m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.17 10:12
427
Алга дарам газрын төлөөх "тулаан"

"Масс сурвалжлага”-аараа бид энэ удаа газрын асуудлыг хөндлөө. Алга дарам газартай болохын төлөө олон жил газрын албаны үүдийг сахисан хүн бидний дунд олон байна. Эцэстээ сугалаа нэрээр азтанг тодруулж буй  нь иргэдэд хэр хүртээмжтэйг одоо дүгнэхэд эрт байна.

“Би газартай болмоор байна. Газартаа хүссэн загвараараа сэтгэлд нийцсэн байшин баримаар байна. Хөгшчүүлээ агаарт гаргадаг зуслантай болмоор байна. Үр хүүхдэдээ газар өмчлүүлмээр байна” ийм яриа бидний дунд хөвөрсөөр, хэрхэн эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй, хүлээсээр. Бид иргэн таны төлөө энэ сурвалжлагаа бэлтгэн хүргэсэн нь уншсан хүн бүхэнд тус болно гэдэгт итгэлтэй байна, болгооно уу.

Сурвалжлага маань олон салаа мөчиртэй бөгөөд эхэнд нь бид Баянзүрх дүүргийн иргэн, өндөр настан  Ч.Ажинсүмбүүг сонголоо. Тэрбээр тус дүүргийн XI хороонд таван жил амьдарч буй ч одоо хэр нь газар өмчлөлийн гэрчилгээгээ авч чадаагүй нэгэн. Энэ хүн хэнд хандсан, яагаад өмчлэх эрх авч чадахгүй байгаа талаар бид өөрөөс нь тодруулаад, дараа нь Баянзүрх дүүргийн Газрын албаныхантай уулзсан юм.

-Сайн байна уу, 2009 оноос хойш  та энэ газарт амьдарсан гэж байна. Тэгсэн хирнээ одоо хүртэл газраа өмчилж чадаагүй юм байна. Яг хаагуур, хаагуур хөөцөлдөж явсан бэ?

 

-Тэгсэн. 2009 онд энд ирсэн цагаасаа хойш л хөөцөлдөж эхэлсэн. Баянзүрхийн газрын албанд удаа дараа очсон.

-Таны зүгээс бүрдүүлэх бичиг баримт бүгд бүрэн юм уу. Очихоор таньд ямар тайлбар хэлдэг юм бэ?

-Өргөдөл, бичиг баримтаа бүгдийг нь бүрдүүлээд очихоор “Байж бай, өргөдөл авах болоогүй” гээд л буцаадаг.

-Энэ хавийн айлууд бүгд таньтай адилхан уу?

-Үгүй ээ, намайг байж бай л гээд байдаг мөртлөө энэ урд талын том байшинтай, олон хүлэмжтэй хүүхэн газраа авчихсан. Бас нэг Хятад нөхөртэй хүүхэн байдаг юм. Тэр бас л авчихсан. Энэ манай хажуу талд байсан айлыг зөвшөөрөлгүй гээд нүүлгэсний дараахан “М-oil”-ийн колонк баригдаад саяхан зөвшөөрлөө авсан. Бас хуучин газрын албанд ажилладаг байсан нэг хөгшин бий. Тэр ч бас газраа авчихсан.

-Таны энэ газар чинь кадастрын зурагт орсон уу?

-Албан ёсны кадастрын зургаа авахуулсан. Тэгээд тэр зураг, өргөдөл, хорооны тодорхойлолтоо бариад очихоор хүлээж авахгүй байж бай л гээд байдаг юм. Тэгсэн хирнээ ойр хавийн айлууд аваад байхаар гайхаад л сууна.

 

 

 

Тэгээд тэр зураг, өргөдөл, хорооны тодорхойлолтоо бариад очихоор хүлээж авахгүй байж бай л гээд байдаг юм. Тэгсэн хирнээ ойр хавийн айлууд аваад байхаар гайхаад л сууна.

