m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 03:01
157
Цас их орж, шуурга шуурснаас барилгын дээвэр хууларч, олон гэр нуржээ

Нийт нутгаар цас орж, эрс сэрүүслээ. Нийслэлд болоод орон нутагт нөхцөл байдал ямар байгааг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч  Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

 

-Хэдэн аймагт цас орж, хүйтрэв?

 

-Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв зэрэг есөн аймгийн зарим нутгаар цас орсон.

Харин өнөөдөр  Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж голын сав газраар хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна гэсэн мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүллээ.

-Цаашдаа хүйтэрч цас орно гэх мэдээлэл байна. Энэ сар дуустал ямар байх бол?

-энэ сарын 28, 29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 26-наас дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст сэрүүсэх юм байна.  

 

-Цас их орсон орон нутагт байдал ямар байна вэ. Эхний мэдээлэл ирсэн байх?

-Амйгуудад нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл ирсэн. Дархан-Уул, Орхон, Булган аймгуудын нутгаар өчигдөр цас орж, цасан шуурга шуурсаны улмаас Улаанбаатар-Дархан-Орхон, Улаанбаатар-Булган-Хөвсгөл чиглэлийн автозамын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Иймд дээрхи аймгуудын Онцгой комиссын шийдвэрээр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байсан. Одоо орон нутгийн болоод улсын чанартай авто замуудад автомашинууд чөлөөтэй зорчиж байна.

 

   Булган аймгийн Баян-Агт сумын нутгаар хүчтэй салхи салхилж тус сумын “Ихэр” гэдэг газар нутагладаг малчин О-гийн гэр нурсан гэх мэдээлэл ирлээ.

 Увс аймгийн нийт нутгаар энэ сарын 23-нд  хүчтэй салхи салхилж “Увс” нуурын дэргэдэх аялал жуулчлалын гэр баазын гэр, “Дэглий цагаан” нисэх онгоцны буудлын 48 метр төмөр хашаа, 38 ширхэг төмөр шон, Зүүнговь сумын Зэвсэгт хүчний 328 дугаар салбарын дээврийн хучилт, Холбооны газрын нарны самбар, сумын цэцэрлэгийн дээвэр, гэх мэт олон барилгын дээвэр, айлын хашаа хүчтэй салхи, шороон шуурганд унасан.

 

Говь-Алтай аймгийн нутгаар цас орж шуурсны улмаас Ховд аймгийн Дарви сум Говь-Алтай аймгийн Дарви сум хоёрын дунд 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 226 дугаар тулгуур хугарч унаад сумын цахилгаан эрчим хүч тасарсан. Мөн 225, 227 дугаар тулгуур багануудад ан цав үүсч цуурсан мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иас 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг засварлахаар ажиллаж байна.

 

       Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Цагаан даваа” гэдэг газар цас орж шуурсны улмаас 40 хүн долоон машинтай цасанд боогдсон мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн татаж гарган аюулгүй болгосон.

-Нийслэлд ямар байсан талаар мэдээлэл ирсэн үү?

-Баянзүрх дүүрэг дэх “Зохиомж” дээд сургуулийн залгаа байрлах авто тавиулангийн төмөр дээвэр хүчтэй салхинд хуурч ойролцоо байсан хоёр автомашин дээр унасан .

             Мөн Чингэлтэй  дүүргийн “Алтанбүрд” СӨХ-ийн Тод тоурын 21 дүгээр байрны дээвэр хүчтэй салхинд хуурч ойролцоо байсан машин дээр унасан хэрэг гарсан.

-Хана нурж иргэн гэмтсэн гэх үйл явдал бас цаг агаарын байдлаас болсон уу?

-Хан бүхлээрээ нурсан хэрэг болоогүй. Харин Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг “Чингис” зоогийн газрын гадна ханын засвар хийж байхад өнгөлгөөний шавар иргэн Э-ийн толгой дээр унаж гэмтээсэн. Түүнийг Яаралтай түргэн тусламжийн эмч ГССҮТөвд хүргэсэн байна.