m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.06 06:27
176
Монголын түүхт жингийн их замаар



19 дүгээр зууны эцэс, 20 дугаар зууны эхээр Төв Азийг, түүний дотор Монгол орныг сонирхох сонирхол Өрнөдөд хүчтэй нэмэгдэж, газарзүйчид, эртний судлаачид, угсаатан ба хэл, соёл судлаачид хийгээд шашин суртлаач, адал явдал хайгчид хэрэх болсон билээ. Учир шалтгаан нь гэвэл, Төв Азийн нутгийн гүн бараг судлагдаагүй, энэ бүс нутгийн талаарх газарзүйн мэдлэг, хүмүүсийн талаарх мэдээлэл хомс байсан явдал юм. Тэдний нэгэн болох Германы адал явдал эрэгч Эдгар фон Хартман бөгөөд тэрбээр өнгөрсөн зууны хориод оны үед тэмээн жингийн цуваа дагаж, Ховдын хязгаараар нэвтэрч, Ховд, Улиастайгаар дайран Сэлэнгэ мөрөнг дагаж явсаар Хиагтаар гарч явжээ. Тэр тухайгаа зохиогч ийн үгүүлжээ:
“...Би Копалаас (Копал нь 1841 онд козак цэргийн суурин болж байгуулагдсан, Орос, Төв Азийн хоорондох хилийн бүс гэгдэж байсан Семиречинск дэх худалдаа-гаалийн зангилгаа суурин, Орч.,Б.Б.) Алатау (Уйгараар Алтайн нурууг хэлж буй, Орч.,Б.Б.) нурууг дамжин Ховд хүрч, тэндээсээ Улиастай руу, цаашаа Сэлэнгэ мөрнийг дагаж, Хиагт (Маймаачин - Алтанбулаг) очих бодолтой байв. Копал нь Монголын хилээс холгүй, Алатау уулын хормойд жингийн их зам дээр оршдог, зүүн талаас хойд зүгийн нутаг руу аялах гол цэг нь болдог. Тэнд монголчууд, киргизүүд, сартуулууд амьдрах бөгөөд ихэнхдээ бараа таваарын солио наймаа, дамын худалдаа эрхэлнэ.
Копалаас Монголын хил (Манж Чин улсын үеийн Сибирь-Монголын хил үүгээр тэмдэглэгдсэн байдаг,Орч.,Б.Б.) хүртэл ердөө 100-н мод газрын (1 мод газар нь 1,07 км-тэй тэнцэнэ. Орч.) зайтай тул Оросоос Монгол руу эсвэл эргүүлээд бараа дамлан зарна. Хойд зүг рүү эсвэл зүүн тийш явах бүхэл бүтэн жингийн цуваа бараа таваар, ачлага уналгын малтайгаа хилээр гарч, тэр чигээрээ дамын наймаа болж хувирах нь бий. Хилийн харуулууд нь хүртэл дамын наймаанд оролцох тул бараа таваарыг хилээр нааш цааш гаргах нь тун хялбар.
Би Алатау уулыг даван Жунгаар(Шинжааны зүүн хойд талд оршдог өргөн говь цөл, монголоор Зүүнгар,Орч.,Б.Б.)-ын цөлийг туулж, Эгтаг (Алтайн уулс, Орч.,Б.Б.) уулын чанад дахь Ховд хүрэх нэгэн жингийн цуваанд нийлж, алсын замд гарсан юм. Манай жингийн цуваа нь 40 орчим ачааны давжаа морьд, илжигнээс бүрдэж байв. Арьс шир, бууны сум, тамхи ачиж явав.