-Таныг тэгээд зөвшөөрөлгүй учраас нүү гэж газрын албанаас хүмүүс ирдэг үү?

-Ерөөсөө тийм юм байхгүй.

-Тэгсэн хирнээ л зөвшөөрлийг нь өгөхгүй байлгаад байдаг нь ямар учиртай юм бол?

-Харин тийм ээ. Сонгуулийн үеэр уг нь энэ хавийн газрыг өмчлүүлнэ гэж нэр дэвшигчид нь амлаж, амлаж л гарсан. Тэгээд одоо болтол сураггүй.

-Танайх энд ирсэн цагаасаа хойш цахилгаангүй байгаа гэсэн үү?

 

Баянзүрх дүүргийн иргэн, өндөр настан  Ч.Ажинсүмбүүгийн ойр орчмын бүх айл газраа өмчлөн авсан

-Тийм ээ. Зөвшөөрөлгүй болохоор цахилгаан татах аргагүй. Ойр хавийнхаа айлуудаас татъя гэхээр нэг сая таван зуун мянган төгрөг өгөөд залгуул гэдэг. Ганц бие хөгшин надад яаж тийм мөнгө байхав.

-Та өөрөө яваад бүтдэггүй юм аа гэхэд хүүхдүүдээ явуулж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Тэгсэн найман сая төгрөг өгчихвөл бичгийг чинь гаргаад өгье гэсэн байна лээ. Ямиар хүн тийм мөнгө аваад, олон жил хөөцөлдсөн ажлыг дор нь  хийж өгдгийг мэдэхгүй юм. Гэсэн атлаа иргэнд болохоор баахан дүрэм, журам хууль яриад байдаг юм. Олон жил амьдарсан газраа авмаар байх юм гэв.

Ингээд түүнтэй хамт бүрдүүлэх ёстой бичиг баримтыг нь аваад Баянзүрх дүүргийн газрын албанд очсон юм. Энэ үеэр Ч.Ажинсүмбүү гуайтай адил газар эзэмших гэрчилгээ авахаар хөөцөлдөж байгаа нэгэн эмэгтэйтэй тааралдсан. Тэрбээр мөн л хоёр жил гаруй газрын албаар яваад бүтсэн зүйлгүй байгаа тухайгаа бидэнд ярьсан бөгөөд энэ 11 дүгээр хороонд газар авахад их асуудалтай, хүнд сурталтай гэлээ. Түүний хэлснээр газар нь кадастрын зурагт орчихсон. Тэгээд хаяг олгоё гэсэн бичгийг нь аваад хороон дээрээ  очихоор энэ ямар ч хамаагүй та өрхийн дэвтэр нээлгээд гурван жил болсоны дараа танд хаяг олгоно гэдэг. Тэгэхээр чинь бид нар дахиад л айлаас тог гуйж илүү зардал гаргаж амьдарна гэсэн үг шүү дээ. Дүүрэг дээр ирэхээр хороо руу яв гээд, хороон дээр очихоор дүүрэг дээрээ оч гээд их хэцүү л байна гэсэн юм.

Манай сурвалжлах хэсэг Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын дарга Н.Батсүхтэй уулзаж ямар хэргээр яваагаа тайлбарлаж,  асуултандаа хариулт авсан юм.

 

-Өнгөрсөн 2012 онд НИТХ-ын захирамж гарч иргэдэд газар өмчлүүлэхдээ цахимаар, санамсаргүй сонгон шалгаруулалтын аргаар өмчлүүлэхээр болсон. Гэтэл энэ иргэний хувьд аль 2009 оноос хойш тухайн газраа амьдарчихсан, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөө барьчихсан байтал газрын гэрчилгээгээ авч чаддаггүй юм байна?

