m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.07 07:08
173
ГССҮТ дэх хүч тэнцвэргүй "тулаан"

ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА

Монголдоо ганцхан байх Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо. Ийн зорьсон нь учиртай. Цорын ганц гэгддэг энэ эмнэлэгт ямар эмч нар ажилладаг юм бол, хүмүүс юунаас болж гэмтдэг, ямар гэмтэл давамгайлж, хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг газар дээрээс нь сурвалжлах хүсэл маань намайг хөтөлсөн хэрэг. Сурвалжлага хийх зөвшөөрөл авахаар тус эмнэлэг рүү залгахад “Бололгүй яахав. Гэхдээ шөнийн цагаар ирсэн нь дээр байх. 22.00 цагаас хойш л үнэн төрхийг нь харж болно” гэв.  

Гэмтэлийн эмнэлэгт 22.00 цагаас хойш ирэгсдийн  ихэнх нь гар, хөлөө гэмтээж, цус нөжөндөө хутгалдсан согтуу эрэгтэй, эмэгтэй,  янз янзын хүмүүс байв.Тэдний айж балмагдаж аврал эрсэн  аймшигт харцтай хамгийн түрүүнд эмч нар нүүр тулах аж. Өвчтөнийг хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн гурван залуухан эмч толгой өндийх завгүй ажиллаж байлаа.

Бага насны хүүхэд гэмтэх нь элбэг

Мягмараас лхагва гаригт шилжих шөнө (02.17-02.18-нд шилжих шөнө) нийт 100 гаруй хүн ирсэн бөгөөд түүний 20 орчим хувь нь бага насны хүүхэд аж. Тэднийг хараа хяналтгүй орхисноос үүдсэн бэртэл гэмтэл их. Эдгээрээс заримыг нь онцолвол сургуулийнхаа шатнаас унаад гар нь тэн болтлоо хавдсан зургаан настай охин, сандал мөргөж унаад толгойгоо хагалсан хоёр настай охин, Хандгайтад гулгаж байгаад бэртсэн гэх 15 настай хүү, сандал дээр зогсож байгаад савж унасан гэх нэг нас дөрвөн сартай хүүхэд, дээс тоглож байгаад хана мөргөсөн гэх таван настай охин гээд хүүхдийн гэмтлийн цуваа тасрахгүй байлаа. Анзаараад байхад манай монголчууд хүүхдээ анхаарч халамжлах нь тааруу аж. Өвдөлтөө тэсэхгүй орь дуу тавин уйлж буй бяцхан үрс хөөрхий.

Хувь хүний анхаарал болгоомж хамгаас чухал

Биднийг хар багаас аав, ээж, ахмад настан анхаарал болгоомжтой байхыг захидаг. Тухайн үед цааргалдаг хэдий ч энэ үг хүнд ямар хэрэгтэйг гэмтсэн хүмүүсийг харан суухдаа дахин дахин бодсоноо нуух юун. Тус эмнэлэгт ирсэн өвчтөний 70 хувь нь өөрийн болгоомжгүй байдлаасаа болж бэртэж гэмтсэн хүмүүс. Ер нь анхаарал болгоомжлол гэдэг нь бүх насныханд алхам бүрт нь хэрэгтэй аж. 81 настай буурай сандал дээр суугаад гутлаа тайлах гэж байгаад унан нуруугаа гэмтээсэн гэсээр ирлээ. Энэ мэтчилэн шагайгаа гэмтээсэн, хөл гараа хугалсан гэх өвчтөн тоолж барашгүй их байх юм. Ийнхүү гэмтсэн шалтгаан нь ердөө анхаарал болгоомж алдсаных. Иргэний зүгээс зөвлөхөд та гэмтэж бэртсэн бол 24 цагийн дотор яаралтай үзүүлж, зургаа авахуулж, шинжилгээ хийлгэх ёстой. Энэ таны эрүүл мэндэд тустайгаас гадна үнэ төлбөргүй юм билээ. 

Гараа гүн зүссэн залуу оёдол тавиулахаар иржээ. Цус их алдаж байсан тул эмч түүнийг оёдол тавиулах өрөө рүү явуулаад хэдхэн минут амсхийв. Энэ зуур тус эмнэлэгийн хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн их эмч Б.Сайнбаяраас хэдэн зүйлийг тодруулж амжлаа.

