m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 07:08
74
“Иргэний андгай” өргөн Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд өнөөдөр “Андгай өргөх” ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авч байгаа шилдэг тэргүүний сурагчдаараа дамжуулан эх оронч, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг залуучуудад төлөвшүүлэхэд оршиж байгаа  хэмээн дүүргийн засаг даргын орлогч Т.Мөнх-Очир хэлж байлаа.  “Андгай өргөх” ёслолын үеэр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхболдоос дараах зүйлсийг тодрууллаа.

- “Андгай өргөх” ёслолын үйл ажиллагаанд хичнээн хүүхэд хамрагдаж иргэний үнэмлэхээ гардан авсан бэ ?

- Монгол Улсын насанд хүрсэн иргэн болж буйг гэрчлэх үнэмлэхээ авч байгаа 20 хүүхэд өнөөдөр өөрсдийн иргэний үнэмлэхээ ёслол төгөлдөр гардан авч байна.

- Өнөөдөр үнэмлэх гардан авч байгаа хүүхдүүдэд ямар шалгуур тавьсан бэ ?

- Бид тодорхой шалгуураар шалгаруулж сонгосон. Ер нь бол эх орныхоо эзэн болсон гэдэг утгаар бид өнөөдөр эдгээр хүүхдүүдэд “Иргэний андгай” нь өргүүлж үнэмлэхийг нь гардуулан өгч байгаа нь чухал юм гэлээ.  

“Андгай өргөх” үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Засаг даргын орлогч Т.Мөнх-Очир болон Бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхболд нар оролцож, сурагчдыг төлөөлөл болсон 20 хүүхдэд иргэний үнэмлэхийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

 Монгол Улсын иргэний үнэмлэхээ дөнгөж гардан аваад байсан Ган зам хоёрдугаар сургуулийн 10 А ангийн сурагч н.Ундармаа бидэнтэй  сэтгэгдлээсээ хуваалцлаа.  “Мэдээж Монгол Улсын иргэн болж байгаадаа маш их баяртай байна. 16 нас хүрээд хуулийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болж байна. Өнөөдөр бидэнд иргэний үнэмлэх гардуулах ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа Баянгол дүүргийн ах эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна “гэв.

Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт он гарсаар нийт 16 настай 792 хүүхдийн иргэний үнэмлэх хэвлэгдэн гарч 23 хороогоор тараагдаад байгаа юм байна.