-Өнөөдөр нэг зүйл яригдаж байна. Тухайн иргэн гурван жилээс дээш хугацаанд газар дээрээ амьдарчихсан, хорооныхоо өрхийн дэвтэрт бүртгэлтэй, хаягтай, бусад газрын тухай хууль болон журмуудыг зөрчөөгүй тохиолдолд бид шууд газрынх нь баталгаажилтыг олгож байгаа. Бусад гэдэг нь хязгаарласан, хориглосон бүс, ундны усны газар, бусдын эзэмшилд байгаа газрууд багтана.  2012 онд Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл болсоноос хойш би энэ ажлыг хийж байгаа. Энэ үеэс манай дүүрэгт нэг ч аж ахуй нэгжид газар олгоогүй. Харин 2012 оноос өмнө 11 дүгээр хороонд олгогдсон 56 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг цуцлаад, асуудал  нь шүүхийн шатанд явж байна.

-Тэгэхээр иргэд хуулиа мэдэхгүйгээс, тайлбарлаад өгөх хүнгүйгээс буух ёсгүй газраа буучихаад, газраа өмчилнө гээд уурлаад байдаг гэж ойлгож болох уу?

-Манай дүүрэг гэхэд л 28 хороо, 318 мянган иргэн, 24 мянган га газартай. Гэтэл энэ газруудын дунд долоон газар зохион байгуулагч ажилладаг. Тэд энэ газруудад хяналт тавьж ажиллах ёстой гэж бодохоор  хүн хүчний хүрэлцээ үнэхээр хангалтгүй. Тэгээд ажлын таван өдрийн нэг өдөр нь л гадуур явж ажиллах хуваарьтай. Бусад өдөр нь энд ирсэн иргэдээ хүлээж авч амжвал их юм. Нэг зохион байгуулагч дөрвөн хороо хариуцдаг бөгөөд гадуур гарсан өдрөө хоёр юм уу гурван айлаар л орж амждаг. Ингээд бодохоор өнөөдөр зөвшөөрөлгүйгээр нэг барилга барихад гурван сар л болно. Тэгэхээр хяналт тавих, мэдээлэл хүргэх боломж тун бага гэсэн үг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл өгье гэхээр төсвийн байгууллага учраас мөнгө гаргаад ярих боломж байхгүй байна гээд иргэн Ч.Ажинсүмбүү гуайтай ярилцлаа.

Н.Батсүх: Ямартай ч энэ хөгшний асуудал ямар байгааг би үзье. Таныг энэ хороонд хэдэн жил амьдарсаныг нотлох бичиг баримт байна уу?

Ч.Ажинсүмбүү: Би энэ хороонд биш хуучин хороондоо бүртгэлтэй. Хороо болохоор албан ёсны бичиг баримт байхгүй учраас бүртгэх боломжгүй гээд байдаг. Би хорооныхныгоо бүгдийг нь танина. Тэгээд очих болгонд л дарга нь солигдчихдог их хэцүү.

Н.Б: Хороондоо бүртгэлгүй бол таньд бүртгэл байхгүй л гэсэн үг шүү дээ.

Ч.А: Хороо бүртгэж авахгүй гээд байна.

Н.Б: Тэгвэл таныг энэ газар дээрээ олон жил амьдарсаныг нотлох зүйл байхгүй л гэсэн үг. Ядаж та манай дээр ирээд хүсэлт тавьж байсан бол нотолгоо болох байсан.

 Ч.А:Зөндөө олон удаа ирсэн.

Н.Б: Хэдэн оноос хойш?

Ч.А: 2009 онооос хойш.

Тус хорооны газар зохион байгуулагч Ш.Мягмарсүрэн Ч.Ажинсүмбүү гуайн кадастрын зургийг үзээд  ундны усны газарт орсон болохыг тайлбарлаж өгөв.

 

-Тэгвэл энэ иргэний хувьд юу ч мэдээгүй байна шүү дээ. Миний өргөдлийг авахгүй байна аа л гэсэн ойлголттой байдаг?

