m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.10 09:07
659
Ц.Ариунтамир: Дасгал хөдөлгөөн бол миний мултивитамин

Энэ удаагийн “Баялаг бүтээгч” буланд маань цахим ертөнцөд Тамираахан нэрээрээ олны танил болсон эрч хүчээр дүүрэн, хөдөлмөрч бүсгүй оролцож байгаа юм. АНУ-д ажиллаж, амьдардаг тэрбээр эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маягийг хүмүүст сургах, түгээх зорилготой 16000 хол давсан гишүүнтэй Tamiraahan Health & Fitness фэйсбүүк хуудас, 5000 гаруй гишүүнтэй Tamiraahan фэйсбүүк группийг удирдаж, tamiraahan.wordpress.com блог хөтөлдөг. Түүний орон зайд та төрөл бүрийн эрүүл хоолны жор, зөв хооллох арга барил, үр дүнтэй дасгал хөдөлгөөнийг сурч, өдөр тутмын хэрэгтэй зөвлөгөөг авч болно.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Тамираахан гэдэг сошиал нэрээр таныг мэдэх хүмүүс олон бий. Бидэнд өөрийгөө албан ёсоор танилцуулахгүй юу?

-Намайг Цэрэндаваагийн Ариунтамир гэдэг. Хүмүүс намайг Тамираа буюу Тамираахан гэдэг нэрээр минь нэлээд их таних болсон. Би АНУ-ын “Eastern Washington” их сургуулийг бизнес удирдлагын мэргэжлээр 2012 онд төгссөн юм. Одоогоор бол Вашингтонд хувийн дасгалжуулагчаар ажиллаж, амьдарч байна даа.

-Дасгалжуулагчаас тэс өөр мэргэжилтэй юм байна шүү дээ?

-Би анх бизнес удирдлагыг сонгохдоо ямар ч анхны мэдэгдэхүүнгүй байсан. Гэрийнхэн маань л энэ мэргэжил зүгээр гэсэн болохоор сонгочихсон юм. Ер нь бол, би их олон зүйлд сонирхолтой. Заримдаа бүжигчин ч юмуу тийм урлагийн авьяастай хүн байсан ч болоосой гэж бодох үе бий. Гэхдээ би бизнесийн ертөнц хэрхэн оршин тогтнодог, мөнгөний эргэлт яаж явагддаг гээд маш сонирхолтой, хэрэгтэй зүйлүүдийг мэргэжлийнхээ дагуу үзэж, суралцсан. Одоо бол би бусдын биш, өөрийнхөө мөрөөдлийг амьдралын зорилгоо болгож хөдөлмөрлөнө, өөрийнхөө бизнесийг ч эхлүүлнэ гэж боддог.

-Таны турж, эрүүл сайхан болсон түүх олон охид бүсгүйчүүдэд урам зориг өгдөг юм билээ. Өөрийн түүхээс хуваалцахгүй юу?

- Анх өөрийнхөө гадаад байдалд итгэлгүй, сэтгэл хангалуун бус нэгэн байснаа фитнессээр хичээллээд өөрийгөө өөрчлөөд эхэлсэн, тэгээд бусдад бас тусалмаар, өөрийнхөө туршлагыг хуваалцахыг хүсч байгаагаа ойлгосон. Надад тулгарах бэрхшээлүүд нь хэн болохыг минь тодорхойлж, намайг илүү хүчтэй болгож, нээж байдаг гэх үү дээ. Тэгэхээр би бол өөрийгөө хараахан бүрэн олоогүй ч, өсч л яваа нэгэн.  Заримдаа өөртөө эргэлзэх, айх үе бас байдаг. Гэхдээ, миний мэдэж байгаа нэг зүйл бол, би бусдад туслахыг, эмэгтэйчүүдийг хүчирхэг, өөртөө сэтгэл хангалуун болоход дэмжихийг туйлын их хүсдэг. Тэгээд энэ зорилгоосоо маш их сэтгэл ханамж авдаг. Жишээ нь,

таргалалт гэсэн асуудалтай хүмүүсийг уриалж, зоригжуулж, амьдралыг нь өөрчилнө, сайжруулна гэж бодохоос л би баярладаг. Хүмүүс эргээд надад өөрсдийнхөө дэвшил, ахицын талаар ярьж, баяр хөөртэй байгааг нь харах үнэхээр сайхан. Заримдаа ч “би үнэхээр ингэж нөлөөлж чадлаа гэж үү” гэж бодогддог шүү. Би фитнесс эрүүл, аз жаргалтай амьдралын салшгүй нэг хэсэг гэдэгт итгэдэг.

