m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 01:55
489
Ажил хэрэгч эмэгтэйн гоо сайхан

Ихэнх хүмүүс “эмэгтэйчүүд бусдад таалагдахын тулд гоо засал хийдэг” гэсэн ойлголттой байдаг. Үүнийг мэдээж ор тас үгүйсгэж болохгүй боловч юуны өмнө өөртөө таалагдахын тулд, өөртөө итгэлтэй байж ажлаа дээд зэргээр хийхийн тулд заавал гоо засал хийж нүүрээ будах ёстой гэж ойлговол зохино.

Гоо, сайхан болж, тэр хэмжээгээрээ өөртөө итгэж буй хүн ажлаа сайн хийнэ. Ажлаа сайн хийж буй гоо сайхан хүн бусдад таалагдана, амжилт олно. Гоо засал нь зориулалтаасаа шалтгаалан тайзны гоёлын, үдшийн, өдөр тутмын буюу энгийн гэх мэт янз бүр байдаг. Энд ажил хэрэгч эмэгтэйн гоо заслын талаар товч өгүүлэх болно. Ажил хэрэгч хүн өдөр тутам болон ажилдаа хэзээ ч гоёлын заслаар засаж буддаггүй. Энэ нь бас л тухайн хүний соёл, боловсрол, гоо сайхны мэдрэмж, таашаалтай холбоотой асуудал юм.  өдөр тутмын буюу энгийн будалтанд завсрын бүдэг өнгө хамгийн зохимжтой бөгөөд будсан нь огт анзаарагдахгүй байвал хамгийн зөв будалт болно. Үүний зэрэгцээ гоо сайхан харагдахад зөвхөн гоо засал биш зөв хооллох, зөв амрах гэх мэт зөв боловсон аж төрөх явдал хамгийн их нөлөөтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэрэглээний соёлын дагуу энгийн гоо заслыг хийх хамгийн зөв журам, дараалал нь:

  1. Үсээ янзална
  2. Хумсаа засч янзалж будна
  3. Нүүрээ засч будна
  • Тос, чийгшүүлэгчийг дарааллын дагуу түрхэнэ
  • Крем эсвэл пудр түрхэнэ
  • Нүдээ будна
  • Хөмсөг, сормуусаа будна
  • Хацраа будна
  • Уруулаа будна

“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг. Өдөр тутам болон ажилдаа өөрийн онцлог болон эрхэлдэг ажилдаа зохицуулан үсээ засч, янзалж сурах нь зөвхөн гоо сайханд төдийгүй имиж буюу дүр төрхөө бүрдүүлэн бусдын итгэлийг хүлээж ажил хэргээ сайн явуулахад их нөлөөлнө.

Эмэгтэй үс засалтыг ерөнхийд нь гоёлын ба энгийн гэж ялгаж болно. Гоёлын ба уран сайхны зориулалтаар дээр нь овоолж, элдэв янз маяг оруулж зассан үс ажил хэргийн нөхцөлд тохирохгүй. Харин үдшийн даашинз өмссөн, үнэтэй арьсан зах, нөмрөг нөмөрсөн, үнэт чулуун гоёл зүүсэн тохиолдолд үсийг заавал дээр нь овоолж эсвэл сонгодог маягаар шуух, дух, шанхны үсийг гогцоо гарган засах зэргээр гоёлын засалтаар янзлах нь зүйтэй. Ажил хэрэгч эмэгтэйн үс хэт богино эсвэл хэт урт байх нь тохиромжгүй. Ууц, нуруугаараа шүргэсэн урт үстэй эмэгтэй гоо сайхан харагдах бололвч арчлах янзлах нь төвөгтэй, цаг их зарцуулдаг байна. Дунд зэргийн урттай үсийг хамгийн зохимжтой гэж үздэг. Үсийг засаж янзлахад юуны өмнө нүүр царайны хэлбэрийг харгалзана. Нүүрнийхээ хэлбэрийг тогтоохын тулд бүх үс хөхөлөө хойш нь самнан ард нь боож тогтоогоод толины өмнө зогсож толинд туссан нүүрнийхээ хэлбэрийн дагуу шохой эсвэл уруулын будгаар зурна. Үүссэн дүрсээс үүдэн хүний нүүрний хэлбэрийг доорхи дүрсээр ялган үзэж болно.