- Ийм иргэн олон бий. Өөрсдөө маш сайн мэдэж байдаг. Анх ирсэн даруйд нь л энэ чинь ундны усны хамгаалалтын бүсэд орчихсон газар гэдгийг нь хэлдэг. Гэтэл нөгөө хажуудах айлууд байгаад байхаар эд нар нүүхгүй байна. Би яагаад нүүх ёстой гэж л ойлгодог. Түүнээс биш зарчмын хувьд ундны усны хамгаалалтад орсон газар 2012 оноос хойш нэг ч захирамж гараагүй. Газрын наймаа авлига зогссон.

-Тэгвэл энэ хөгшний эргэн тойронд амьдарч байгаа зөвшөөрлөө авчихсан иргэдийн газрыг яах вэ. Ундны усны хамгаалалтад орсон бүсэд, шатахуун түгээгүүрийн газар, зуурмагны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан?

Харин өмчилчихсөн газрыг бол өгөхгүй гэж хэлэх чадамжтай. Энэ хоёр харилцааны зааг ялгаа тэгэхээр харагдаж байгаа биз дээ хэмээв.

 

-Шатахуун түгээгүүрийн хувьд нийслэлээс эзэмших зөвшөөрлөө аваад нийтийн  хэрэгцээнд зориулаад үйлчилгээний бүс байгуулсан байгаа юм. Түүнээс биш ахуйн зориулалтаар олгогдсон зөвшөөрөл биш. Эзэмших, өмчлөх гэдэг хоёр хоорондоо тэс ялгаатай асуудал. Тэгэхээр эзэмшиж байгаа газрыг төр зайлуул гэхэд л нэг өдөр явна. Харин өмчилчихсөн газрыг иргэн хэрхэхээ өөрөө шийднэ. Энэ хоёр харилцааны зааг ялгаа тэгэхээр харагдаж байгаа биз дээ хэмээв.

Энэ мэтчилэн олон иргэн адил шалтгаанаар газраа өмчилж авч чадахгүй үлдсээр буй. Хуулийн хориг, шалтаг шалтгаан хэлж байхаар тухайн цаг үед нь тайлбарлаад өгөхгүй, юунд ийм олон жил явуулсныг хэн хүнгүй гайхаж байна. Энэ мэт зөрчилтэй ч олон жил суурьшсан иргэдээ яах ёстой вэ. Шууд хөөж, газрыг нь чөлөөлж болохгүй учир хэрхэх талаар нэгийг бодож, хоёрыг тунгааж, иргэнээ хохироохгүй асуудлыг шийдэх арга зам хайвал сайнсан.

Тэгвэл газар эзэмших эрхгүй, сугалаанд оролцоогүй иргэн бид хэнд хандан ямар журмаар газартай  болох журам үйлчилж байгааг сонирхлоо.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр арван жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн хүн амын дөнгөж найман хувьтай тэнцэж байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлээс 52 байршилд 15309 га газрыг 164620 иргэнд газар өмчлүүлэх боломжтой хэмээн НИТХ-ын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10/39 дугаар тогтоолоор баталсан юм.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Л.Баянбаттай уулзан цахим бүртгэл болон газар өмчлөлийн талаар тодруулсан юм.

-Газар өмчлөлийг цахим бүртгэлээр анх удаа явуулсан. Гэвч газартай болсон иргэд заасан хугацаанд бүртгүүлж чадаагүй гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Нийт бүртгүүлсэн иргэдээс сонгогдсон иргэд өргөдлөө заасан хугацаанд өгч чадаагүй 4000 гаруй иргэн байгаа. Дээрх иргэдийн 345 нь хүүхэд байгаа юм. 345 хүүхдийн асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн эцэг, эх нь 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэл хотод шилжин ирснээс хойш тухайн хүүхэд төрсөн бол бүртгэж авахаар болсон. Дээрх хугацаанаас хойш эцэг, эх нь хотод шилжиж ирсэн бол тухайн хүүхдийг бүртгэхгүй гэсэн Иймд 4500 орчим иргэн зарласан хугацаанд өргөдлөө авчран бүртгүүлээгүй бол эрхийг нь хүчингүй болгосон. Харин сонгогдоогүй хүмүүсийн дунд дахин сугалаа явуулах юм. Энэ сарын 20-нд телевиз, радиогоор сугалааны тохирлыг явуулна.