Ер нь би чинь их дасгал хийх дуртай хүн л дээ. Анх ч нэлээд их жинтэй байсан. Тэгээд хөдөлгөөн, зөв хооллолтын ачаар амьдралынхаа хэв маягийг өөрчилж,  эрүүлжиж, улмаар өөрийн хүссэн жиндээ хүрч чадсан. Тэгээд өөрийнхөө хэрэгжүүлсэн бүх арга, туулсан даваануудаа Facebook-ийн “Tamiraahan Health and Fitness” дээрээ бичиж эхэлснээр маш олон дагагчидтай болсон юм. Бүхий л чадлаараа тусламж хэрэгтэй байгаа хүмүүст нь хүрч туслах юмсан гэж их хичээдэг. Энэ байдал минь л хүмүүст их таалагдсан байх.

-Мэдээж маш олон хүнд үлгэр дууриалал болж яваа байх. Ер нь хэдий хэмжээний хүнд зөвлөгөө өгсөн бол?

Өө ёстой тоолж байгаагүй юм байна. Намайг 16000 хүн дагаж байгаа, бас групп дээр 5000-аад хүн гэхээр их л тоо гарах юм шиг байна. Өглөө сэрэх болгонд л надаас зөвлөгөө авъя гэсэн хүмүүсийн захидлаар дүүрсэн байдаг.

Уг нь нээх сайхан тухтай сууж байгаад л хүн бүрт зөвлөгөө  өгөе гэж боддог ч тэгээд суувал үнэхээр барагдахааргүй юм билээ. Тэгээд хүмүүсийн сонирхсон асуултуудыг нэгтгэж, базаж байгаад л нэг хариулт өгдөг юм. Анх энэ хуудсаа ажиллуулж эхлэхдээ хүн тус бүрт хариулт өгөөд л, байнга утсаа шалгаж, асуултанд дэлгэрэнгүй хариулаад гэрээсээ ч гарахаа болисон байсан. Тэгээд бүр өөрөө ядаргаанд ороод, өөрийн амьдралаа алдах шахсан шүү дээ. /инээв.сур/  Тухайн үед зөвлөгөө авч чадаагүй хүмүүстээ намайг уучлаарай гээд энэ дашрамд хэлчихэе.

-Дасгал хөдөлгөөн хийх үед чамд ямар мэдрэмж төрдөг вэ?

Би дасгал хийхээрээ тэс өөр орчлонд ороод явчих шиг сэтгэгдэл төрдөг юм. Тэр мөчид бие сэтгэл минь тайвширч, амарч, бүхнээс ангижирч, бас их хүч чадал, эрч хүчийг мэдэрч олж авдаг. Зөвхөн өөртөө зориулж байгаа маш сайхан мөч. Миний өөрийгөө эмчлэх эм гэж ч хэлж болно. Зөвхөн сэтгэл санааг минь өргөөд зогсохгүй, би ханиад ч хүрээгүй олон жил болж байна. Зарим хүмүүс стрессээ тайлж, муу муухайг мартья гэж архи тамхи хэрэглэдэг. Миний хувьд хөгжим сонсоод дасгалаа хийх. Хийсний дараа илуу шинэ, илүү хүчтэй хүн болсноо би шууд мэдэрдэг. Намайг өдрөөс өдөрт өөрийгөө хэн бэ гэж танихад минь тусалдаг оюуны эмчилгээ юм даа. Ийм агуу мэдрэмжийг хуваалцахын тулд би Tamiraahan Health & Fitness хуудсаа сайн дураараа, цаг зав гарган хөтөлдөг. Гишүүдээс маань “Би таниас болж өөрчлөгдлөө, та надад өдрөөс өдөрт урам хайрлаж байдаг шүү” гэсэн үгстэй захианууд ирэхэд би маш их баярладаг. Дасгал хөдөлгөөн бол миний мултивитамин бөгөөд хүмүүст түгээх мөрөөдлийн минь зорилт юм.

-“Баялаг бүтээгч” гэдгийг та юу гэж ойлгож байна вэ?

