m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.13 03:49
62
Месси бүтэлгүйтэж, Тарделли тодорсон нь

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөлбөмбөгийн ногоон талбай шигшээ багуудын тоглолтод дарагдан өнжив. Өчигдрийн хамгийн сонирхолтой тулаан Бразил, Аргентин гэсэн Өмнөд Америкийн хоёр шилдэг багийн хооронд боллоо. Бээжин хотноо болсон энэхүү нөхөрсөг тоглолтод дэлхийн таван удаагийн аварга бразилчууд Диего Тарделлигийн хоёр гоолын ачаар заналт дайснаа буулган авчээ. 28 дахь минутад Оскарын баруунаас дамжуулсан бөмбөгийг Аргентиний хамгаалагчид таслах гээд түүний хөлд тавьж өгснөөр эхний гоол орсон. Тооны харьцаа 1:0 байх үед аргентинчууд торгуулийн цохилт хийх эрхтэй болсон ч багийн ахлагч Месси цохилтоо хаалгачид бариулж, тэнцүүлэх боломжийг алдсан юм. Чи хийхгүй бол би хийе гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй дүрэм ёсоор 64 дэх минутад Тарделли энэ тулааны хоёр дахь гоолоо хийж, эцсийн цэгийг тавьсан юм. Энэ удаа тэрбээр Оскарын булангаас дамжуулсан бөмбөгийг оновчтой мөргөж, дублийн эзэн болсон.

Түүнчлэн энэ өдөр Францын шигшээ нөхөрсөг тоглолтод К.Роналдугаар удирдуулсан Португалийг 2:1-ээр буулган авлаа. Эхлээд Саньягийн цохисон бөмбөгийг хаалгач хаахад Бензема нэмээд тоог 1:0 болгосон. Дараа нь Бенземагийн дамжуулалтаар Погба Францын багийн хоёр дахь гоолыг оруулсан юм. Харин 75 дахь минутад Р.Куарежма торгуулийн цохилтоор тоог ойртуулснаар португалчуудад итгэл төрсөн. Тэд үүнээс хойш хэд хэдэн хурц довтолгоо зохион байгуулсан ч тэнцээний гоолыг хийж чадсангүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн “Евро 2016”-гийн сорилго тоглолтууд явагдсан. “Е” хэсгийн толгой баг Англи даруухан Эстонийн талбайд зочилж, хүндхэн тулааны эцэст 1:0-ээр буулган авав. 74 дэх минутад багийн ахлагч У.Руни хаалттай цохилтоос цорын ганц гоолыг оруулжээ. “Шрек” цаг дуусахын өмнөхөн хаалгачийн эсрэг ганцаар гарсан ч бөмбөгөө бариулж, дубль хийх боломжоо алдсан юм.

Ф.Капеллогоор удирдуулсан Оросын хөлбөмбөгчид сорилгын эхний тулаанд Лихтенштейнийг 4:0-ээр хожиж гараагаа сайхан эхэлсэн ч үүнээс хойш хоёр тэнцээд байна. Тэд өмнөх тойрогт Шведтэй, энэ удаа боломжийн учраа гэж болох Молдавтай 1:1-ээр эвийн гэрээ байгуулжээ. Түүнчлэн Польшийн шигшээ дэлхийн аварга Германыг 2:0-ээр хожсон нь томхон дуулианы тоонд орно. Харин өмнөх тойрогт Словенд хожигдож, шүүмжлэлийн бай болоод байсан испаничууд Люксембургийн талбайд томхон ялалт байгуулж, уураа гаргалаа. Өнгөрсөн жилээс Испанийн төлөө тоглох болсон бразил довтлогч Диего Коста шинэ багийнхаа төлөө анхны гоолоо оруулсан байна.

“С” хэсэг

Украин-Македон 1:0

Беларусь-Словак 1:3

Люксембург-Испани 0:4

“D” хэсэг

Ирланд-Гибралтар 7:0

Шотланд-Гүрж 1:0

Польш-Герман 2:0

“E” хэсэг

Эстони-Англи 0:1

Литва-Словен 0:2

“G” хэсэг

Австри-Монтенегро 1:0

ОХУ-Молдав 1:1

Швед-Лихтенштейн 2:0