-Журамд нэг ийм заалт байгаа 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэл хотын иргэн болсон иргэн газар өмчилж авах эрхтэй гэсэн. Тэгвэл үүнээс хойш хугацаанд шилжин ирсэн иргэд хэзээ газар өмчилж авах эрх нь үүсэх вэ?

-Эхний 52 байршилд газар олгож дууссаны дараа дээрх иргэд газар өмчилж авах эрх нь үүсэх юм. Дээрх 52 байршлаас гадна дахин газар олгох байршлыг дахин төлөвлөнө гэсэн үг.

-Энэ сарын 20-нд явуулах сугалаанд ямар хүмүүс хамрагдана гэсэн үг вэ?

 

-Таван байршлын сугалаанд оролцож, бүртгүүлсэн иргэд дээрх сугалаанд хамрагдах эрхтэй юм. Нийт 287 мянган иргэн бүртгүүлснээс 14954 иргэн өмчлөх эрх авсан. Үүнээс 4500 иргэн заасан хугацаанд өргөдлөө өгөөгүй тул хүчингүй болгосон. Иймд 4500 иргэн дахин газар өмчлөх эрх үүсэх юм.

-Эхний таван байршилд хэзээнээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөх вэ?

-Энэ асуудлыг хот мэднэ. Хотын дарга хэлэхдээ зам, шугам сүлжээ, цахилгааны асуудлыг шийдэж өгснөөр иргэд өөрсдийн амины орон сууцаа барин жишиг хороолол байгуулах бүрэн боломж бүрдэх юм. Ирэх жилээс дэд бүтцийг татах ажил эрчимтэй хийж эхэлнэ. Одоо бол газраа тэмдэглүүлж, кадастарын зургаа хийлгэж, газрын гэрчилгээгээ баталгаажуулах юм. Тухайн байршилд дэд бүтэц татагдаад ирэхлээр тухайн газраа амьдрах боломж бүрдэнэ. Тэрнээс биш тэнд дахиад хотын утааг тэлэх галаа түлээд амьдраад эхлэхгүй байх үүднээс дэд бүтцийг нь хотоос татаад өгөхлөөр амины орон сууцаа бариад амьдрахыг хотоос хүсэж байгаа юм.  Жишээлбэл, Улиастайн аманд нийт 15 байршил байгаа. Тэгэхлээр дээрх 15 байршил руу зэрэг дэд бүтэц татна гэсэн үг.

-Дараагийн байршлын цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Хэдэнд зарлагдах эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Дараагийн байршлын цахим бүртгэл хэзээ явагдахыг Засаг даргын Удирдлагын зөвлөл, НИТХ-аар орж байж шийдвэрлэнэ. Дараагийн байршлаа тун удахгүй зарлахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.  52 байршилд нийт 15309 га газрыг 0.5 га-аар хуваахлаар нийт 160 орчим мянган иргэнд газар өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа юм.

 

Тэрнээс биш тэнд дахиад хотын утааг тэлэх галаа түлээд амьдраад эхлэхгүй байх үүднээс дэд бүтцийг нь хотоос татаад өгөхлөөр амины орон сууцаа бариад амьдрахыг хотоос хүсэж байгаа юм. 

-Тэгвэл үлдсэн нийслэлийн иргэд хэзээ газартай болно гэсэн үг үү?

