m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 06:17
43
Ш.Түвдэндорж: Х.Тэмүүжин сайдыг огцруулах үндэслэл нь нууцын зэрэглэлтэй

Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тус байнгын хороонд УИХ дахь Ардчилсан нам бүлгийн есөн, МАН-ын бүлгийн тав, Шударга ёс эвсэлийн таван гишүүнээс бүрддэг. Тэгвэл Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 дэмжсэн юм. Байнгын хорооноос гарсан уг шийдвэр, санал дүгнэлтийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болоод буй.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоос тодрууллаа.

-Хууль зүйн сайдыг огцруулах санал өгсөн байна. Энэ талаар тодруулна уу?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайдыг огцруулах  тогтоолын төслийг өргөн барьсан. Хуулийн дагуу долоо хоногийн дотор хороогоор хэлэлцсэн ч гишүүд нэмэлт мэдээлэл хэрэгтэй гэж үзэн хойшлуулаад байсан. Энэ нь Х.Тэмүүжин гишүүнийг тагнаж, чагнасан асуудлыг прокурор, мөрдөн байцаах газруудаас мэдээлэл авсан. Ингээд өчигдөр уг мэдээллийн талаар хаалттай хэлэлцээд Х.Тэмүүжин сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

-Хууль зүйн сайдыг гурван үндэслэлээр огцруулахыг  тогтоолын төсөлд оруулсан байсан. Харин хаалттай хуралдаанаар өөр олон асуудал хөндөгдсөн гэж үнэн үү?

-О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлээр л огцруулах болсон. Тухайлбал, "Имрай" аппаратын тос дамжуулах хоолой дээр барилгын хавтан унасны улмаас эвдэрч 350 орчим сая төгрөгийн хохирол учраад байна.

-Тэгвэл та аль үндэслэлийг голлон сайдыг огцруулахыг дэмжсэн юм бэ?

-Энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал. Өчигдөр байнгын хорооны гишүүд мэдээлэл авч ярилцаад бүгд өөрийн үзэл бодлоор асуудалд хандсан.

-Х.Тэмүүжин гишүүн хар тамхи хэрэглэдэг охидтой холбоотой гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлыг  байнгын хороо юу гэж үзсэн вэ?

-Энэ талаар тодорхой шийдвэр гараагүй.

-Тэгэхээр Х.Тэмүүжин сайдад хууль зөрчсөн асуудал их байсан гэж ойлгож болох уу?

-Хууль зөрчсөн гэхээсээ илүүтэй ажлын хариуцлага алдсан.

-Энэ асуудалд сайд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Х.Тэмүүжин сайд УИХ-ын гишүүд хэлэлцээд шийдвэр гаргана биз дээ гэсэн.