m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.10 04:50
279
ОУХМ Ч.Нарантуяа: Олон жил хий дэмий хөдөлмөрлөөгүй юм байна гэдгээ ойлгосон

Инчоны Азийн наадамд Монголын тамирчид түүхэн амжилт гаргаж, таван алтан медальтай ирсэн. Солонгосын талбарт төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчдын нэг нь буудлагын ОУХМ Ч.Нарантуяа билээ. Тэрбээр ингэхдээ Азийн наадмаас медаль хүртсэн анхны эмэгтэй мэргэн бууч болсон юм. Түүнтэй ярилцлага хийхээр утас цохиход буудлагын төв дээрээ тэмцээн шүүж байна гэсэн юм. Энэ өдрүүдэд болж буй ахмадын УАШТ-д тэрбээр шүүгчээр ажиллаж байгаа аж. Тэмцээний дундуур шинэхэн аваргатай уулзаж ярилцсанаа толилуулья.  

-Юуны өмнө Азийн наадмаас алтан медальтай ирсэнд баяр хүргэе. Энэ жил хэдэн тэмцээнд оролцов, бэлтгэл сургуулилт ямархуу байв?

-Баярлалаа. Энэ жил гурван Дэлхийн цом, ДАШТ, Азийн наадам гээд нэлээн олон тэмцээнд оролцлоо. Бээжингийн Дэлхийн цомд 3х20 төрлөөрөө финалдаад, зургадугаар байр эзэлсэн. ДАШТ-д бол шилдэг наймд шалгарахад нэг оноо дутаж, 10-р байрт орсон. Хэрвээ шилдэг наймд орсон бол олимпийн эрхийн төлөө өрсөлдөх байлаа. Тэгээд тэндээсээ шууд Инчоны наадамд ирсэн.

-Энэ жил онооны нягтрал ямар байв?

-Оноо ерөнхийдөө гайгүй. Манай ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог учраас бүх л шилдэг буудагчид ирсэн. Өрсөлдөгч ширүүн, оноо өндөр байсан. Азийн наадамд ч гэсэн тивийн бүх шилдгүүд өрсөлдлөө. Би ДАШТ-д 584 онож, финалаас мултарсан. Харин Азийн наадамд 582 онож, хоёрдугаар байраар финалд гарч ирсэн. Яг үнэнийг хэлэхэд би өмнө нь финалын бэлтгэл огт хийгээгүй байсан. Бэлтгэл хийе гэхнээ тоног төхөөрөмж байхгүй, бас сумны асуудалтай байлаа. Ер нь цаашдаа финалын нарийвчилсан бэлтгэл хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-ДАШТ-д олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнөөс харамсалтай хасагдсан. Харин Азийн наадамд дотроо ямар зорилго тавьж очсон бэ?

-Гайгүй онож байсан формоо Азийн наадамд хадгалах зорилготой байсан. Гол зорилго бол ДАШТ байсан л даа. Гэвч олимпийн эрхээ авч чадаагүй болохоор Азийн наадамд сэтгэл дундуур л очсон. Гэхдээ Азийн наадам чинь бас л нэг том даваа шүү дээ. Муу буудлаа гээд дараагийн тэмцээнээ золиосолж болохгүй. Энэ бүгдийг мартаж, өөртөө шинэ зорилго тавиад оролцсон.

-Медаль санаанд чинь багтаж байв уу?

-Медаль авна гэж нэг их бодоогүй ээ. Гол нь өөрийн хүссэн оноогоо л авья гэж бодсон.

-Алтан медаль авах агшинд юу бодогдох юм?

-Тамирчин хүн төрийнхөө далбааг мандуулахад би монгол хүн шүү гэсэн бахархах бодол орж ирж байна лээ. Мөн олон жил хий дэмий хөдөлмөрлөөгүй юм байна гэж бодсон. Үүний хажуугаар ээж аав, ах дүүс, ивээн тэтгэгч байгууллага, багш дасгалжуулагч бүгд л бодогддог юм билээ.

-Азийн наадмын анхны эмэгтэй аварга буудагч, мөн ганцаарчилсан төрлөөр медаль авсан анхны буудагчаар Та тодорсон. Тухайн үед ийм амжилт үзүүлснээ мэдэж байсан уу?

-Янз бүрийг түүхэн амжилтуудыг мэдээгүй байсан. Тэрийгээ сүүлд мэдсэн л дээ. Сайхан л санагдсан. Урт буугаар энэ амжилтыг тогтоосондоо их баяртай байна.

-Гар буу бол олимп, дэлхийгээс медаль авдаг гол төрөл. Харин сүүлийн үед урт буучид маань гараад ирлээ. Урт бууны тамирчид дэлхийн хэмжээнд өрсөлдөх мөч ойртжээ гэж ойлгож болох уу?

-Миний өмнөх үед З.Батхуяг эгч байсан. Хоёр олимпод оролцсон. Сүүлийн үеийнхнээс гэвэл Н.Баяраа сая Лондоны олимпод оролцлоо. Ер нь урт буучид нэлээн сайжирч, дэлхийд өөрсдийгөө харуулж чадаж байна. Цаашдаа ч улам сайжрах байх. О.Янжинлхам, Г.Нандинзаяа, залуучуудын олимпод эрхээ авч орсон Ангирмаа гээд залуу сайн тамирчид гарч ирж байгаа. Онооны түвшин ч дэлхийн хэмжээнд ойртсон.

-Урт бууны тамирчид ингэж сайжрахад юу нөлөөлсөн бол?

-2007 онд буудлагын холбоо бүх тамирчдаа буу, хувцас хэрэглэлээр хангасан. Би ч гэсэн 2007 оноос хойш холбооныхоо буугаар буудаж байгаа. Үндэсний шигшээ баг маань гол төмөрт таарсан сум бидэнд авч өгдөг. Ер нь урт буучдын хувьд бэлтгэл гэхээсээ илүү гол төмөрт таарсан сумтай байх нь чухал. Бас хувцас хэрэглэл сайн байх хэрэгтэй. Мэдээж дасгалжуулагч, эмчийн ажил гээд олон хүчин зүйл нөлөөлнө л дөө.

-Буудлагын спортод эмч ямар хэрэгтэй юм бэ?

-Харин хүмүүс тэгж асуугаад байдаг юм (инээв). Бид нар нуруу, хүзүүний бэртэл их авдаг. Хүнд буу, хувцас өмсөөд олон цаг шагайгаад зогсоход нуруу, хүзүү бэртэл ихтэй болчихдог юм билээ.

-Өөрийн чинь хэрэглэж байгаа буу дэлхийн шилдгүүдийнхтэй адилхан байж чадаж байна уу?

-Миний хэрэглэдэг хоёр буу үнэхээр сайн.

-Ийм буу ямар үнэтэй байдаг юм бэ?

-2-3 мянган евро байх аа.

-Түрүүн дасгалжуулагч гэж ярилаа. Анх ямар дасгалжуулагчийн удирдлагад буудаж эхлэв, одоо хэний удирдлагад хичээллэж байна?

-Би анх Өмнөговь аймгаас тамирчны гараагаа эхэлсэн. Анхны дасгалжуулагч Д.Доржпалам намайг буудлагад ороход бүх л юмыг зааж, суурь бэлтгэлийг сайн тавьж өгсөн. Харин одоо үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш багшийн удирдлагад хичээллэж байна.

-Өмнөговьт буудлагын клуб байсан юм уу?

-Аймгийн БХТН-ийн дэргэдэх буудлагын секцэнд анх орж байсан юм. Аавтайгаа хамт очиж шалгуулаад урт буунд нь тэнцэж байлаа.
-Яагаад тэр секц рүү яваад оччихов?

-Аав л дагуулж очсон юм. Намайг тамирчин болгоно гэж бодсон юм байлгүй. Сүүлд асуухад “Охиноо харахад буудагч болох шинжтэй байсан” гэж байсан.

-Аав чинь өөрөө спортын хүн үү?

-Манай аав гимнастикийн спортын 1-р зэрэгтэй хүн. Бүх ард түмний спартакиадад оролцож, хүрэл медаль авч байсан юм билээ.

-Анх мэдээж сонирхоод хичээллэсэн байх. Харин үүнээс хойш буудлагын юу нь таалагдаад өдийг хүртэл явж байна вэ?

-Эхэндээ бол шантарч байсан л даа. Буудахгүй хэрнээ хэдэн цагаар буу шагайгаад зогсоход ямар ч сонирхолгүй санагдана. Гэхдээ нэг орсон юм чинь эцсийг нь үзье гэж бодоод явсан даа.

-Гаргасан амжилтуудаа дурдвал?

-УАШТ-ий 50 гаруй медальтай. Мөн Универсиадын хоёр мөнгө, гранпри тэмцээний хоёр алт, Азийн аваргын хоёр хүрэл медальтай. Улсын рекордыг нэлээн хэдэн удаа тогтоож байсан.

УАШТ-ий 50 гаруй медальтай, үүний ихэнх нь алт

-50 гаруй медалийн хэд нь алт вэ?

-Ер нь ихэнх нь алт шүү. Хамгийн анхны медаль гэвэл 2000 онд улсын аваргаас алт авч байсан.

-Анхны медалиа алтаар эхлүүлнэ гэдэг сайхан байх. Тухайн үед өөрийгөө түрүүлнэ гэж бодож байв уу?

-Тэр тэмцээнийг ерөөсөө мартдаггүй юм. Түрүүлнэ гэж бодоогүй болохоор их баярлаж билээ.

-Ямар ямар төрөлд буудаж байна вэ?

-Би гурван төрөлд бууддаг. Үүнээс хийн урт буу, 3х50 мерт нь олимпийн төрөл.  

-Урт бууны тамирчин гэхээр ан гөрөө хамгийн түрүүнд санаанд ороод байна л даа. Ангийн буугаар буудаж үзэж байсан уу?

-Ангийн буугаар бол буудаж үзээгүй. Би “Алдар” спорт хорооны 330-р ангид хуваарилагддаг болохоор анги дээрээ очиж, марш тактикийн тэмцээнд орж байсан. Энэ үед цэргийн зориулалтын буугаар буудаж үзсэн.

-Цэргийн буугаар буудахад хэр онож байна?

-Цэргийн ангийн байлдагч нарын түвшинд бол хүрэхгүй ш дээ. Цэргийн буу, спортын буу хоорондоо ялгаатай.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Би нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Манай нөхөр Оюутолгойд ажилладаг, хүү маань нэгдүгээр ангид сурч байгаа.

-Олимп, дэлхийн дэвжээнээс медаль авсан тамирчны амьдрал эрс өөрчлөгдөнө. Харин тэр зорилго руу тэмүүлж буй жирийн тамирчдын амьдрал ахуй ямархуу байдаг юм бол?

-Шигшээ багт харьяалагдаж байгаа тамирчдын сарын цалин 400 мянга. Тэгээд хороонуудад харьяалагддаг тамирчид цолноосоо хамаарч янз бүрийн цалин авдаг байх. Ер нь бол амьдрал дундаж түвшинд л байгаа шүү дээ. Спортынхон дунд мэргэжил эзэмшсэн хэрнээ мэргэжлээрээ ажиллаагүй тамирчин зөндөө байдаг. Би гэхэд МУИС-ийг төгссөн. Мэргэжлийнхээ дагуу ажиллах боломж байсан л даа. Гэвч дуртай болохоор спортоо хаяж чадаагүй.

-Ар гэрийнхэн чинь спорт хөөлөө гээд дургүйцдэг үү?

-Манай ээж эхэндээ дургүй байсан. Эмэгтэй хүн буу, шийдэм барилаа гээд. Тэгээд би ээжээсээ нууцаар явдаг байв. Харин амжилт гаргаад эхлэхээр өөрөөр хүлээж авдаг болчихдог юм билээ. Одоо бол ээж маань миний хамгийн том фэн, бүх зүйлд зөвлөгөө өгч, дэмждэг хүн. Бас гэр бүлийнхэн маань намайг ойлгож дэмждэг.

-Ирээдүйгээ ямраар харж байна. Цаашид хэдэн жил буудах төлөвлөгөөтэй вэ?

-Мэдээж тамирчин хүний зорилго олимпод орж, медаль авах. Манай буудлага нас заадаггүй гэдгээрээ бусад спортоос онцлогтой. Одоо энд ахмадын УАШТ болоход 80 настай хүн буудаад зогсч байна. Тэгэхээр чадал чансаа хүрч л байвал буудаад байна гэж бодож байгаа.

-Олимп, дэлхийн медаль авах түвшинд хүрэхэд хэр зөрүү байна вэ?

-Зөрүү бараг алга болчихож. Сумны хангалт сайжраад, өөрсдөө хичээвэл медаль авах боломжтой. Урт буучид Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах цаг нь ирчихсэн гэж хэлмээр байна.

-Олимпийн эрх яаж авах ёстой вэ?

-Дөрвөн Дэлхийн цомын алт, мөнгөн медальтан олимпийн эрхээ авна. Эрхийн тэмцээнүүд дараа жилийн гуравдугаар сараас эхэлж байгаа. Бас Азийн аваргаас эрх авна.

-Чиний төрөлд хаанахын тамирчид сайн байна вэ?

-Германчууд их сайн байна. Германы үндэсний спорт нь буудлага. Бас хятадууд ямар ч тэмцээнд очсон эхний гурваас буудаггүй. Сүүлийн үед сербүүд их сайжирч байна.

-Буудлагын тамирчид хүссэн тэмцээн болгондоо орж чадаж байна уу. Улсын зүгээс буудлагад зарцуулж буй мөнгө хүрэлцэж байгаа юу?

-Шигшээ багт харьяалагддаг болохоор хүссэн тэмцээндээ явж, хүссэн сумаараа буудаж чадаж байна. Энэ дашрамд ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Сая намайг Азийн наадмаас алтан медаль хүртэхэд “Apple Town” компани байраар шагнасан. Зөвхөн байраар шагнаад зогсоогүй, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тамирчин хүний хувьд ар тал найдвартай сайн байх хэрэгтэй. Ар тал сайжирвал сэтгэл зоволгүй бэлтгэл хийх боломж бүрднэ. Тиймээс “Apple Town” компани надад үнэхээр их эрч хүч өглөө.

Ч.Нарантуяа: Азийн наадмаас алтан медаль хүртэхэд “Apple Town” компани байраар шагнасан

Аравдугаар сарын 10 бол Монголын буудагчдын баярын өдөр. Энэ дашрамд танай сайтаар дамжуулаад Монголынхоо үе үеийн мэргэн буучдад баярын мэнд дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.