m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 06:03
42
Робот цагдаа

“Дэлхийн шилдэг шүүгч”, “Зөрүүд халзан алиалагч”. Энэхүү хоёр тодотгол түүний хэн болохыг илэрхийлээд өгөх байх. Түүний нэрийг Ховард Уэбб гэдэг. Мэргэжил нь хөлбөмбөгийн шүүгч. Хамгийн чухал, нэр хүндтэй тоглолтод шүгэл үлээдгээрээ алдартай нэгэн юм.

Уг нь түүний үндсэн ажил нь цагдаагийн албан хаагч. Өмнөд Йоркширын цагдаагийн түрүүч байсан тэрбээр энэ албаа орхиж, шүүг чийн ажлаараа дагнах болжээ. Түүний намтарт чухал тоглолтыг алдаа мадаггүй дэнсэлсэн олон баримтаас гадна алдаа гарган “факталж” байсан цөөнгүй тохиолдол бичигдэн үлдсэн юм. Ялангуяа “Манчестер Юнайтед”-д талтай ханддаг гэсэн яриа түгээмэл байдаг. Ер нь түүний шүүсэн тоглолтуудад “Юнайтед” ихэвчлэн ялалт байгуулдаг бөгөөд зарим нэгд нь Ховард өөрөө тусалсан тохиолдол бий. Тухайлбал, 2009 онд Премьер лигийн хүрээнд болсон “МЮ”-“Тоттенхэм”-ийн тулаан. Тэр тоглолтод зочин баг “Тоттенхэм” 2:0-ээр тэргүүлж явав. Гэтэл “Тоттенхэм”-ийн хаалгач Э.Гомеш М.Кэррикийг 16-гийн гадна унагахад Уэбб пенальти зааж орхив. Түүний ачаар тоог ойртуулж чадсан талбайн эзэд үүнээс хойш сэргэлтийг авч, 5:2-оор хожсон байдаг. Энэ мэт баримтаас болж түүнийг “Сэр Алексийн азын тэнгэр”, “Чөтгөрийн шүүгч”, “Юнайтедын боол” гэх мэтээр хочилдог.

Гэхдээ Ховард зоримог шийдвэр гаргахаас айдаггүй. Үүний нэгэн жишээ нь “Евро-2008”-ын Австри-Польшийн тоглолтын үеэр тохиосон юм. Энэ хоёр баг хоёул эхний тоглолтдоо хожигдоод байсан болохоор хоорондын тулаанд ялалт байгуулах нь маш чухал байлаа. Хэрвээ аль нэг нь хожиж чадвал хэсгээс шалгарах магадлал нэмэгдэх юм. Польшууд 30 дахь минутад Геррерогийн хийсэн гоолын ачаар тэргүүлж явав. Гэтэл 90+3 минутад тэрбээр М.Левандовскиг өрсөлдөгчийнхөө цамцнаас татсан гэж торгуулийн цохилт заах нь тэр. Австричууд пенальтийг амжилттай болгосноор Польш тэмцээнээ өндөрлүүлэх нь ойлгомжтой болсон билээ. Үүнээс болж польшууд түүнийг барьж идэх шахсан бол Австрийн хөгжөөн дэмжигчид 25 мянган доллараар шагнасан юм. Гэхдээ мэдээж Уэбб энэхүү мөнгийг аваагүй.

Дараагийн том тэмцээн болох 2010 оны ДАШТ-ий финалыг тэр шүүсэн. Тэгэхэд де Йонг жинхэнэ каратэгийн өшиглөлтөөр Хаби Алонсог гэмтээх дөхсөн. Гэвч Уэбб ердөө шар хуудас өргөөд л өнгөрсөн юм. Харин хожим тэрбээр өөрийгөө буруу шийдвэр гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнийг ДАШТ-ий финал шүүхэд хүргэсэн зүйл нь Аваргуудын лигийн шигшээ тоглолт байсан. Тэгэхэд Уэбб “Интер”-“Бавари”-гийн тулааныг ямар ч алдаа мадаггүй төгс шүүж, дэлхийн шилдэг шүүгч хэмээн үнэлэгдээд байсан юм. Гэхдээ хүн л юм болохоор алдаа гаргах тохиолдол гарна. Харин Уэббийн хувьд өндөр түвшинд шүүсэн тоглолт нь алдаатай шүүлтээс дэндүү олон. Тиймдээ ч түүнийг Коллинагаас хойш төрсөн хамгийн шилдэг шүүгч хэмээн өргөмжилдөг билээ.