-Өнөөдөр ачаалал ихтэй байх шиг байна. Ер нь ойролцоогоор өдөрт хэдэн хүн ирж байна вэ?

- Өдөрт дунджаар 250-300 хүн ирдэг. Өнөөдрийн хувьд ачаалал харьцангуй бага байна.

-Өдөрт ямар төрлийн гэмтэл авсан хүн их ирдэг вэ? 

-Хувь хүн өөрийхөө болгоомжгүй, хэнэггүй байдлаас болж маш их бэртдэг. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисоноос болж хүүхдүүд гэмтэх нь элбэг.Сүүлийн үед цанын бааз дээр гулгаж байгаад гэмтэж бэртсэн гэх хүмүүс болон согтуугаар машин жолоодож осол гаргасан, хамт архи уугаад хоорондоо зодолдон бэртсэн гэх мэт архи уусан хүмүүс шөнийн цагаар их ирдэг.

-Саяхан болж өнгөрсөн хайрын баяраар хэр их ачаалалтай байсан бэ?

IMG_3065

-Жирийн өдрүүдээс нэг их ялгаагүй байсан. Манай залуучууд хайрын баярыг элдэв асуудалгүй зөв тэмдэглэдэг болсон байна лээ. Сар шинээр ч мөн ачаалал бага байсан. Монголчууд архинаас татгалзаж буйгийн илрэл байх аа.

Бидний яриа хараахан дуусаж амжаагүй байтал 30 орчим насны согтуу эмэгтэй ороолтоороо гараа боосоор орж ирлээ. Эмч гараа яасныг нь тодруулахад “Сая хальтираад уначихлаа. Тохой гэмтсэн юм шиг байна аа” гээд эмчид үзүүллээ. Эмч “Та архи уусан уу” хэмээн асуухад “Үгүй огт уугаагүй эрүүл байна” хэмээн хээв нэг  зогсох энэ эмэгтэйг хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөв. Эмч түүнийг тохойныхоо зургийг авахуулаад ир гээд гаргатал түүнтэй зөрөн бас л архи үнэртүүлсэн 40 орчим насны эмэгтэй орж ирлээ. Уйлсан бололтой хоёр нүд нь хавдчихсан “Би өөрийгөө зүсчихлээ” хэмээн гараа цээжиндээ наан аврал эрэв. Энэ мэт дүр зургаас харахад манай эмэгтэйчүүд архи их ууж байгаа нь нүднээ илхэн харагдаж байлаа. “Дандаа согтуу хүмүүс орж ирэх юм. Орой болгон ийм байдаг уу” хэмээн эмчээс асуухад “Одоо шөнийн 24 цаг болж байна. Үүнээс хойш дандаа согтуу хүмүүс ирдэг. Ихэвчлэн зодоон хийсэн, хальтирч унасан, гар хөлөө зүссэн хүмүүс ирнэ. Ер нь зодоон хийсэн хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутгийн харьяалалтай хүмүүс байдаг гэлээ.

 IMG_3057

IMG_3068

Биднийг ийн ярих зуур Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цагдаа яаран гүйсээр хаалганы урдуур өнгөрлөө. Би түүнийг хараад хэрэгт дурлаад араас нь гүйчихлээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн архи уугаад эмч, сувилагч нарыг доромжлоод байна гэсэн дуудлага аваад яаран гүйж яваа нь тэр аж. Биднийг очиход хөлийнхөө өвдөгнөөс доошоо битүү гипс тавиулсан 40 гаруй насны эр  сувилагч, асрагч нарыг элдвээр хараан “Намайг хөөгөөд гарга л даа, та нар чадахгүй шүү дээ” хэмээн орилж байлаа. Сувилагч аргаа бараад цагдааг дуудсан бололтой. Гэвч архи хэтрүүлэн хэрэглээд ухаан санаагаа алдсан залуу төрийн цагдааг огт авч хэрэгссэнгүй. Харин ч шаардлага тавьсан цагдааг үг хэлээр доромжилж “Чи надад ус аваад ир” хэмээн орилж байлаа. Түүнтэй хамт нэг өрөөнд таван хүн байх бөгөөд шөнийн 01.00 цаг болж байхад бүгд унтаагүй, түүнээс айн орон дээрээ сууж харагдлаа. Эндээс үзэхэд иймэрхүү хүмүүсээс болоод эмчлүүлэгчдийн эрх ашиг маш ихээр зөрчигддөг нь илт. Уг нь сувилагч болон цагдаа нар аргалаад унтуулахыг хичээв ч согтуу эр улам орилж хашгиран өөдөөс нь нулимж байгаа харагдлаа. Энэ нүд хальтрам үйлдэл өдөр болгон давтагддаг гэхээр энэ газар амьд хүн тогтох аргагүй мэт санагдав. Ингээд ажлаа хийж буй сувилагчтай цөөн хором ярилцлаа.

-Танай тасагт иймэрхүү асуудал хэр их гардаг вэ. Эмчлүүлэгчид байнга ингэж архи уудаг уу?

-Иймэрхүү зүйл байнга гардаг. Өнөөдөр бол манай тасагт ганцхан хүн согтуу байна. Заримдаа бүр тасгаараа нийлээд архи ууж агсам тавьж, хоорондоо зодолддог. Биднийг үг хэлээр доромжлох бол энүүхэнд. Заримдаа бидэнд гар хүрэх тохиолдол ч бий. Сая л гэхэд та хоёрыг орж ирэхээс өмнө бидэн рүү аяга шидэж, элдвийн муу муухай үгээр доромжилсон.

-Энэ хүмүүс хаанаас архи олж уудаг юм болоо. Архи ууж байгааг нь хянадаг уу?

 -Хяналгүй яахав. Бид нар архи оруулж байгаа эсэхийг хянадаг ч эргэлтээр ирж байгаа хүмүүс архи авчирч өгснийг хоолны болон ус ундааны саванд хийж оруулаад нууцаар уудаг юм байна лээ. Бидэнд хүний хоолны савыг шалгах эрх байхгүй болохоор яах ч арга байдаггүй.

-Та нарт гар хүрдэг гэсэн.  Эрүүл болсныхон дараа ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?

-Ямар ч арга хэмжээ авдаггүй. Өвчтэй хүмүүс болохоор яах ч арга байдаггүй. Зодуулсан бид нарын хохь болоод өнгөрдөг дөө.

-Иймэрхүү хүмүүсийг цагдаад юмуу ар гэрийнхэнд нь даатгаж болохгүй юу?

-Энэ хүн уг нь маргааш гарах ёстой. Бид гэрийхэнтэй  нь холбогдсон. Ирж авах боломжгүй гэж хэлсэн. Угаасаа иймэрхүү хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбогдоод ямар ч нэмэргүй байдаг. Гэрийнхэн нь угаасаа тоодоггүй юм.

IMG_3109

IMG_3095

IMG_3079

Ийн ярьж зогстол нэг давхраас дахиад л дуудлага ирлээ. Дуудлага өгсөн тасагт очиход согтуу залуу тус тасгийн эргэлтийн хаалганы хааш хаашаагаа 40 см хүрэхгүй дөрвөлжин нүхээр гарч зугтсан байлаа. Цагдаа сонсонгуутаа түүнийг осгож үхэх аюулаас аврахаар хөлийн хурдаар гүйн гарав. Дуудлага өгсөн сувилагч “Би өөрийгөө хаана ажиллаж байгаагаа мэдэх ээ байлаа. Эрүүлжүүлэх байр уу, эсвэл сэтгэцийн эмнэлэгт ч ажиллаад байгаа юм уу ёстой мэдэх юм алга. Үнэхээр хэцүү байна” хэмээн халаглан ярьж байлаа. Төд удалгүй цагдаа цонхоор гарч зугтсан согтуу эрийг дагуулан орж ирэв. Тэрбээр их ууртай байна аа. Согтуу залуу цагдааг өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн төлөө ажиллаж байгааг ухаарахгүй байгаа нь харамсалтай. Биднийг хүлээн авах тасаг руу явах замд шатны хажууд нэгэн согтуу залуу унтаж байлаа. Цагдаа түүнээс яагаад энд хэвтэж байгааг нь асуухад “Зүгээр л хө. Жаахан унтаж байна” гэж хариуллаа. “Энэ хүнийг одоо яах вэ” гэж асуухад “Өрөөндөө оруулж унтуулаад ,архийг нь гарахаар явуулахгүй бол гадаа гараад хөлдөөд үхчихнэ” гэж цагдаа хэлэв. Цагдаа нарын ажлын өрөө хоёрхон хүн багтах зайтай. Тэд хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг учир согтуу ч гэсэн хүний эрүүл мэндийг хамгаалж өрөөндөө оруулаад, өөрсдөө хонгилд ажлаа хийн шөнийг өнгөрөөв. Согтуучууд өрөөг нь эзэгнэхээс гадна тэдэнд гар хүрсэн тохиолдол ч цөөнгүй байдаг байна.Тус эмнэлэгээр үйлчлүүлэгсдийн ихэнх нь согтуу хүмүүс тул ажилтан болон өвчтөнүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үүднээс эрүүлжүүлэх тусгай өрөө байж яагаад болохгүй гэж. Яаралтай байгуулах ёстойг энд болж буй үйл явдал бэлхнээ харууулж байна.

IMG_3116

Гэмтлийн эмнэлгээр байнга үйлчлүүлдэг хүү тавхан настай

Ийнхүү гэмтэлийн эмнэлэгт шөнө ажиллахдаа нэг зүйлд үнэхээр сэтгэл өвдлөө. Тавхан настай хүү ээждээ ухаангүй болтлоо зодуулаад ирсэн тухай эмч ярилаа. Учрыг нь лавлавал “Бүтэлгүй явдалтай нэгэн эмэгтэй байдаг юм. Бага насны гурван хүүхэдтэй ч томыгоо байнга зоддог. Байсхийгээд л хөөрхий хүү ирдэг” гэв. Урд шөнө гулуузаар зодуулж, гэмтэл авсан хүүтэй уулзах боломж байсан ч сэтгэл төвдөөгүй. Хөөрхий хүүгээс  юу ч асуух билээ. Ямар аймшигт хувь тавилан бэ. Ширүүхэн харж зүрхэлдэггүй бяцхан үрс яалаа гэж, ямар буруутайн учир ийнхүү зодуулж буйг ээж нь гэх тэр танхай бүсгүй л хэлэх байх.

Цагийн зүү 02.30 цагийг зааж байна. Хүн бүхэн ар гэртээ амар тайван нойрсож байхад Гэмтэл согог судлалын үндсэний төвд уйлаан майлаан, орилоон бахираан, өвчиндөө энэлэн шаналсан хүмүүсийн уйлах дуу....

Энэ эмнэлэгт жинхэнэ “хүч тэнцвэргүй” тулаан болдог аж. Эмч нарын цөөнгүй хэсэг нь эрчүүд ч ирж буй өвчтөн, бэртсэн, согтуу хүмүүсийг аргалж, ааш занд нь тааруулан, өөрсдөө гэмтэхгүй байхын тулд хүн, хүч шаардлагатай аж. “Хүч тэнцвэргүй” тулаанд хүч мөхөстөн гэмтвэл өвчтэй хүн гэдгээрээ “хүнд гарууд” хариуцлага хүлээхгүй байж мэдэх л юм билээ.

Монголчууд архинаас болж амь насаа алдан, хүнд гэмтэн, зарим нь насан туршдаа тахир дутуу болдог мянга мянган жишээ эмч нар хэлж байна, бид ч харж байна. Яагаад, яагаад бид архинаас татгалзаж болохгүй гэж. Архи гэгч идээний дээж  ч хэмжээнээсээ хэтрэхээр хэний ч толгойг залгиж мэдэх хорт ундаа. Эмнэлгийн хаалгаар гарахдаа түмэн бодол толгойд эргэлдэн, уужуу ухаанаа гээсэн монгол эрчүүдийн өмнөөс харуусах сэтгэл төрж билээ. Нийслэлийн  шөнийн амьдралын нэгээхэн хэсэг иймэрхүү янзтай өнгөрлөө. Монголын маргааш сайн, сайхан зүйлээр дүүрэн эхэлж, аз жаргал, инээд баяслаар дүүрэн байна гэдэгт би итгэнэм. Ерөөлөөр болтугай.

Т.Болормаа