Үүнд:

  1. Зууван хэлбэрийн
  2. Гонзгой хэлбэрийн
  3. Дугуй хэлбэрийн
  4. Гурвалжин хэлбэрийн
  5. Дөрвөлжин хэлбэрийн
  6. Трапец хэлбэрийн гэж ялгана.
  • Зууван хэлбэрийн - нүүрийг сонгодог төгс хэлбэрийн нүүр гэж үздэг. Дурын урттай, ямар ч засал зохино. Хөхөлтэй эсвэл огт тавихгүй байж болно.
  • Гонзгой хэлбэрийн -  нүүр нь өндөр дух, урт эрүүтэй байна. Иймээс хөмсөг хүртэл тэгш хэмтэй, шулуун хөхөл тавих нь зохимжтой. Нүүрээ хөвөөлсөн урт, шулуун үс нүүрийг улам уртасгаж харагдуулдаг тул бага зэрэг буржийлган хөвсийлгөж чихийг далдалсан байвал нүүр өргөн харагдана. Дагзны овойлгож самнах нь зүйтэй боловч оройны үсийг өндөрсгөж самнах нь нүүрийг улам гонзгой харагдуулдагийг санах нь зүйтэй. Нүүрний харьцаанд тохируулж чадвал ямар ч засалт зохино.
  • Дугуй хэлбэрийн - нүүр нь эрүү, дух жижиг, хацар томтой байна. Ийм хэлбэрийн нүүрэнд аль болох нүүрийг нь уртасгаж харагдуулах, зулайн үсийг өндөрлөж, хойш нь самнасан үс зохидог. Үсэндээ тэгш шулуун хагалбар гаргах эсвэл хойш нь толийлгон самнах нь зохимжгүй. Үсэндээ хөнгөн долгио оруулж сэвсийлгэн бага зэрэг үс дух руугаа унжуулах нь царайны хэлбэрийг засч зууван харагдуулна. Мөн дагзандаа овойлгон засч чихээ ил гарган янзалбал зохимжтой байдаг.
  • Гурвалжин хэлбэрийн - нүүр нь дух, шанаа өргөн, том, эрүү шувтан байна. Ийм нүүрэнд чихний гэдэснээс дээш урттай тайрсан, үзүүр нь хацар луу түрсэн янзтай засалт зохимжтой. Ар шилэн дээрхи үс нь дурын урттай байна. Мөн эрүүний шувтанг нуухын тулд эрүүний хавилдуу урттай тайрч үзүүрийг нь духны өргөнтэй тэнцүүлэн буржийлгаж, хөвсийлгөхийн зэрэгцээ өргөн духыг шингэхэн хөхөл тавьж халхалж болно. Харин дух хэт ил гарсан эсвэл тачирхан тайрсан үс зохихгүй.
  • Дөрвөлжин хэлбэрийн нүүр том дөрвөлжин эрүү, өргөн духтай байна. Ийм нүүрэнд дугариг хэлбэр оруулахыг хичээж нүүрийг хүрээлж хөвөөлсөн засалтаар засах нь хамгийн аятай байдаг. Үсийг оройд нь бага зэрэг өндөрсгөн самнаж долгион оруулан янзалж болно. Мөн шаталж тайран ташуу хөхөл тавж хоёр хажуугаар сул долгиотуулан буржийлгаж болно. Буржийлгасан үсний үзүүр нь мөрөнд шүргэх төдийн байвал сайн. Хэрэв их том дэлдэн чихтэй биш бол чихээ хагас ба бүтэн далдлах эсвэл үсээ чихний араар оруулж самнах аль аль нь зохино. Харин арагш нь толийтол самнах, голоор нь шулуун хагалах, чихээ ил гаргах, эрүү эсвэл хацартай тэнцүүлэн тайрч үзүүрийг хэт буржийлган сул тавих зэрэг нь зохимжгүй. Мөн богино халимаг засалт нь нүүрийг улам өргөн харагдуулна.
  • Трапец хэлбэрийн, өөрөөр хэлбэл лийр маягийн хэлбэртэй нүүр нь хавчгар дух, өргөн хацартай байн. Энэ тохиолдолд дух руу богино тайрсан үс унжуулж хацар, шанаа руу түрсэн богино тайралттай үс зохино. Харин хацар, шанаатай тэнцүүлэн тайрч үзүүрийг буржийлгах нь зохимжгүй.