсан билээ. Онгоцноос 174 хүнийг аварсан бөгөөд одоогийн байдлаар 181 хүн нас барсан нь тогтоогдоод байна. Харин 120 гаруй хүн сураггүй хэвээр байгаа ба эрэл үргэлжилж байна.

Зорчигчдийн дотор Ансан хотын Данвон сургуулийн сурагчид 300 гаран буюу ихэнхи нь байсан бөгөөд тэдгээр сурагчдын ихэнхи нь нас барсан байдалтай олдсон зарим нь бүр олдоогүй байгаа. Эдгээр олдоогүй байгаа хүмүүс одоо амьд олдохгүй нь тодорхой болсон. Онгоцны анхны ослын дуудлагыг тус сургуулийн сурагч өгсөн бөгөөд тэрбээр хүмүүст онгоц осолдож байгаа талаар мэдээлэл тараасан байна. Харин түүний цогцос өчигдөр олдсон юм.

Гэсэн хэдий ч сургууль үйл ажиллагаагаа эхэллээ. Эхний хоёр өдөр сурагчдад энэ цочролоос гарах талаар сэтгэлзүйчид болон мэргэжлийн хүмүүс сургалт орох гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Данвон сургууль хүндэтгэл илэрхийлэх гэсэн хүмүүсийн хөлд дарагдсан бөгөөд хүмүүс цэцэг, захидал бичиж үлдээжээ. Тэдний үлдээсэн захидлууд дунд ихэнхидээ “Чамтай ахиж уулзах юм бол чамд хайртай байсан гэдгээ хэлнэ. Яагаад гэвэл би хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй” гэсэн байжээ.

Онгоцны осолдсон шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа. Онгоцны багийн нийт 29 хүн байснаас 22 нь амьд үлдсэн. Тэдний 20-ыг нь баривчлан шалгаж байгаа юм. Мөн онгоцны эзэмшигч компанийн захирал, ажилтнууд гээд холбоотой хүмүүсийг шалгаж байна.

Г.Төгөлдөр