m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.17 02:10
533
Н.Насанбаяр: Цагдаа хүний эхнэр, ээж байна гэдэг жирийн эмэгтэйн амьдралаас арай өөр шүү

Энэ удаагийн "Ижий" буландаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн ахмад Г.Энхбатын аав, ээжийг урьж оролцууллаа. Түүний аав цагдаагийн дэд хурандаа Л.Галсандорж  цагдаагийн байгууллагад насаараа ажилласан нэгэн. Ээж Н.Насанбаярч гэсэн Хууль цаазын дунд сургуулийг төгсөж насаараа төрийн байгууллагад ажилласан нэгэн билээ. 

-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу. Хаана ямар ажил эрхэлж байсан бэ?

-Аав: Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж өссөн. 10 жилийн сургуулиа төгсөөд Хууль цаазын дунд сургуульд суралцаад 1981 оноос Улсын цагдан сэргийлэх газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж байсан.  Мөрдөн байцаах байгууллага, хэв журмын байгууллагад тасралтгүй 29 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-Ээж: Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат. Мөн Хууль цаазын дунд сургуулийн захиргааны ангийг төгсөж, төр захиргааны байгууллагад 32 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлийнхээ тухай танилцуулвал?

-Ээж: Хоёр охин, хоёр хүүтэй. Том охин  хувийн байгууллагад ажилладаг, дараагийн охин  Техник технологийн дээд сургуульд багш мэргэжилтэй. Г.Энхбат хүү маань цагдаагийн алба хаагч. Бага хүү маань “AПУ” ХХК-д ажилладаг.

-Анх хүүгээ цагдаа болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав: Би өөрөө цагдаагийн байгууллагад насаараа ажилласан учраас  хүүгээ энэ мэргэжлийг сонгосонд баяртай хүлээж авсан. Цагдаагийн ажилд бие сэтгэлээ зориулна гэдэг бол нэр төрийн хэрэг гэж боддог.  Цагдаагийн алба бол цаг зав муутай, хүнд алба шүү дээ.

-Хүүгээ аавынхаа мэргэжлийг өвлөж цагдаа болоход таньд ямар санагдаж байсан бэ?

-Ээж: Манайх гэр бүлээрээ  төрийн алба хашсан хүмүүс. Анх хүүгээ цагдаа болно гэхэд их баяртай хүлээж авсан. Яагаад гэвэл аавынхаа хойчийг залгамжлаад сайн цагдаа болж чадна гэж итгэж байсан учраас тэр.

 

Би өөрөө цагдаагийн байгууллагад насаараа ажилласан учраас  хүүгээ энэ мэргэжлийг сонгосонд баяртай хүлээж авсан.

-Цагдаа гэдэг мэргэжлийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?

-Ээж: Энэ мэргэжлийн үнэ цэнэ нь төр, түмнийхээ төлөө үйлчилж, ард иргэдийн амар тайван амьдрах тэр орчныг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаад л оршдог болов уу гэж бодож байна.

-Цагдаагийн алба хаагчийн тангараг өргөх үед ямар мэдрэмж төрдөг вэ. Таньд болоод таны хүүд ямар мэдрэмж төрж байсан бол?

Аав: Цагдаагийн албанд тангараг өргөнө гэдэг бол улс эх орныхоо төлөө өөрийнхөө эрдэм мэдлэг, ур чадвар болоод өөрийн биеэ зориулж үнэнч шударгаар ажиллаж, төр түмэндээ үнэнч шударга ажиллахаа баталж буйн нэг хэлбэр. Тангараг өргөхөд энэ мэргэжлийг сонгосондоо, мөн төрийн хүн болсон гэдгээрээ их бахархах мэдрэмж төрдөг.  Миний хүүд ч гэсэн тэр л мэдрэмж төрж байсан болов уу гэж бодож байна.

-Цагдаагийн алба гэдэг цаг наргүй ажил. Шөнө гэртээ унтаж байгаад л гэнэтийн дуудлагаар гараад л явдаг шүү дээ. Тэр үед  эх хүний сэтгэлд ямар мэдрэмж төрдөг вэ?

- Хэдий өөрийнх нь жижүүрийн ээлж биш ч гэсэн гэнэтийн дуудлаг ирвэл гараад л явдаг. Төр түмэн минь түшээсэй, миний хүүгийн болоод бусад ээжийн хүүхдүүдийн ажил үйлс нь бүтэмжтэй байгаасай л гэж дотроо залбирч суудаг даа. 

-Хүүгийнхээ төлөө хэр их санаа зовдог вэ?

- Ээж: Хүүгийнхээ төлөө маш их санаа зовдог. Одоо чинь хүн гэдэг амьтан нийгмээ дагаад их зэрлэгшиж байна. Олон нийтийг цочроосон аймшигтай гэмт хэргүүд их гарах болж. Ороо бусгаа энэ цаг үед хэцүү шүү дээ.

-Цаг цөвүүн болсон болоод ч тэр үү олон нийтийг цочроосон гэмт хэргүүд нилээдгүй гарах боллоо. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

-Аав:Сүүлийн үед олныг цочроосон гэмт хэргүүд нилээдгүй  гарч байна шүү дээ. Энэ бол нийгэм, цаг үеийн байдал, эдийн засаг, хүмүүсийн аж амьдралтай холбоотой гэж би боддог.

-Цагдаа хүний бахархал юу вэ?

-Аав: Цагдаа хүний бахархал бол эх орон ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэж ажиллаж байгаад л оршиж байгаа болов уу. Хэдий чөлөөт цаг бага ч гэсэн өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй.

-Хүүгээ цагдаа болоход  юу гэж хэлж байсан бэ. Тэр сэтгэлийн үгээсээ хуваалцахгүй юу?

-Ээж: Миний хүү төр түмнийхээ төлөө зүтгэх боллоо. Энэ албаны нэр хүндийг өндөрт өргөж үнэнч шударга ажиллаарай л гэж хэлж байсан даа.

-Цагдаагийн байгууллага хууль эрх зүйн талаасаа шинэчлэгдэж,  шинэ зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Үүнийг та бүхэн хэрхэн дүгнэж байна?

-Ээж: Цагдаагийн байгууллага бол иргэдэд үйлчлэх байгууллага шүү дээ. Энэ шинэчлэлийн хүрээнд ард иргэддээ үйлчлэх тал дээр илүү ахиц дэвшил гаргасан юм болов уу гэж харж байгаа. Мөн иргэдийн дунд байдаг буруу ташаа ойлголт үнэн зөв болоосой гэж боддог. Хамгийн гол нь цагдаад бүгдийг даатгах биш иргэд маань цагдаадаа туслаж, хамтарч ажилладаг байгаасай л гэж хүсдэг.

Хамгийн гол нь цагдаад бүгдийг даатгах биш иргэд маань цагдаадаа туслаж, хамтарч ажилладаг байгаасай л гэж хүсдэг.

-Цагдаа олон нийт хэр хамтарч ажиллаж байна гэж бодож байна вэ?

-Аав: Цагдаагийн байгууллагын нэг чухал зүйл бол иргэд болон цагдаагийн хамтын ажиллагаа гэж бодож байна. Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг илүү ойртуулахын тулд шинэ бүтцээр ажиллаж байгаа болов уу. Мөн одоо олон нийтийн цагдаа гэж хороонд ажиллуулах болсон байна. Үүнийг их зөв зүйтэй гэж харж байгаа. Цагдаагийн ажилд тэдний оролцоо багагүй дэм туслалцаа болж чадаж байгаа байх.

-Цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа олон сайхан залуус байдаг. Гэвч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргиноо гэдэг. Цагдаагийн алба хаагч энэ мэргэжлийг гутаасан тохиолдлууд хэд хэдэн удаа гарсан. Үүнээс болоод энэ мэргэжлийн үнэ цэнэ унаад байгаа юм шиг санагддаг уу таньд?

-Аав: Мэдээжийн хэрэг цагдаагийн албанд ажиллаж байгаа мянга мянган залуусын бүтээсэн гавьяаг үгүйсгэх аргагүй. Түүний дотор бас алдаж эндсэн хүмүүс байдаг. Хамгийн гол нь цагдаагийн алба хаагч ёс суртахуун, хүнлэг байх зарчмыг л мөрдлөг болгон ажиллах шаардлагатай.

Цагдаагийн алба хаагч ёс суртахуун, хүнлэг байх зарчмыг л мөрдлөг болгон ажиллах шаардлагатай.

-Цагдаагийн алба хаагчдын техник хэрэгсэл хэр байх шиг байна таны харж байгаагаар?

-Аав:Бидний үед зэвсэг техникийн хувьд их л тааруухан байсан. Хутгатай хүний өөдөөс улаан гараараа л тулдаг байлаа. Сүүлийн үед техник хэрэгсэл нь илүү дээшилсэн харагдаж байна. Тусгай хэрэгслээр нь хангахад нилээдгүй анхаарч байгаа гэсэн. Бас галт зэвсгийг нь ч өөрсдөд нь өгдөг болсон юм шиг байна. Цагдаагийн хэрэглэх техник хэрэгслийг нь хангалттай л өгөх хэрэгтэй.

-Хүүхэд тань шөнө дуудлаганд хэр их явдаг вэ?

Ээж: Мэдээж ажлын шаардлагаар дуудагдах тохиолдол зөндөө байдаг. Гэмт хэрэг гарсан тохиолдолд хэдийд ч бэлэн байх ёстой шүү дээ. Ажил нь юм хойно муу зүйлээс хол байлгаарай л гэж залбирдаг даа.

 Гэмт хэрэг гарсан тохиолдолд хэдийд ч бэлэн байх ёстой шүү дээ.

-Ажлын нөхцөл байдал нь хэр хүнд юм шиг санагддаг вэ?

-Ээж:Өөрийнх нь сонгосон мэргэжил учраас ажилдаа их дуртай байх шиг санагддаг. Ер нь цаг зав муутай ажил. Ялангуяа хороо, хэсэг хариуцаад ажиллаж байгаа алба хаагчид бусад албадаас илүү ачаалалтай юм шиг санагддаг. Олон төрлийн ажил хариуцаж ажилладаг. Тэр болгоныг би дурдаад байх хэрэггүй болов уу.

