m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.06 08:31
74
Т.Санчир: Монголчуудын дэмжлэг биднийг улам хурцалж байсан

Инчоны Азийн наадамд амжилттай тоглож, тивийн шилдэг найман орны тоонд багтсан эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, Монголын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Оргил, холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Мандуул болон Т.Санчир тэргүүтэй тамирчдын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр О.Баярцогт дасгалжуулагч “Ямар ч байсан урьдчилсан шатны хэсгээс шалгарна гэсэн эхний зорилго байсан. Эндээсээ шалгарсны дараа шилдэг наймд үлдэж, Азийн шилдэг багуудтай тоглоё гэсэн зорилго тавьсан. Өмнө нь бид Азийн шилдгүүдийн эсрэг нэг үе, сайндаа л хоёр үе өрсөлддөг тоглодог байсан бол сая бүтэн дөрвөн үеийн турш өөрсдийн хэмнэлээр тоглож, тэдний эсрэг тэмцэл үзүүлж чадсан.

Ер нь багууд олон улсын тэмцээнд медальд хүртлээ 6-7 тоглолт хийдэг. Харин бид 10 тоглолт хийлээ. Өдөр дараалсан энэ олон тоглолт тамирчдад маань маш их нөлөөлсөн л дөө. Цаашид бид ямар ч тэмцээнд орсон медалийн төлөө тоглоно, 10 тоглолт хийнэ гэсэн сэтгэлзүйгээр бэлтгэл хийх ёстой. Яг үнэнийг хэлэхэд эхний дөрөв, таван тоглолтод манай тамирчид бие бялдар, сэтгэлзүйн хувьд бэлэн байж чадлаа. Үүнээс хойш графикийн хувьд уналттай байсан. Үүн дээр цаашид анхаарах байх” гэв.

Түүнчлэн сагсан бөмбөгийн төрлөөр олимпийн эрх авах боломжийн талаар “Юуны өмнө ирэх жил Тайваньд болох Зүүн Азийн АШТ-ээс Азийн аваргад орох эрхээ авах ёстой. Ер нь бүсчлээд явбал Зүүн Ази хамгийн өндөр шалгууртай байдаг. Хэрвээ Азийн аваргын эрхээ авчихвал цаашаа олимпийн эрхийн төлөө тоглож болно. Энэ удаагийн Азийн наадам үндсэндээ Азийн аваргын хэмжээнд боллоо. Тивийн бүх орон нэгдүгээр шигшээгээ илгээсэн. Бид тивийнхээ бүх том багуудтай гар зөрүүлээд үзчихлээ. Ямар ч байсан Монголын багийг басч болохгүй юм байна” гэдгийг харуулж чадсан” хэмээн ярилаа.

Энэ үеэр шигшээ багаа оройлон тоглож, оноо авалтаар багаа тэргүүлсэн довтлогч Т.Санчираас хэдэн зүйл тодруулав.

-Манай сагсчид Азийн наадмын түүхэнд хамгийн өндөр амжилтаа үзүүлж, шилдэг наймд үлдлээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бол?

-Тамирчид маань багаараа нэгдэж чадсан нь хамгийн гол хүчин зүйл байлаа. Хоёрдугаарт, холбооны удирдлагууд, сагсан бөмбөгт хайртай ивээн тэтгэгчид, үзэгчдийн гавьяа гэж хэлмээр байна.

-Гадны багуудаас танд ямар нэг санал тавьсан уу? Хэрвээ ийм санал ирвэл хүлээж авах уу?

-Яг одоогоор албан ёсны санал алга. Ирэх улиралд “Гурван тамир” багт тоглох гэрээ байгуулсан. Тийм болохоор ямар нэг санал ирлээ гэхэд багийнхаа удирдлагуудтай ярилцаж шийднэ дээ.

-Яагаад лигийн аварга багаа орхиод “Гурван тамир” руу явсан юм бэ?

-Айхтар шалтгаан байхгүй л дээ. Миний “SBL Хасын хүлгүүд”-тэй байгуулсан гэрээ дууссан. Тэгээд “Гурван тамир”-тай шинэ гэрээ байгуулсан юм.

-Та нарын хувьд тоглохын хажуугаар ажлаа хийдэг. Харин бусад орныхон зөвхөн сагсан бөмбөгтөө бүх анхаарлаа хандуулаад, амжилт гаргаж байна. Манайд мэргэжлийнхэн шиг зөвхөн сагсан бөмбөгөө хөөгөөд амьдрах боломж байдаг уу?

-Удахгүй тийм болох байх гэж бодож байна. Бидний хувьд өглөө ажилдаа яваад орой нь бэлтгэлээ хийж тоглодог. Өдөрт 2-3 бэлтгэл хийгээд тогловол илүү амжилт гаргах бүрэн боломжтой.

-Манайхан наймдугаар байр эзэлсэн нь мэдээж том амжилт. Гэхдээ үүний хажуугаар алдаа, дутагдалтай зүйл байсан байх. Ер нь цаашид юун дээр анхаармаар санагдсан бэ?

-Цаашид амжилтаа ахиулья гэвэл бүх баг клубийн системд шилжиж, клубийн зүгээс тамирчдаа бэлтгэл сургуулилт хийх бүх нөхцөлөөр хангах хэрэгтэй юм байна. Ер нь мэргэжлийн тал руугаа бэлтгэл хийх хэрэгтэй гэж бодсон.

-Нурууны өндөр их нөлөөлсөн үү?

-Мэдээж нурууны өндөр нөлөөлөлгүй яахав. Манай багийн хувьд нуруугаар намхан ч гэсэн хамгаалалт, хурдтай довтолгоогоор энэ сул талаа нөхөж тоглосон.

-Хэвлэл мэдээллээр дамжуулаад төр засгаас хүсэх зүйл юу байна вэ? Тулгамдаж байгаа асуудлаа нэрлэвэл?

-Хамгийн гол нь заалны асуудал байна. Хотын төвийн ойролцоо сагсан бөмбөгийн ордонтой болчихвол илүү хөгжих юм болов уу гэж бодож байгаа.

-Та нарыг тэмцээнд оролцох үеэр монголчууд сошиал ертөнцөөр маш их дэмжиж байсан. Энэ нь урам өгч байв уу?

-Монголчуудын энэ дэмжлэг биднийг улам хурцалж байсан л даа. Олон түмэн бидэнд итгэл хүлээлгэж байна, энэ урам зоригийг мохоохгүйн тулд бид илүү хүчтэй, дайчин тоглоё гэж ярилцдаг байлаа.

-Азийн наадам эхлэхийн өмнө Монголын багийг шилдэг наймд шалгарна гэж бодож байв уу?

-Ийм бодол байсан. Шилдэг найм байтугай, үүнээс ч дээгүүр байранд орох боломж байсан. Манай баг үе тэнгийн сайхан залуучуудаас бүрдсэн, яг амжилт гаргадаг насан дээрээ яваа. Тиймээс би багийнхандаа маш их итгэж байсан.

-Ордны уур амьсгал ямархуу байв?

-Нутагтаа тоглож байгаа юм шиг л хөгжөөн дэмжигчтэй байсан. Ордонд ирж, биднийг дэмжсэн бүх монголчууддаа баярлалаа гэж хэлье.