m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.05 11:45
49
Д.Отгондалай: Манай боксчид бүгд ялагдсаны дараа заавал түрүүлэх зорилго тавьсан

Азийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр эх орондоо газардлаа. Монголын багийн сүүлийн алтан медалийг авчирсан Д.Отгондалай тэргүүтэй боксчид, эмэгтэй чөлөөт бөхийнхөн, тивийн “олимп”-оос анхны медалиа гардсан тэквондогийн баг зэрэг олон тамирчин “Чингис хаан” нисэх буудалд буусан юм. Энэ үеэр боксын спортын түүхэнд шинэ хуудас бичсэн Д.Отгондалайгийн сэтгэгдлийг нь сонслоо.

-Монголын боксчдын хүсэн хүлээсэн алтан медалийг авчирсандаа маш их баяртай байна. Миний хувьд сэтгэлзүйн бэлтгэл маш сайн байсан. Вакумжуулсан орчинд өрөөнөөсөө гарахгүйгээр сэтгэлзүйгээ бэлдсэн.

-Монголын боксчид шүүлтийн улмаас рингийг харамсалтай орхисон. Энэ явдал өөрийн чинь тоглолтод нөлөөлсөн үү?

-Манай долоон тамирчин нэг өдөр тоглоход бүгдийг нь аймшигтайгаар ялагдуулсан. Үүнээс хойш “Би заавал аварга болохгүй бол болохгүй” гэсэн том зорилго тавьсан. Д.Бат-Эрдэнэ ерөнхийлөгч ч гэсэн Азийн наадмаас анхны алтаа авах зорилготой байсан. Тэр зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байгаа.

-Аваргын төлөө тоглолт ямархуу болов?

-Филиппиний энэ тамирчинтай Казахстаны ерөнхийлөгчийн цомын тэмцээний хагас финалд таарч, 2:1-ээр хожигдож байсан. Тухайн үед шүүлт бас л эсрэг талд гарч байв. Азийн наадамд таарна гэж бодож байтал аваргын төлөө таарлаа. Хожиж чадсандаа маш их баяртай байна.

-Тоглолтын үеэр хөмсөг чинь задарсан. Энэ үед санаа зовж байв уу?

-Маш олон хоног жингээ барьсан болохоор цус бага гарсан. Узбекийн эмч шүүгч хоёр удаа дуудаж арччихаад тоглуулсан. Цус бага гарч байсан болохоор тоглолтыг зогсоогоогүй байх.

Энэ дашрамд намайг өдий зэргийн амжилт гаргахад тусалсан Д.Бат-Эрдэнэ ерөнхийлөгчтэй Монголын боксын холбооны хамт олон, “Хилчин” спорт хороо, 0168-р анги, “АПУ” ХК, анхны багш Ё.Төмөрбатаа, шигшээ багийн дасгалжуулагчид, хань ижилдээ бүгдэд нь баярлалаа гэж хэлье.