m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.05 08:06
299
Дэлхийн сая сая эмэгтэйчүүдийн төлөөлөл Опра Винфри

Сая сая америкчуудын хүндлэлийг хүлээсэн дэлхийн эмэгтэй, телевизийн ток шоуны хатан хаан Опраг хүн болгон мэднэ. Опра бол хүнд хэцүү амьдралаас алдар нэрийн оргилд хүрч чадсан эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Опра хөрөнгө өвлөөгүй тэрбумтнуудын нэг.

2.7 тэрбум долларын хөрөнгөтэй Америкийн телевизийн энэ алдарт хөтлөгчийн түүх “Үнсгэлжин”-гийн үлгэрийг сануулам.

Тэрээр өөрийн гэсэн ток-шоуг үүсгэн байгуулж хөтөлсөн анхны хар арьст хөтлөгч. "Харпо Энтертаймент Групп"компанийн эзэн хийгээд тэргүүн, "Форчун" сэтгүүлийн мэдээлснээр Америкийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд хоёрдугаар байр эзэлдэг. "Форбс" сэтгүүлийн 2001 оны чансаагаар дэлхийн алдар хүндтэй 100 хүний жагсаалтанд есдүгээрт бичигдсэн.

Опра бол хүнд хэцүү амьдралаас алдар нэрийн оргилд хүрч чадсан эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. 

Опра 1954 оны нэгдүгээр сарын 26-нд Миссисипи муж улсын Костюшко хотод төржээ. Түүнийг ээж нь 18 настайдаа төрүүлсэн бөгөөд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн цэргээс жирэмсэлсэн байна. Тиймээс хүсэн хүлээсэн хүүхэд нь биш бутач хүүхэд болохоор түүнийг эмээд нь үлдээгээд ээж нь явсан гэдэг. Уг нь түүнд задгайдуу америк нэр болох Орпа гэдэг нэр өгөх гэж байсан ч эх баригчийн бяцхан алдаанаас болж /2 үсгийг хооронд нь сольсон/ Опра гэдэг онцгой нэртэй болсон түүхтэй. Бяцхан охин эмээтэйгээ жаргалтай амьдардаг байсан бөгөөд хэдийгээр эмээ нь бөглүү тосгоны хатуу чанга эмэгтэй ч гэлээ Опраг бие хүн болж төлөвшихөд нь асар их нөлөө үзүүлсэн гэдэг. Опраг эмээ нь гурван настайд нь уншиж сургасан бөгөөд таван настайдаа сургуульд оржээ. Цэцэрлэгт ороод долоо ч хоноогүй байхдаа Опра өөрийн гараар сургуульд сурах хүсэлтээ бичиж улмаар сургуульд орсон байна. Тэр гурван жилийн хичээлийн хөтөлбөрийг ганцхан жилд үзсэн гайхалтай чадвартай хүүхэд байв. Тухайн үедээ Опра сүмийн номлогч болохыг мөрөөддөг байсан бөгөөд хөдөө хээр малын дэргэд зогсон номлол уншдаг байсан гэдэг. Харин тэрбээр нэгэн удаа сүмд Пасхагийн өдөр Есүс тэнгэрт гарчээ гэсэн номлол уншсан нь олон хүмүсийн бишрэлийг төрүүлсэн бөгөөд яг л бурханы элч тэнгэрээс залаад ирэв үү гэмээр байсан гэдэг.

Цэцэрлэгт ороод долоо ч хоноогүй байхдаа Опра өөрийн гараар сургуульд сурах хүсэлтээ бичиж улмаар сургуульд орсон байна.

Опраг төрсөн эх нь өөр дээрээ авснаар түүний амьдрал хэзээ ч арилшгүй хар мөр үлдээсэн байна. Опра ээж мөн түүний нөхөр, хоёр хүүхэдтэй нь тавуулаа Милоуки хотын еврей нарын хороололд амьдардаг байж. Харин энд Опраг есөн настайд нь 19 настай үеэл ах нь хүчиндэж улмаар түүнийг дуугүй байлгахын тулд мөхөөлдөс авч өгсөн гэдэг. Өөр бусад хамаатнууд нь ч хүртэл түүнийг бэлгийн харьцаанд орохыг тулган шаарддаг байжээ. Тэр үед дөнгөж 13 нас хурээд байсан Опра тэсэлгүй эхээсээ мөнгө хулгайлаад гэрээсээ оргон дайжсан байна. Опра мөнгөө дуусаад нэгэн сүмийн номлогч дээр ирэн тусламж гуйсан ч номлогч түүнийг ээжид нь буцаан өгсөн байна. Харин ээж нь түүнийг өөрийн гараар насанд хүрээгүйчүүдийн хорих ангид суулгасан бөгөөд тэнд охин жирэмсэн болсон байв. 14 настайдаа хүүхдээ дутуу төрүүлсэн бөгөөд хүүхэд нь ч хүн болж чадсангүй. Бие сэтгэлээрээ асар их зовсон охиныг аав нь болох Мужнон Уинфри өөр дээрээ авчээ.

Тэр үед үсчинээр ажиллаж байсан эцэг нь эрхэмсэг нэгэн байсан бөгөөд охиныхоо сайн сайхан ирээдүйн талаар мөрөөдөж явлаа. “Аав миний амийг аварсан" хэмээн Опра хожим нь ярьсан байдаг. Үгсийн санг нь арвижуулахын тулд аав нь охиноо өдөрт таван үг цээжлэх дүрэм гаргасан аж. Охин насанд хүрэгчдийн номын санд бүртгүүлэн юм их унших болов. Хоёр долоо хоноод охин аавтайгаа хамт ээлжит унших номоо сонгон авч уншаад дараа нь түүгээрээ зохион бичлэг бичдэг байжээ. Энэ нь түүний цаашдын амьдралын зам; мөрийг тодорхойлсон юм. "Амьдралд янз бүрийн боломжууд байдаг, хорвоо дээр над шиг амьдралтай хүн олон байдаг. Би сайхан амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг ном надад ойлгуулсан. Ном унших нь нэдад итгэл төрүүлж байлаа" гэж Опра 1991 онд Америкийн нэгэн нэр хүндтэй сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.

Нэгэн цагт мисс болж байсан тэрээр 19 настайдаа орон нутгийн мэдээ уншдаг болж, радиогийн ток-шоуг хөтлөх болсон нь түүний одоогийн алдар хүндийг түүнд авчирсан байна. Опра Чикагогийн хэн ч тоодоггvй ток-шоуны чансааг өсгөснөөр нутагтаа алдартай болж, продюсерийн компаниа байгуулжээ. 32 настайдаа Опра саятан болж, ток-шоу нь АНУ даяар алдартай болсон байна. Мөн тухайн жилийнхээ төрсөн өдрөөр 800 мянган ам.долларын үнэтэй байшинг, Индиана мужид 60 акр газартай нь худалдан авсан юм. 41 настайд нь хөрөнгө нь 340 сая ам.доллар давж, Форбэс сэтгүүлээс гаргадаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орсон анхны Африк гаралтай хар арьст Америк эмэгтэй болжээ.

Ном унших нь нэдад итгэл төрүүлж байлаа.

Опра “Эмэгтэй хүн үргэлж өөртөө анхаарч байх хэрэгтэй гэдэг бөгөөд царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй” хэмээн хэлдэг. Тиймдээ ч бидэнд өөрчлөлт хэрэгтэй хэмээн сайхан хувцас сайн машинд үнэ хайрладаггүй гэнэ. Тэрээр алдартай брэндүүдийн хувцсыг цаг алдалгүй авдаг бөгөөд хаана ч байсан зөвхөн өөрийнхөөрөө байж чаддаг гэдгээ батлан “CFDA – Awards”-ын ёслол дээр хөл нүцгэн сандаалаа барин алхалж байсан аж.

Амьдралын бэрх нугачаанд бүдчих тусмаа хатууждаг байсан Опраг ойр дотнынхон нь шийдэмгий, ухаалаг гэдэг ч тэр амиа егүүтгэхийг завдаж байжээ.

Хэд хэдэн удаа гэрлэх санал авч байсан ч эцсийн шийдвэрийг гаргаж ердөө чаддаггүй байсан бөгөөд сүйт залуу Үильям Бубба Тейлорт гэрлэхээс татгалзсаныхаа дараа сэтгэл санааны хүнд дарамтанд орж, 1981 онд буюу 27 настайдаа амиа хорлохыг хүртэл завдаж байсан аж.

Опра холбооны улсдаа Philanthropin буюу ивээгч гэдгээрээ алдартай. Жишээ нь: “Сахиусан тэнгэрийн сүлжээ” хэмээх буяны хандив цуглуулдаг сайн дурын байгууллагыг үндэслэсэн. Business Week сонины мэдээлснээр 300 сая долларын хандивын хэмжээгээрээ хандивлагч ивээгчдийн жагсаалтыг тэргүүлжээ. 2004 онд 40 сая доллараар өмнөд африкт ялгаварлан гадуурхагдсан хамгийн ядуу давхаргын охидод зориулан “Oprah Winfrey” удирдлагын акедемийг байгуулсан. Тэрхүү сургууль нь гоо сайхны салон гэмээр тансаг тавилга, хэрэгслээс бүрдсэн байсан нь илүү олон сурагч хамруулсан хөтөлбөрт мөнгөө зарцуулах боломжоос татгалзсан хэмээн шүүмжлэлд өртсөн юм.

Түүнийг ногоон, улаан цагаан өнгийн хувцас өмсөх дуртай гэж түүний стилист Кэлли Херлимэн хэлжээ.

 

Сайн зүйлийн хажуугаар саар гэгчээ Опра Винфри нь байнга шахуу шүүмжлэлийн бай болдог. Жишээ нь: өөрийн алдар нэр болон мэдээллийн хэрэгслийн эрх мэдэлд үргэлж хариуцлагатай ханддаггүй. The Washington Post түүнийг улс төрийн нэгэн зочиндоо хэт шүүмжлэлгүй хандсан хэмээн буруутгасан. Мөн 2005 онд Hermès хувцас загварын дэлгүүрийн Парис дахь салбарын ажилтнаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийнх нь улмаас ахин энэ салбарт ажиллахгүй болгосноор шүүмжлэлд өртсөн юм. Түүнчлэн түүний номны клуб нэвтрүүлэгт танилцуулагдаж, улмаар уг ном хамгийн их борлуулалттай номоор тогтмол шалгардаг тогтолцоо нь шүүмжлэлд өртлөө. Мөн 2009 онд олны өмнө Suzanne Somers түүнийг анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдөөгүй гормоны бүтээгдэхүүн ба хорт хавдрыг эмчлэх бүтээгдэхүүнүүдийг сурталчилж байна хэмээн шүүмжилсэн юм.