- Миний бодлоор эрүүл энх байж, хайраар бялхсан хүнийг л “баялаг бүтээгч” гэх юм уу даа. Цаанаасаа л нэг тийм юмыг тал талаас нь ойлгох чадвартай, бүтээлч, цоглог, бусдад туслая гэсэн эрмэлзэлтэй хүнийг хэлэх байх. Түүнээс биш хөрөнгө мөнгийг баялагт тооцвол буруу. Баян чинээлэг мөртлөө амиа хорлочихсон хүмүүс зөндөө л байна. Хөрөнгөтэй мөртлөө найз нөхөд, хамаатан садангүй сэтгэл нь хоосон хүмүүс ч бас байдаг шүү дээ.

-Сошиал ертөнц үнэхээр хүчээ авч байна. Тэр ч утгаараа энэ ертөнцөөр дамжуулан маш олон охид, бүсгүйчүүд танаас зөвлөгөө авч эрүүлжиж, гоо сайхан болж байна. Тиймээс л бид “Баялаг бүтээгч” буландаа таныг урьсан юм?

-Маш их баярлалаа. Би өөрийгөө баялаг бүтээгч болохын төлөө тэмцэж байгаа жижигхэн бүтээгч л гэж бодож байна. Миний бүтээлүүд өдөр өдрөөр нэмэгдсээр том бүтээгч хүн болох байлгүй дээ. Тэгээд ч ер нь энэ амжилтанд хүрсэн хүмүүс, нийгэмдээ их том баялаг бүтээгчдийг уншиж, судлаад байхад зүгээр сууж байгаад л тийм болчихсон байдаггүй шүү дээ. Нэг л өдөр олон олон шавьтай болчихсон хүн гэж хаана ч байхгүй. Бүгдээрээ л их хэцүү зам туулж байж амжилтанд хүрсэн байдаг. Тиймээс ч би өөрийгөө зуун хувь амжилтанд хүрсэн гэж бодохгүй. Энэ бол зүгээр л миний хувьд эхлэл төдий зүйл.

-Таны хаанаас энэ их эрч хүч гараад байна вэ. Таны үнэт зүйлс?

-Сэтгэл хангалуун, эрүүл, идэвхтэй амьдрал бол хамгийн үнэ цэнэтэй. Миний ертөнц гэдэг чинь миний гэр бүлийнхэн, найз нөхөд, эх орон минь шүү дээ. Би чинь таван хүүхэдтэй айлын эрх бага охин нь. Ээж, аав, ах, эгч нартайгаа уулзалгүй олон жил болчихжээ. Хэдий тэд минь хол байгаа ч намайг үргэлж хайрлаж, дэмжиж байдаг. Намайг хэзээ ч хориглохгүй, надад итгэдэгийнх нь ачаар, би өдий зэрэгтэй яваа, өөрийхөөрөө чөлөөтэй өөрийгөө эрж хайж яваа гэж тэдэндээ талархдаг.
Амьдралыг үзэх үзэл баримтлалын тухайд, би өөрөө эхлээд эрүүл чийрэг, тэгээд боловсролтой байж, бусдад тусалж чадна. Далай ламын хэлсэн үг байдаг даа. Таныг юу гайхшруулдаг вэ гэсэн асуултанд “Хүмүүс мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж хамаг бие эрүүл мэндээ алдчихаад, эцэст нь олсон мөнгөө эргүүлээд эмчилгээнд үрээд дуусдагт” гэж хариулсан байдаг.
Хүнийг хөдөлгөх хүч бидэнд маш олон зүйлээс ирдэг. Хөндлөнгийн хүмүүсээс, гэр бүлийнхнээс, найзуудаас маань, эрүүл мэндийн шаардлага гэх мэт. Бас бусдад туслах юмсан гэсэн хүсэл минь намайг хөдөлгөх хөшүүрэг болдог доо.

-Өөрийгөө ялан дийлж чадахгүй яваа хүмүүст хандан юуг хэлэх вэ?

- Опрагийн  хэлсэн “ Өөрийн хийж буй ажилдаа л хамгийн сайн нь бай. Амжилт аяндаа ирнэ” гэсэн үг байдаг шүү дээ.

Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж, яагаад үүнийг хийж байгаа билээ гэдгээ сайн тунгааж, бодох хэрэгтэй. Ер нь энэ бүхнийг та хэний төлөө хийж байгаа юм, хэнд хэрэгтэй юм бэ гэдгийг үргэлж өөрөө өөрөөсөө асуух хэрэгтэй. Мөн эцсийн үр дагавар ямар байхыг тунгааж бодох хэрэгтэй. Өөртөө урам зориг өгөөд, хүссэн зүйлээ хийж эхлэхээрээ өөрийгөө байнгын тэр хүслийнхээ төлөө өдөөх хэрэгтэй. Тиймээс маш их судалгаа хийж, суралцаж, адилхан зорилготой хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлэх юм. Элдэв бусын юманд татагдаад байвал тэрнийгээ долоо хоногийн 1,2 дахь өдөр хийнэ гэх мэтээр төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

Календарь аваад түүн дээрээ даваа, мягмар, лхагва...гаригуудад хийх ёстой зүйлсээ бичих нь их чухал. Хэрвээ дасгал хийх гэхээр зав гарахгүй юм гэж бодож байгаа хүн байвал өөрийгөө яг эмчид үзүүлэх гэж байна, эсвэл чухал хичээлд суух гэж байгаа мэтээр бодож заавал цаг гаргах хэрэгтэй. Ингэж л чухалчилж үзэхгүй бол та хэзээ ч өөрчлөгдөхгүй. Мөн өөртөө хандаж “Чиний хийхгүй гэсэн зүйлийг, аль хэдийн хэн нэг нь хийж чадаад, амжилтанд хүрсэн” гэж хэл. Одоо шууд орноосоо босоод хөдөлж эхэл.

-Ер нь ямарваа амжилт гаргахад амар зүйл гэж үгүй. Тамираа өөрөө хэр шантарч байв?
-Мэдээж хүн л юм чинь шантралгүй л яахав. Би яг л бусадтайгаа адилхан уйлж, инээж, баясаж, хөөрч явдаг хүмүүсийн нэг. Надад хичнээн хэцүү мэт санагдавч би тэр үед “миний одоо мэдэрч байгаа шантралт бол түр зуурынх, баяр баясгалантай, цоглог өдрүүд намайг хүлээж байна” гэж дотроо бодож, өөрийгөө хурцалдаг юм. Ганц муухай өдөр, гунигт бодол миний хүсэл мөрөөдлийг үгүйсгэнэ гэж бодохоор хайран санагддаг болсон. Мөн төлөвлөсөн зүйлийнхээ ард гарсны дараах мэдрэмж ямар сайхан байдаг билээ тэр эерэг бодлыг би дотроо төсөөлж боддог. Бас өөрийгөө шантрах гээд эхэлвэл өөрийгөө ялан дийлсэн хүмүүсийн түүх, ном, сонин, хэлсэн үг зэргийг тал талаас нь хайж, олж уншаад эерэг бодлуудаар өөрийгөө бөмбөгддөг болсон доо.

Бидний хүсэж мөрөөдсөн ямар ч зүйл тэгж амархан ирдэггүй. Надад одоо ч бууж өгөх мөчүүд гардаг гэхдээ тэр үед би өөрийгөө дасгал хийж өдөөх арга барил хайдаг. Бас өөрийнхөө мөрөөдлийн даашинзаа аваад түүнийгээ өмсдөг болохын төлөө спортоор хичээллэдэг байсан шүү.

-Өнгөрсөн хугацаанд та өөрөө хөгжиж, бас олон хүнийг хөгжүүлж чадсан. Олон залууст үлгэр дууриалал болоосой гэж хүсч байна?

-Америкт суралцахаар ирсэн минь маш сайн зүйл болсон. Жаргасан ч, зовсон ч өөрөө л тэр бүхнийг бие дааж туулаад, сурахдаа сураад, алдахдаа алдаад туршлага суугаад явах нь сайхан байдаг. Хүн ер нь өөртөө найдаж амьдрахад л нүд илүү нээгддэг гэж боддог.

Зарим нэг ойлгож авсан зүйлс гэвэл бид үргэлж шинийг сурч байх хэрэгтэй.Бас өөрийхөө биедээ анхаарч, өөрийгөө үргэлж арчилж, боловсруулж байх хэрэгтэй. Эргээд үүний ач холбогдол ямар их гэдгийг мэдэж авсан. Хүн эрүүл саруул байж л ямарваа зүйлийг хийж бүтээнэ шүү дээ.