-Өнөөдөр алба гүйцэтгэж байгаа алба хаагчдын ур чадвар ямар түвшинд байх шиг байна вэ?

-Аав:Ямар ч зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хөгжиж, дэвшиж байдаг шүү дээ. Одоогийн цагдаагийн алба хаагчид ур чадварын хувьд их өссөн юм уу даа гэж хардаг.

-Та хүүдээ цагдаа хүнийх нь хувьд юу гэж захидаг вэ?

Аав:Цагдаа хүн тангараг өргөсөн тэр цагаас л эхлэн төр түмний төлөө зүтгэх ёстой. Хэзээ ч амин хувиа хичээж болохгүй. Цагдаагийн ёс зүйг баримталж ажлаа үнэнч шударгаар хийж гүйцэтгэх ёстой шүү гэж л захидаг.

-Хүү тань сургуулиа төгсөөд томилолтоо аваад ирсэн тэр цаг мөчийг эргэн дурсвал?

-Ээж: Анх дэслэгч цолоо аваад ирэхэд нь их л баярлаж байсан. Цаашдаа илүү ихийг сурах, боловсрох хэрэгтэй. Үнэнч шударгаар ажиллаж оргилд нь хүрэхийн төлөө хичээж ажиллаарай гэж хэлж байснаа санаж байна.

Цагдаагийн ёс зүйг баримталж ажлаа үнэнч шударгаар хийж гүйцэтгэх ёстой шүү гэж л захидаг.

-Цагдаагийн алба хаагчийн эзэгтэй, ээж байна гэдэг ямар бол?

Ээж: Жирийн айлын эзэгтэйгээс арай өөр шүү. Цагдаа хүн гэр бүлийнхээ төлөө гаргах цаг зав үнэндээ бага учраас гэр бүлийн бүх асуудлыг өөрөө л шийдэж зохицуулах шаардлагатай байдаг. Хүүхэд өвдөх үед ажилтай л байдаг, баяр наадмын өдрүүдэд гэртээ байдаггүй, ямар нэгэн гачигдал зовлон гарах үед ганцаараа л бүхнийг шийдвэрлэх ухаантай байх хэрэгтэй.

-Та хүүгийнхээ ямар зан чанараар бахархдаг вэ?

-Миний хүү их л өөдрөг дөө. Аливаа зүйлийг бүтээхийн төлөө үргэлж мэрийж явдаг зан чанараар нь илүү их бахархдаг.

-Цагдаа хүний гэргий байх гэдэг хэцүү байх. Бэрдээ захиж хэлдэг үг байдаг уу?

-Ээж:Манай бэрийг н.Чулуунцэцэг гэдэг. Боловсролын яамны мэргэжил дээшлүүлэх институдад ажилладаг. Цагдаа хүний гэргий байна гэдэг жирийн хүний эхнэртэй ижил бишээ гэдгийг бэрдээ ойлгуулж хэлж өгсөн. Их тэвчээр, ухаан шаарддаг гэдгийг л охиндоо хэлсэн. Их тайван хүн учраас тэр бүгдийг ухаарч өдийг хүртэл нэг нэгнийгээ ойлгоод явж байна. Юманд хүлээцтэй байна гэдэг хүний их том чадвар юм шүү.

-Эх хүн болгонд хүүдээ хандаж хэлж захидаг үг байдаг. Тэр сэтгэлийн үгээсээ та хуваалцахгүй юу?

-Хүүдээ мэдлэг боловсролтой байгаарай л гэж захидаг. Хүн хэдий чинээ боловсролтой байна тэр хирээрээ хүн байх тэр номыг сайн сураарай гэж хэлдэг. Хамгийн чухал нь хүнтэй харилцах харилцаанаас эхлэх хэрэгтэй. Хэдий мэдлэгтэй байлаа ч харилцааны соёлгүй хүн ямар муухай харагддаг билээ. Харилцааны соёлгүй бүдүүлэг хүнийг хүн гэж хэлэхэд хэцүү шүү дээ.

Харилцааны соёлгүй бүдүүлэг хүнийг хүн гэж хэлэхэд хэцүү шүү дээ.

-Цагдаагийн албанд мөр зэрэгцэн зүтгэж байгаа залуусдаа хандаж сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

Аав: Монголын цагдаагийн нийт алба хаагчид, бие бүрэлдэхүүн маань өргөсөн тангарагдаа үнэнч, эх орон ард түмнийхээ төлөө шударгаар ажиллаарай гэж хэлмээр байна.

-Таны хүүтэй адил цагдаагийн албанд зүтгэж байгаа мянга мянган ээжүүдийн төлөөлөл болж сэтгэлийн үгээсээ хуваалцахгүй юу?

-Эх орон, ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт цагдаа нартаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхны хүсэн ерөөе.

-Бидэнтэй ярилцсан та бүхэнд баярлалаа.