m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.10 08:15
283
Варикозын үед хэрэглэх ургамлын гаралтай бүтээгдэхүүн

entella asiatica (Gotu kola/Центеллы азиатской)

Дотроо тритерпений хүчил, азианы хүчил, малеказын хүчлүүдийг агуулдаг Cентелла-гийн цэвэр хандыг уухаар хэрэглэхэд доод мөчний венийн дутагдал болон варикоз венийн эмчилгээний үед үр дүн сайтай гарсан хэд хэдэн клиникийн судалгаа байдаг. Венийн дутагдал болон варикозын үед үр дүнтэй байдаг нь холбогч эдийн бүтцийг сайжруулж, склероз болох явцыг багасгаж, тухайн өвчилсөн мөчний цусны урсгалыг сайжруулдагтай холбоотой. 

Хэд хэдэн туршилт судалгаагаар Сентелла нь холбогч эдийн бодисын солилцоог хэвийн болгодгийг тогтоосон байна. Ялангуяа энэ нь глюкозамингликаны нийлэгжлийг идэвхижүүлж, холбогч эдийн бүрэн бүтэн байдлыг сайжруулдаг. Гликозамингликан нь үндсэн бодисын гол бүтэц болж, венийг хүрээлэн бүтцээ хадгалахад тусалдаг. Himalaya брэндэд энэ бэлдмэл байдаг. 

Аесцин (Aescin)

Aecцин бол Aesculus hippocastanum (horse chestnut)-ийн үрнээс гаргаж авсан бодис бөгөөд варикоз вен болон шамбарамын үед олон жилийн турш хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ нь хаван болон үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд хялгасан судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулж, капиллярийн хананы жижиг нүхний хэмжээ болон тоог бууруулдаг. Үндсэн бодисыг задалдаг лизосомын энзимүүдийг саатуулснаараа хаван болон нэвчимхий чанарыг бууруулдаг. 

Варикоз венийн эмчилгээнд Aecцин-ийг ууж хэрэглэх ба Aecцин болон холестеролын холимогийг түрхлэг хэлбэрээр хэрэглэж болно. Энэхүү түрхлэг нь хөхрөлтийн үед үр дүнтэй нь түүний хялгасан судасны хэврэг байдлыг багасгаж, хаванг бууруулдагтай холбоотой.

 

Ruscus aculeatus (Butcher’s broom/Иглица шиповатая

Энэ ургамал нь лилигийн бүлгийн бутлаг ургамал бөгөөд энэ ургамлын үндэс нь венийн өвчнүүдийг анагаахад хэрэглэгдэж иржээ. Энэхүү ургамлын идэвхитэй найрлага нь рускогенинс бөгөөд судас нарийсгах, үрэвслийн эсрэг зэрэг маш олон фармакологийн үйлдэл үзүүлдэг. Варикоз вен болон шамбарамын эмчилгээнд үүнийг гадуур буюу дотуур өргөнөөр хэрэглэдэг. 

Флавоноидууд

Венийн судасны ханын бүрэн бүтэн байдлыг нэмэгдүүлэх нь варикоз үүсгэх эрсдлийг бууруулдаг учраас флавоноидоор баялаг жимснүүд болох долоогоно жимс, интоор, нэрс, хар бөөрөлзгөнө зэрэг нь варикозоос сэргийлэхэд тустай. Биофлавоноидууд нь эдгээрт хөх-улаан өнгийг бий болгодог бодисууд юм. 

Эдгээр жимсгэнэ нь проантоцианидин болон антоцианидинаар баялаг эх сурвалж болдог. Проантоцианидин болон антоцианидин нь үндсэн бодис болон судасны тогтолцооны бүрэн бүтэн байдлыг сайжруулдаг. Флавоноид агуулсан жимсгэнүүдийн хандыг цусны эргэлтийн тогтолцооны олон төрлийн өвчнүүдийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг.  Эдгээрийн үр дүн нь:

• Хялгасан судасны хэврэг байдлыг бууруулах

• Венийн ханыг бүрэн бүтэн, шулуун байлгах

• Үндсэн бодисын найрлагад ордог бодисуудын задралыг бууруулах

• Венийн судасны булчингийн тонусыг нэмэгдүүлэх зэрэг үйлдэлтэй холбоотой. 

Жимсгэнүүдийг эсвэл хандыг хэрэглэх нь варикозод тустай бөгөөд мөн варикозоос сэргийлэхийг хүссэн хүн бүр ууж болно. 

Бусад зөвлөгөө

• Удаан хугацаагаар зогсохоос зайлсхийх. Хэрвээ ажил тань үүнийг шаарддаг бол ойр ойр сууж амарч байх буюу хөлөө өргөж байх хэрэгтэй. Хөл нь цээжний түвшнээс дээш өргөгдсөн байх хэрэгтэй. 

• Удаан хугацаанд суухаас зайлсхийх. Тодорхой хугацаагаар босч, хөлөө сунгаж байх хэрэгтэй. Өдрийн турш бага хэмжээний дасгал хийх, жишээ нь алхах нь хөлийн хураагуур судсанд дүүрсэн цусыг зүрх рүү шахахад туслана. 

• Хөлөө өргөж байх. Варикоз венүүд нь цусыг зүрх рүү буцаах хүч нь суларсан венүүд юм. Хөлийн вен нь зүрхнээс хамгийн хол, шулуун судас тул гэмтэхдээ хялбар байдаг. Тийм учраас хөлөө ташаанаас дээш өргөх нь хөлийн ачааллыг бууруулдаг. Өвдөж, зовиурлах үед нь хөлөө өргөвөл зовиур багасах болно. Шөнө унтахдаа ч гэсэн хөлөн доороо ивээс тавьж, өндөрлөж байх нь тустай. 

• Цусны эргэлтээ сайжруулахын тулд дасгал тогтмол хийж байх хэрэгтэй. 

• Бага хэмжээний, хөнгөн хэлбэрийн варикозын үед даралттай оймс өмсөж байх хэрэгтэй. 

• Хэрвээ жирэмсэн болсон бол урьдчилан сэргийлэх зорилгоор даралттай оймс өмсвөл зохино. 

• Илүүдэл жинтэй байх нь хөлийн ачааллыг нэмэгдүүлдэг тул жингээ хасах арга хэмжээнүүдийг авч эхлээрэй. 

• Тамхи нь хөлийн венийг бүдүүрүүлэх эрсдэлт хүчин зүйл болдог тул тамхиа хаях хэрэгтэй. 

• Эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа анхаараарай. Эслэг багатай хүнс хэрэглэхэд өтгөн хатаж, дүлэлт үүсэхэд хэвлийн дотоод даралт ихсэж, варикозын вен дүүрэхэд хүрдэг.