Боловсроно гэхээр айхтар мэдлэгтэй шинжлэх ухааны доктор (хэрэв сонирхол чинь бол бас л боломжтой) болох ч гэдэг юмуу тийм зүйл биш л дээ. Би үргэлж хичээл хийгээд суудаг хүн ч биш. Гэхдээ сайн номнууд унших, сонирхолтой мэдлэг өгөхүйц баримтат кинонууд үзэх их зүгээр шүү. Хүн нэг шинэ юм сурахад, тэр нь илүү том зүйл рүү хөтөлдөг. Дэмий хов жив, ахуйн хэрүүл унших бол ямар ч хэрэггүй. Муу муухай, дэмий зүйлс уншихаар хүний бодол сэтгэхүй нь ч тийм болдог.Тиймээс хүн тархиндаа юу хийж байгаагаа хянах нь чухал.

Бас нэг чухал зүйл нь бид эргэн тойрныхоо хүрээллийг, найз нөхдөө зөв сонгох хэрэгтэй. Амьдралын идэвх, амбицтай, өөдрөг хүмүүс бие биенээсээ үргэлж суралцаж байдаг. Тэд илүү сайн сайхан руу тэмүүлэх боломжтой болдог. Харамсалтай нь хүн болгон чиний найз биш. Хүнийг танихад цаг хугацаа орно л доо. Сөрөг хандлагатай хүмүүс таарна л даа. Тийм үед, зүгээр уучлаад, тэдэнд хамгийн сайн сайхныг хүсээд холдоод явчих л хэрэгтэй.

-Мэдээж хийе бүтээе гэсэн олон санаа байгаа байх. Цаашдын зорилго?

-Миний цаашдын зорилго гэвэл өөрөө өөрийгөө өдрөөс өдөрт хөгжүүлж, өөрийнхөө бага ч болов сурсан мэдсэн зүйлүүдээ хүмүүстэй хуваалцаж, тэднийгээ идэвхжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэдэг ямар чухал болохыг ойлгуулах явдал. Эрүүл мэнд, амьдралын зөв хэмнэл гэдэг ямар чухал болохыг олон хүнд ойлгуулж, зөв замд нь оруулахыг хичээж, чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулах болно. Одоохондоо ганцаараа болохоор гараас минь үр дүн их удаан гарч байна. Гэхдээ болгохын төлөө зүтгэнэ дээ.

-Мэргэжлийн дасгалжуулагч болсон гэсэн үү?
-Тийм ээ. Мэргэжлийн дасгалжуулагч чиглэлээр одоогоор дөнгөж ажиллаж эхэлж байна. Гадаадад амьдарч байгаа монголчуудтайгаа эхний ээлжинд хамтран ажиллаж байгаа. Мэдээж гадаад хүмүүс ч бас бий. Миний хувьд өөрийн дуртай ажлаа хийгээд үнэхээр сэтгэл хангалуун байна. Дасгал хөдөлгөөн, биеийн бүтэц гэдэг бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлдэг болохоор их нарийн ажил байдаг юм билээ. Ер нь хүний биеийг судлана гэдэг үнэхээр гайхамшигтай.

-Тамираа хэзээ эх орондоо ирэх бол?

-Яг одоогоор бол хэлж мэдэхгүй байна. Намайг их санаад байгаа хүн байвал видео чат хийж болно шүү. /инээв.сур/ Одоо үед чинь энэ цахим ертөнц хөгжчихсөн болохоор заавал тухайн оронд байх шаардлага ч бараг байхгүй болж дээ. Аав, ээжтэйгээ  skype-аар ярисан чинь “Чиний биед л хүрч чадахгүй байгаа болохоос биш санаад байх юм алгаа, өдөр болгон харсаар байгаад бүр залхаж байна шүү” гэж тоглоом шоглоомоор хэлж байсан.

-Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг чиний бодлоор?
-Эмэгтэй хүнийг гадаад үзэмж гэхээсээ илүү дотоод сэтгэл нь агуу сайхан болгодог болов уу. Тэр тусмаа уян зөөлөн, хүнийг ойлгож хайрладаг, уучилж чаддаг, атаархуу биш бол эмэгтэй хүн сайхан. Бас бусдын эд хөрөнгөнд шунаж өөрсдийн бие сэтгэлээ худалддаггүй, бэлэн зүйл хүсдэггүй атаархуу биш, хөдөлмөрч байх хэрэгтэй. Ер нь тэгээд өөртөө итгэлтэй, хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй бүсгүйчүүд л гоё санагддаг  шүү дээ. Мэдээж миний хувьд фитнессийн багш гэдэг утгаараа бүх бүсгүйчүүдийгээ эрүүл мэнддээ анхаардаг, илүүдэл жингүй, гоолиг, гоё сайхан байгаасай гэж хүсдэг.