m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.25 07:17
83
Иргэд өөрсдийн буруугаас болж хохирсоор байна

Хилийн чанадад зорчиж буй манай улсын зарим иргэн өөрсдийн буруугаас, тухайлбал архидан согтуурах, хил гаалиар гарахдаа зөрчил гаргах, тэндхийн ажилтнуудын зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, бусадтай наймаа арилжаа хийхдээ баримт, гэрээ үйлдэхгүйгээр мөнгөө залилуулах гэх мэт асуудалд удаа дараа холбогдсоор байгаа Гадаад харилцааны яамнаас анхааруулав.

Энэ төрлийн үйлдлүүд ялангуяа БНХАУ-ын Эрээн хот руу зорчигчдын дунд түгээмэл байна. Тухайлбал, иргэн О. Эрээнээс Замын-Үүдийн чиглэлд зорчигч тээж явахдаа хүний тоо хэтрүүлж, илүү ачсан хүнээ буулгахыг шаардсан Хилийн шалганы цэргийн шаардлагыг үл тоон явсан бөгөөд Эрээн дэх Монгол Улсын консул руу Хятадын хилийн шалганы цэрэгт зодуулсан мэтээр мэдээлэл өгсөний мөрөөр консулын ажилтнуудыг тухайн газарт очиход энэ нь үнэнд нийцэхгүй, харин ч иргэн О. бусад рүү үсчин, туйлын бүдүүлэг аашилж байжээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Б. гэгчийг Эрээн хотын нэгэн зочид буудлын ард ухаангүй согтуу хэвтэж байхыг тухайн дүүргийн цагдаа олоод Эрээн дэхь Монгол Улсын консулд мэдэгдсэний дагуу явж очиход биедээ бичиг баримт, мөнгө төгрөггүй байсны зэрэгцээ Замын-Үүд-Эрээний боомтоор О. гэгч хүнийг дагаж орж ирсэн, холбоо барих утсыг нь мэдэхгүй, төрсөн өдөр тохиосон тул хоёр өдөр архи уусан хэмээн мэдүүлсэн байна. Түүний эрүүлжүүлж амраагаад, Монгол дахь ар гэрийнхэнтэй нь яаралтай холбогдон буцаах арга хэмжээ авсан байна.

Э. нь Эрээнд ирээд Одонгэрэл, Буянт гэх өвөрмонгол хүмүүст ямар нэг гэрээ баримт үйлдэлгүйгээр 178 мянган юань өгч, бараа авахаар тохирсон ч тэдгээр хүмүүс нь мөнгийг нь аваад утсаа салган сураг чимээгүй болсон

Монгол Улсын иргэн Э. нь Эрээнд ирээд Одонгэрэл, Буянт гэх өвөрмонгол хүмүүст ямар нэг гэрээ баримт үйлдэлгүйгээр 178 мянган юань өгч, бараа авахаар тохирсон ч тэдгээр хүмүүс нь мөнгийг нь аваад утсаа салган сураг чимээгүй болсон гэнэ. Иймд иргэд арилжаа наймаа хийхдээ мөнгө өгч байгаа хүнээ тогтмол хаягтай эсэхийг сайтар нягтлах, гэрээ баримт үйлдэх, дор хаяж банкаар гуйвуулга хийх, зорчиж буй газрынхаа хууль дүрмийг судлах, зүй ёсны шаардлагыг хүлээж авах, архидан согтуурахаас зайлсхийх, бичиг баримт мөнгө төгрөгөө хямгадах зэргээр өөрийгөө хохироохгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулжээ.