m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 05:06
199
Хэргийн газрын үзлэг хийхэд баримтлах стандартыг боловсруулан тараажээ

Дундговь аймгийн Прокурорын газар энэ сарын 23-ны өдөр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид, Цагдаагийн хэлтсийн нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг хамруулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

Сургалт, зөвлөгөөнд нийт 34 албан тушаалтан оролцсон бөгөөд энэ үеэр орлогч прокурор А.Амгалан, “Хэргийн газарт үзлэг хийхэд гарч буй алдаа дутагдал, түүнийг арилгах арга зам”, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэ-Очир, “Шүүх шинжилгээний статистик” сэдвээр тус тус хичээл зааж, дээрх сэдвүүдийн хүрээнд орон нутагт ахуйн болон малын хулгайн гэмт хэрэг зонхилон гарч байгаатай холбогдуулан, хэргийн газрын үзлэгийг хэрхэн чанартай явуулах, хэргийн газраас илрүүлсэн ул мөр, гарын хээ болон тээврийн хэрэгслийн мөрийг нотлох баримтын шаардлага хангахуйц хэмжээнд бэхжүүлэн авах, шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаж гарч чадаж байгаа эсэх зэрэг бусад тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, хэлэлцүүлэг явуулжээ.

Түүнчлэн прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээчдийн ажлын уялдааг сайжруулах зорилгоор цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсны зэрэгцээ шинэ залуу прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн загвар болон хэргийн газрын үзлэг хийхэд баримтлах стандартыг боловсруулан, сургалтад оролцогсдод тараасан байна.

Сургалт, зөвлөгөөний үеэр прокуроруудаас, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хэргийн газарт үзлэг хийхэд гарч буй алдаа, зөрчлийг нэг мөр арилгах, хэргийн газрын үзлэг хийхэд баримтлах стандартыг баримталж ажиллах талаар тодорхой үүрэг, чиглэлийг өгч, дараагийн зөвлөгөөнд биелэлтийг эргэн тооцохоор тогтжээ.