Жинчид нь монголчууд, киргизүүд. Жинчдийн ахлагч нь үнэнхүү том бие хаатай, тун бяр тэнхээтэй, нүүрэндээ том сорвитой, догшин царайтай талын нэгэн монгол эр. Би л лав түүнийг манай жингийн цувааны ахлагч гэдгийг мэдээгүйсэн бол түүнтэй улаан цайм тааралдвал шууд л нүд дальдран нүүр буруулах байсан биз. Түүнийг Чоожаа (Чойжаа, Орч.,Б.Б.) гэх бөгөөд 45-н настай, Копал, Ховдын хоорондох замыг тоо томшгүй удаа туулсан, туулах туулахдаа ихэнхдээ үнэ цэнтэй бараа ачсан цуваа ахлан явж байжээ. Чойжаа тэмээн хөсөгтэйгээ ор сураггүй болж, ачаа барааны эзэн нь олж авч чадахгүй тохиолдол гардаг байж. Тэрбээр жингийн зам дагуу өөрийн гэх ар талыг нь даах хүмүүстэй байсан, тэдний тус дэмээр гартаа оруулсан бараа таваарынхаа учрыг олдог байв. Чойжаа хөсгийн ачаа барааг өөрөө хулгайлсан гэдгийг хэн ч нотолж чадахгүй. Бас жинчдийн дотор түүний итгэлт хүмүүс ч байх агаад тэд хар хэрээ лугаа адил хулгай хийнэ. Копалд миний сайн найз нэгэн киргиз намайг Чойжаатай сайн ойртож нөхөрлөхийг аминчлан зөвлөсөн билээ. Тийм учраас би түүнтэй аль болох ойртон нөхөрлөсөн бөгөөд үүнийхээ золио болгож, өөрийн хамгийн сайн гар буунуудынхаа нэгийг түүнд бэлэглэхээс өөр аргагүй болов. Ингэсний хүчинд би Ховд хүртэл айх аюулгүй явлаа. Ингээгүйсэн бол би зорьсон газраа хэзээ ч хүрч чадахгүй байх байсан байх...”

Жинчид Хангайн нуруунд баавгай агнасан тухай ингэж бичжээ:
“...Чойжаа, Тарим бид гурав ан гөрөөнд гарлаа. Юмыг яаж мэдэхэв хэмээн таван хүнийг хамгаалагчаар дагуулж явлаа. Хүний мөр хүрээгүй энэ уулын өтгөн торлог, ой модонд алхам бүрт шинэ зүйл, бас аюул занал ч тааралдах магадлалтай. Ойн захаар чонын мөр мөшгөн явтал гэнэт баавгайн мөр огтолж гарсан харагдлаа. Баавгай тун саяхан өнгөрсөн бололтой, мөр нь шинэхэн байв. Иймд энэ мөрийг мөшгөхөөр шийдэв. Аз болж, замын ядаргаа алжаалаа тайлах баавгайн шарсан мах, баавгайн сарвуутай ч болох юм билүү. Нэвтрэхийн аргагүй торлог дундуур мөрийг мөшгөн явлаа. Мөрөө алдчихгүйн тулд торлог дундуур зам гарган урагшлахад тулж байв. Баавгайг ямар нэгэн амьтан дагаа болов уу, эсвэл үүр лүүгээ явсан уу. Майга хүрэн үүр лүү нь хэн нэгэн халдаж магад хэмээн үүр нь ойртоход ч тун бэрх газрыг сонгодог. Мөрийг хөөн явсаар модон дотор нэгэн хадан хошуунд тулж ирлээ. Мөр тойрч явсаар томоохон нүх рүү чиглэв. Өвлийн ичээ бололтой. Бидэнд нохой байхгүй учир баавгайг гаргаж ирэх арга олдсонгүй. Баавгайг айлгаж цочоох урт саваа мод ч байсангүй. Тэгээд ч баавгайн нүх нь олон салаатай бөгөөд ичээ хэвтэр нь бүр цаад мухарт нь байдаг. Одоо яах вэ? Нүхэнд ер нь баавгай байгаа эсэхийг тандах зорилгоор манайхны нэг нь орж үзье гэлээ. Нүх рүү чиглэсэн тал талаас олон мөр байх тул майга хүрэн гэнэт бидний дунд гараад ирж ч магад.
Нүхний амсар хэсэг хавчиг байх тул ороход тийм ч амаргүй аж. Мөлхөж зүтгэсээр нэг маань ороод явчихлаа. Өөр нэг хүн араас нь дагаж оров. Гурав дахь хүн ороод, амсар хавьд байж, нүхний гүн рүү орсон хоёрыг бидэнтэй холбож өгөх үүрэгтэй. Нэлээд удлаа, дараа нь нэг баавгай байна хэмээн бидэнд дохив. Эхний хүн хэр гүн орсон, ичээнд нь тулж очсон эсэхийг мэдэх аргагүй. Гэнэт нүхэн дотор буу тасхийж, холбоо баригч хүн маань санд мэнд үстэй дээлээ орхин амьсгаадан гарч ирлээ. Нөгөө хоёр нь ч нүхний амсарт ойрхон бололтой дуу чимээ гарч, цаана нь хүчтэй хүрхрэх чимээ сонсогдоно. Тэр хоёр байдгаараа хашхирч, хараасаар нүхний ам руу ойртож буй бололтой. Баавгайн хүрхрэх чимээ ч ойртсоор. Нэг нь нүхнээс гарч ирлээ. Нүхэн дотор дахин хоёр удаа буун дуу гарч, хариуд нь баавгайн аймшигтай хүрхрэх чимээ дуулдана. Нүхэн дотор юу болж буйг мэдэх аргагүй; нөгөө хүн маань орилж хашхирч, баавгай хүчтэй хүрхэрч, хоёулаа тэмцэлдэж байгаа бололтой. Баавгай шархадсан болов уу, хэрэв тэгсэн бол тун аюултай догширдог. Нүхэнд орсон хоёр хүний эхнийх нь баавгайг олж хармагц ангийн аагандаа буудаж орхижээ. Баавгай хэвтрээсээ огло харайн босож тэр хоёр луу дайрчээ. Нүх хавчиг учраас баавгайтай барилцан тэмцэлдэх боломжгүй учраас тэд ухарч зугтахыг оролджээ. Нүхний амсар хэсэг бүр хавчиг учраас нүхнээс гарч амжсангүй. Нэг нь нүхнээс гарч амжиж, нөгөөг нь баавгай гүйцэж, амь эрссэн тулаанд оржээ. Чанга орилох чимээ, тасралтгүй хүрхрэх бүдэгдүү дуун. Хүн хашхирч орилохоо болив. Баавгай түүнийг шархдуулсан эсвэл дарж базаж алсан. Бид ч баавгай гарч ирэх замыг хаахгүйгээр нүхний амнаас арай зайдуу отон хүлээв.
Нүхний амсар хавьд баавгайн аймшигтай хүрхрэх дуу цуурайтаж, баавгай зүтгэсээр гарч ирлээ. Түүнийг буудах мөч надад таарлаа. Баавгай нүхнийхээ амсарт оцойн сууж, урд хоёр хөлөө өргөх тэр мөчид би буудаж, цааш харууллаа. Тэрхэн мөчид сонсохын аргагүй аймшигт хүрхрэх дуу гарч, арагшаа саваж уналаа. Нүхний амсараасаа бөгсөө сугалах санаатай хөлөөрөө хэдэн удаа цас самардаж, сүүлчийн хүч тамираа шавхан амсараас холдож чадав. Би буугаа дахин шагайж, дал хавсран буудлаа. Майга хүрэн бүх бие доргитол бархирч, салганан хажуугаараа унаж, сүүлчийн удаа бие нь татвалзан хөдөлгөөнгүй болов...”
Жинчдийн ахлагч нь үнэнхүү том бие хаатай, тун бяр тэнхээтэй, нүүрэндээ том сорвитой, догшин царайтай талын нэгэн монгол эр...

Орчуулагч, Хэвлэн нийтлэгч
Б.Баярсайхан