m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.06 03:40
67
Инчоны медальтнууд юу өгүүлэв

Инчоны Азийн наадамд түүхэн дээд амжилтаа үзүүлж, таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн тамирчдын сүүлийн хэсэг өчигдөр эх орондоо газардсан. Энэ үеэр медаль хүртсэн зарим тамирчинтай уулзаж, сэтгэгдлийг нь сонирхсон юм.

Боксын 51 кг-ын хүрэл медальт М.Нандинцэцэг: Тэнцүүхэн тулаанд ялагдсан учраас гомдол алга

-Боксын тэмцээний үеэр шүүлтийн булхай их гарсан. Өөрийн чинь тоглолтод шүүгч хэр нөлөөлсөн бэ?

-Тэмцээний үеэр манай тамирчдад шүүлтийн асуудал их тулгарсан. Миний хувьд эн тэнцүүхэн тулаанд ялагдсан учраас гомдол алга.

-Энэ тэмцээнд хийсэн тоглолтууд ямар болов? Өмнө нь авсан Азийн аваргын медальтай харьцуулахад илүү хүнд байв уу?

-Энэ удаагийнх Азийн “олимп” буюу Азийн наадмын медаль учраас илүү үнэ цэнэтэй байлаа.

-Сэтгэлзүйн бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Ер нь тамирчин хүний сэтгэлзүй гэдэг хамгийн чухал. Аварга болно гэсэн том зорилго тавиад явсан. Сэтгэлзүйн хувьд бэлэн байлаа.

Тэквондогийн 54 кг-ын хүрэл медальт М.Түмэнбаяр: Тэквондогоор Азиас медаль авна гэдэг хэцүү

-Монголын тэквондогийн түүхэнд анх удаа Азийн наадмаас медаль авсандаа маш их баярлаж байна. Тэквондогийн тамирчдын медалийн үүд хаалгыг нээсэн гэж үзэж байгаа. Биднийг тусалж дэмждэг үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, холбооныхоо удирдлагуудад баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол ганц миний амжилт биш. Нэг хүний ард олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн байдаг. Энэ бол бид бүхний амжилт.

-Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

-Тэквондогийн спортод Ази тивийнхэн хүчтэй өрсөлдөгч байдаг. Азиас медаль авна гэдэг хэцүү.

-Мөнгөн медалийн төлөө дэлхийн аварга Солонгосын тамирчинтай тоглосон. Ур чадварын хувьд хэр их зөрүү байна вэ?

-Надтай тоглосон тамирчин 54 кг-д дэхийн чансааны нэгд бичигддэг. Надаас 10 см өндөр. Мэдээж давуу тал их байсан. Дараа дараагийн тэмцээнд судалгаа сайн хийж, хожих зорилго тавьсан.

-Тэквондогийн төрлөөр шигшээ баг байгуулсан. Энэ нь манай тамирчдын амжилтад нөлөөлсөн үү?

-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард тэквондогийн төрлөөр шигшээ багийг байгуулсан. Энэ нь тамирчдын амжилтад маш их нөлөөлж байгаа.

Чөлөөтийн 55 кг-ын мөнгөн медальт С.Бямбацэрэн: Бэлтгэсэн тактикаа хэрэгжүүлж чадсангүй

-Энэ удаагийн тэмцээн сайхан боллоо. Манай чөлөөтийнхөн аварга төрүүлэх зорилготой явсан ч чадсангүй. Гэхдээ дараа дараагийн тэмцээнд алтан медаль авах байх аа.

-Аваргын төлөөх барилдааныхаа талаар ярьж өгөөч?

-Японы бөх Саори Ёшидатай хоёр дахь удаагаа таарсан. 2013 оны ДАШТ-д таарахад хөлдөө алдаад хожигдсон юм. Харин энэ удаа барьцтай барилдаанаар хожих тактик боловсруулсан. Гэвч үүндээ хүрч чадаагүй нь харамсалтай байна. Дараа, дараагийн тэмцээнд ялахын төлөө бэлтгэлээ хичээнгүйлэн хийх болно.

-Дэлхийд 11, олимпод гурван удаа түрүүлсэн энэ агуу бөхөөс манайхан юугаараа дутуу байна вэ?

-Би энэ жил айж эмээгээгүй, хожъё л гэсэн бодолтой гарсан. Надаас илүү юм нь тэсрэлт, хурд сайтай. Харин барьцтай барилдаанаар би өөрийгөө илүү л гэж бодож байна.

-Финалаас өмнөх барилдаануудынхаа талаар...

-Жин их хассан болохоор эхний тойрогт бие тавираагүй хэцүү байсан. Надтай барилдсан Кыргызийн бөх урт мөчтэй, эвгүй өрсөлдөгч байсан. 4:4-өөр тэнцэж, сүүлийн оноогоор хожсон. Харин хагас финалд Ардчилсан Солонгосын тамирчны эсрэг багш нарынхаа хэлснээр барилдаж ялсан даа.

-Чөлөөт бөхийн спортоор хэдэн жил хичээллэсэн бэ? Гаргасан амжилтаасаа сонирхуулбал?

-Долоон жил хичээллэж байна. 2012 онд Лондоны олимпод оролцсон. Тив, дэлхийн АШТ-д хоёр удаа оролцож үзсэн. Азийн аваргын хүрэл медальтай.

-Анхны багш хэн бэ?

-Өмнөговь аймгийн спорт хорооны Ганзориг багш миний анхны дасгалжуулагч. 2010 оноос хойш үндэсний шигшээ багт Т.Сүхбаатар, З.Дүвчин, Б.Батбаяр нарын удирдлагад бэлтгэлээ хийж байна. 2008 онд “Аварга” дээд сургуулийн оюутан болж ирээд Х.Намшир, Ю.Гандолгор багшийн удирдлага бэлтгэл хийдэг байсан.

Энэ дашрамд танай сайтаар дамжуулаад ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв, эмнэлэг, диспансер, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч нар, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ах, “Хүчит чулуут” компанийн хамт олонд болон ээждээ маш их баярлалаа гэж хэлье.

Д.Отгондалайгийн эхнэр Г.Хулан: Өглөө болгон цайныхаа дээжийг өргөөд хүлээж байлаа

-Боксчдын олон жил хүлээсэн алтан медалийг таны хань аваад ирлээ. Энэ мөчид төрж байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Олон жил хөдөлмөрлөсний үр дүн гарлаа. Монголын боксын түүхэнд анхны алтыг нь авч байгаад маш их баяртай байна. Ханиараа бахархаж байна.

-Тоглолтуудыг нь үзсэн үү?

-Ажилтай байж байгаад алтын төлөө тоглолтыг нь үзэж чадсангүй. Найз нөхдүүд утасдаж хэлээд маш их баяртай байлаа. Мэдээж сандрал, догдлол байлгүй яахав. Өглөө болгон цайныхаа дээжийг өргөөд хүлээж байлаа.

-Өөрөө явахдаа юу гэж хэлж байв? Хэр итгэлтэй байсан бол?

-Ер нь итгэлтэй байсан. Алтан медаль авч ирнэ ээ гээд л явсан. Охиныгоо хүртэл “Аавыгаа алтан медаль авчирна гэж залбираарай” гэж байсан. Тэгээд авлаа.

-Та хоёр ханилаад хэдэн жил болж байна вэ?

-Бид хоёр арван жилд байхаасаа үерхсэн. Гэр бүл болоод зургаа, долоон жил болчихлоо. Бид хоёр хоёулаа Дорнодынх.

-Отгондалай маань ямархуу боксчин бэ гэдгийг бид мэднэ. Харин хувь хүн, гэрийн эзэн, хань нөхөр гэдэг талаас нь сайн мэдэхгүй байх...

-Маш халамжтай хүн дээ. Уурлаж, уцаарлана гэж байхгүй. Намайг маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг.

-Охины чинь нэр хэн билээ?

-Цэлмүүн. Одоо таван нас хүрэх гэж байгаа.

-Өмнө нь ДАШТ-ий талбарт харамсалтай хожигдож, олимпийн эрхээс мултарч байсан. Тухайн үед сэтгэл санаа ямархуу байсан бол?

-Мэдээж хэцүү байлгүй яахав. Ямар ч үед сэтгэл санаагаар дэмжихийг боддог байсан. “Зүгээр ээ. Цаана чинь зөндөө тэмцээн хүлээж байгаа. Шантрах хэрэггүй шүү” гэдэг байсан.