m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.09 04:02
62
Цуврал-26 Боевик болох хүсэлдээ хөтлөгдсөн залуусын будлиантай хэрэг

Зах зээлд шилжсэн он жилүүдэд гэмт хэрэг гэхэд боломгүй хөгтэй ч  бас олныг айлган сүрдүүлсэн хэрэг цөөнгүй гардаг байсныг цагдаагийнхан хуучилсан. Видеогоор гадаадын кино олон үзэж даган дуурайхыг өсвөр насныхан их хүсдэг байсан нь гэмт хэрэгтэн болж, “аав”-ын хаалгыг татахад ойрхон болгож байв. Үүнтэй адил нэгэн хэргийг хурандаа Г.Дагвадорж илрүүлсэн юм.

Хурандааг амарч байхад нэгэн дуудлага ирлээ. Гэрт маань гурван залуу дайран орж ирээд арай л амийг минь хөнөөсөнгүй гэж тэвдүү ярих хүн Дэндэв гарцаагүй мөн. Яаран гарч гэрт нь очиж юу болсон талаар ярилцав.

Дэндэвийнх сумандаа чинээлэг айлын тоонд ордог. Хөршүүд түүнээс мөнгө зээлж авах нь цөөнгүй. Намрын орой тэд хүүхдүүдээ унтуулаад өөрсдөө амрахаар өрөөндөө орлоо. Гэрийнх нь гадаа хэн нэгэн байж, гэрэл унтрахыг хүлээн буйг тэд яахан мэдэх билээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа нүүрэндээ хар малгай углан, нүд ам гаргасан, хүзүүндээ хохимой толгой зүүж, биеийнхээ энд тэнд будгаар нялсан гурван зулуу тэдний хаалгыг хөшин ойнгойлгов.

 

Амарч буй хүмүүс тэднийг орж ирсэн гэж мэдсэн шинжгүй унтаж байв. Залуус гэрээс нь хүссэн зүйлээ аваад гарах боломжтой байсан ч тохуурхахаар шийдлээ. Эхнэр, нөхөр хоёрын амарч буй өрөөнд нь орж хөнжлийг хуулав. Тэд мэдэж байгаа шинж алга. Эхнэрийнх нь суга руу хатгахад бага зэрэг хөдөлснөө унтав. Хөхийг нь базлахад тэр түлхэж хөнжлөө хайж гараараа тэмтчив. Дахин базахад тэр цочин сэрж харанхуйд сүүтгэнэн харагдах хар хувцастай хүнийг харан чанга гэгч орилов. Нөхөр нь эхнэрийнхээ орилох дуунаар цочин сэрээд тэднийг харан бас айж сандрав. Гэрэл асааж чанга чанга инээх тэднийг хэн болохыг таньж чадахгүй ч нөхөр нь “Та нар яах гэж ирсэн юм. Авах зүйл байвал аваад зайл” гэв. Нэг ч үг дуугарахгүй хутга, мод барьсан залуус инээж Дэндэв рүү ойртов. Дэндэв сандран гүйж авдрынхаа араар байсан калибрь бууг гарган “Буудлаа шүү” хэмээн сандаргав. Тэд айсан шинжгүй  бууд л даа гээд эхнэрийг нь өмнөө барьж, хүзүүнд нь хутга тулгав. Эхнэр нь айж сандран орилж  “Амь өршөө, авраарай” гэх дуунаар нөгөө өрөөнд унтаж байсан хүү сэрж орон доогуур оров. Амыг нь барьж ”Дахин орилох юм бол хоолойг чинь хэрчинэ шүү” сүрдүүлээд инээлдэв. Айж ичихгүй байгаа нь харваас илт залуус буу барьсан Дэндэв рүү алхам алхмаар ойртлоо. “Бууд бууд” хэмээн инээлдэх тэд дөхсөөр Дэндэвийг дарж унагаав. Яг энэ үед нөгөө өрөөнд байсан хүү нь том гэгч мод барьчихсан толгойлогч хэмээн өөрийгөө онцолсон Жакын толгойн дундуур цохив. Тэр  унан нэг хэсэгтээ хөдөлгөөнгүй болов. Хүү рүү нөгөө хоёр нь дайрахад Дэндэв ухасхийн босч тэднийг хүүгээсээ холдуулахыг оролдов. Дээр доороо орон ноцолдох зуур Жак босон “Нөхөд хориглолтонд” гэж хэлснээр тэд гарч зугтав.

Айж сандарсан эхнэр, хүүхдээ тайвшруулан хагарч хэмхэрсэн зүйлээ цэгцлэх зуур хөршийн Дамба сандарсаар орж ирэв. “Танайх чинь шөнө дөлөөр юу болоод байна. Хүмүүс агсам тавив уу” гээд болсон явдлын хэсгээс сонсоод шууд цагдаад мэдэгдэв.

 

Гэмтнүүд тэнд хар малгайгаа орхисон байв. Урьд өмнө ийм хэрэг гарч байгаагүй болохоор цагдаагийнхан аймаг руу шуурхай мэдэгдэв. Аймгаас ажлын хэсэг гарган маргааш өглөө гэхэд ирсэн байв. Хэн гэгч ийм танхай балмад үйлдэл гаргав гэдгийг тогтоох ажил эхэллээ. Дэндэвийнд гутлын мөр, гарын хээ үлдээгүйгээс харахад тэд эртнээс төлөвлөсөн, зохион байгуулалттай байсныг төвөггүй мэдэв. Хар малгай хэнийх вэ гэдгийг тогтоох ажлыг хийсээр аймгийн шууданд ажилладаг Сэрдэнгийнх мөн болохыг олж мэдэв. Гэтэл Сэрдэн урагдаж хуучирсан малгайгаа хаяад бараг долоо хонож буйгаа хэлэв. Мөрдөн шалгах ажил үргэлжилсээр. Гэтэл аймгийн төвөөс зайдуу байх Сандагийн гэрт үл таних залуус дайран орж, бас тохуурхсан хэрэг гарав. Гэрийн эздийн хэлж буйгаар Дэндэвийн ирсэн хүмүүс мөнөөс мөн. Цагдаагийнханд ирсэн мэдээллээр тэд хулгай хийгээгүй, хүний амь насанд халдаагүй аж. Гэхдээ дахин ийм хэрэг өдөөж буй нь сэтгэлийг  нь зовоов. Энэ мэт хэрэгтээ ташуурсан нөхөд цаашид ямар ч гэмт хэрэг үйлдэж болзошгүй учир яаралтай барьж саатуулах ажил тулгарав. Сумын залуусын нэг бүрчлэн бүртгэж, ажилтай ажилгүйн судалгааг бас үзэж сонирхов. Ажилгүй залуус ийм хэрэг үйлдэж болзошгүй гэдгийг цагдаагийнхан сайн мэдэх тул тэднийг ажиглаж, хаана юу хийж явааг тандав. Гэтэл 19-22 насны гурван залуу өдөржин унтаж буйг цагдаагийнхан анзаараад тэднийг тандсанаар гэмтнүүдийг илрүүлэв. Шөнөжин айл амьтнаар хэсэж, айлган сүрдүүлж байсан тэд өдрөөр унтдаг байж.

 

 

Дараагийн айлаа товлон нөгөө хар хувцас малгайгаа барьсаар шөнө дунд явж байхад нь цагдаагийнхан саатуулжээ. Баригдсан даруйдаа хэргээ хүлээн, гэм буруугаа илчилсэн тэд  сайн эр болох хүсэлдээ автан ийм хэрэг хийсэн гэж хэлжээ. Харин тэд хүний амь нас хөнөөхгүй, хулгай хийхгүй гэж тангараг тавьсандаа хүрсэн байж. Гэсэн ч эрүүгийн хэргийн шинжтэй энэ үйлдэлд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн залууст ухуулга сурталчилгааг сайн хийжээ.