m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 22:09
55
Амьдралынхаа эхлэлийг хараар "зурах" ёстой гэж үү

Дэлхий нийтэд цагаан тахал гэж нэрлэгдээд байгаа хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэгчид сүүлийн үед монголд ихсэж байгааг саяхан гарсан хэд, хэдэн хэргүүд гэрчиллээ. Ялангуяа дөнгөж хорь гарч яваа залуус энэхүү хар тамхи гээч зүйлийг хэрэглэж, донтож, тэр ч бүү хэл бүлэглэн наймаалж байгаад баригдан аавын хаалга татаж байгаа нь нэн харамсалтай, анхаарал хандуулвал зохистой гэдгийг сануулсан явдал боллоо.

Анх  1999 оноос манай улс албан ёсоор хар тамхи хэрэглэгчдийн тоог судалгаагаар гаргадаг болжээ. Бүр тодруулбал 1999 онд манай улсад хар тамхи хэрэглэдэг 45 хүн байсан бол 2000 онд энэ тоо 50 болж, улмаар хоёрхон жилийн дараа буюу 2002 онд 170 болж өсчээ.  Жилээс жилд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо буурсангүй улам л нэмэгдсээр байна.  Өнгөрсөн онд гаргасан судалгааг харахад 560 болж өссөн бөгөөд хар тамхи хэрэглэгч нэг хүний ард  дахиад дөрвөн хүн байдаг гэж тооцхоор хоёр сая долоон зуу гаруй хүн амтай манай улсад 2000 хол давсан хар тамхи хэрэглэгч, донтогч байгаа гэсэн үг.

Хоёр сая долоон зуу гаруй хүн амтай манай улсад 2000 хол давсан хар тамхи хэрэглэгч, донтогч байгаа гэсэн үг

Саяхан нэгэн телевизийн нэвтрүүлгээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд шоронгийн хаалга татсан 20 дөнгөж гарч яваа болов уу гэлтэй нэг залуутай сэтгүүлч ярилцаж байхад тэрбээр “Би  баригдаад шоронд орсондоо баярлаж байна, хэрвээ баригдаагүй бол одоо хир нь хар тамхинд донтсоор, татсаар л байх байсан ” гэхийг сонсоод энэ асуудал яах аргагүй манай улсад, ялангуяа залуучуудын минь ирээдүйд аюулын харанга дэлдээд иржээ гэдгийг ойлгосон юм.

Залуучууд эхлээд хар тамхи гэж юу байдгийг сонирхож хэрэглэдэг байна. Яваа яваандаа түүнээс улам илүү хамааралтай болж цаашлаад донтдог аж. Хар тамхи нь архи, тамхинаас 60 дахин илүү их шарталт өгдөг хортой бодис бөгөөд эхэлж хэрэглэж байгаа хүнийг сэргээгээд, дараа нь тайвшруулж эцэст нь солиоруулдаг байна.  Тэр дундаа хар тамхины нэг төрөл болох "Cannabis" ургамлыг хэрэглээд гуравдугаар үедээ орвол эрэгтэй хүн эм шинжтэй болчихдог гэж судалжээ.

Эхэн үедээ зөвхөн цөөн тооны иргэд хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглээний журмаар, бага хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлэх байдлаар гэмт хэрэг үйлдэж байсан бол өнөөдөр уг гэмт хэрэг үйлдэгчид нь ашиг орлогын үндсэн эх үүсвэрээ болгох зорилгоор тээвэрлэж, зарж борлуулах гэмт хэргийг үйлдэх болжээ. Өнгөрсөн  хоёр долоо хоногт л гэхэд энэ төрлийн ургамал зарж борлуулдаг хоёр ч бүлэглэлийг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан баривчилсан талаар бид тухай бүрд нь мэдээлж байсан.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр 2013 оны байдлаар гадаад улсад дөрвөн /эрэгтэй нэг, эмэгтэй гурав/ иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол дотоодод 74 холбогдогчтой 34 хэрэг бүртгэгдээд байна. Хаин 2014 он гарсаар 27 холбогдогчтой 12 хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн оны эхний хагас жилийн байлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас гадаад улсад 37 иргэн ял эдэлж байгаагаас, эмэгтэй 15, эрэгтэй 21 байна. Үүнийг ял шийтгэлээр нь ангилж үзвэл хугацаагүй хорих ялаар ес, хорих ялаар 22, цаазаар авах ялаар таван иргэн тус, тус шийтгэгджээ.

Тэгвэл манай улсад хууль эрх зүйн талаас авах арга хэмжээ хэтэрхий сул байгаагаас үүдэн уг хэргийн гаралт ихсэж, хэрэглэгчид нэмэгдсээр байгаа нь нууц биш.

Өнгөрсөн нэгдүгээр сард нэлээн шуугиан тариад байсан 12 хүнд холбогдох мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар  олж авсан,  хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх хэрэгт буруутгагдсан залуусын шүүх хурал болж 2-3.5 жилийн ял авч байсан. Гэтэл манай иргэд хамгийн их хэрэгт холбогддог БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял оногдуулдаг.

Иймээс өдрөөс өдөрт цэцэглэж байгаа хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийг хянах нэг зам нь хуулийн хариуцлагаа чангатгах , цаашлаад энэ төрлийн бодис хэрэглэн донтож буй залуусыг хангалттай мэдээллээр хангах шаардлагатай байна.

Түүнчлэн дунд, ахлах, их дээд сургуулийн оюутан сурагч нарт хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаарх ойлголтыг сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд болон асран хамгаалагч нараас өгөх нь манай улсын ирээдүйн "эрүүл нийгмийн баталгаа" болох юм.