-Дараа дараагийн байршлуудад газар өмчилж авах эрх нь үүсэх юм. Эхний 52 байршлын ажил бол 2016 он хүртэл хэрэгжинэ. Тэгэхлээр нийслэлийн иргэдийн дийлэнх хувь нь газартай болно гэсэн тооцоог гаргасан. Ер нь бол нийслэлийн иргэддээ хуулийн дагуу нэг удаа үнэгүй газар өмчилж авах эрхийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа гэж ойлгож болно. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдээ газартай болгох талаар ажиллаж байгаа шүү хэмээн нэмж хэлье.

-Сонгосон газраа амьдрахгүй гэсэн иргэд өөр газар сонгох боломжтой юу?

-Анх цахим системд бүртгүүлэхдээ сонголтоо хийх хэрэгтэй. Тухайн иргэн нэг л удаа газар өмчлөх эрхтэй гэдгээ сайн санах хэрэгтэй. Нэгэнт газраа өмчлөх эрх тань үүссэн бол өөрчлөх боломжгүй.

 

-Тухайн иргэн цахимаар газраа өмчилж авахгүйгээр харьяа дүүргийнхээ газрын албанд хандан газар өмчилж авах боломжтой юу?

-Ийм боломж байхгүй. Цахим хэлбэрээр газар өмчлөлийг зохион байгуулж байгаа учраас тухайн иргэн 0.5 га газраа хуулийн дагуу цахим хэлбэрээр газар өмчилж авах  эрхтэй. Өмнөх шиг дүүрэгтээ өргөдөл бичээд дугаарлан газар авах хүсэлтээ олгодог байдлыг халж, цахим бүртгэлийг явуулж байгаа юм. Харин аж ахуйн зориулалт болон үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар авах сонирхолтой байгаа бол хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэн, дуудлага худалдааны анхны үнээ төлөөд авч болно. Иргэн ч гэсэн ялгаа байхгүй.

-Хотынхоо иргэдийг хуулийн дагуу 0.5 га газартай болгох бодлогыг нийслэлээс баримталж байгаа ч гэсэн хотын хэмжээнд газар олгох нөөц бололцоо хангалттай бий гэж үү?

-Мэдээж хотын төвд бол газар өмчилж авъя гэсэн ч газар байхгүй шүү дээ. Иймд 52 байршилд дэд бүтцийг нь хийж өгч иргэдийг газартай болгож байгаа юм. Хотоо ингэж тэлэхээс өөр арга байхгүй.

-Цахим бүртгэлийн сугалаа дууссаны дараа гадаадын иргэн газар өмчилж авлаа гэсэн асуудал гарсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бол?

-Тухайн иргэний аав, ээж нь өөр улсын иргэн ч Монгол Улсад төрсөн гадаад нэртэй Монгол Улсын иргэн байсан юм. Гадаадын иргэн Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид  гарган шийдвэрлэгдсэн бол газар өмчилж авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу Монгол Улсын иргэн болсон гэсэн үг.

-Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн цахимаар бүртгүүлэн газраа өмчилж авах эрхтэй гэсэн. Энэ удаагийн цахим бүртгэл дээр дээрх иргэд газраа өмчилж авсан болов уу?

-Сонгогдсон тухайн иргэний ойр дотнын хүн итгэмжлэх хийлгэн өөрийнх нь өмнөөс газар өмчилж авах эрхтэй. Энэ удаагийн цахим бүртгэлд гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд газартай болж байгаа нь нэг давуу тал юм.

-Эхний ээлжийн таван байршилд таван компани сонгон эргэлтийн цэгүүдийг тодорхойлж байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Сугалаанд хожсон иргэд өөрсдийн газартаа кадастарын зураг болон цэг тогтоолгох ёстой. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  айлуудыг гудамжлаад хаягжуулчихсан байгаа.  Нийслэлийн өмчийн харилцааны газраас нээлттэй сонгон шалгаруулалт явуулан нэг байршил дээр нэг компани сонгон кадастар болон цэг тогтоолгосон юм. Тухайн компани иргэдэд 25-30 мянган төгрөгөөр кадастарын зураг хийж өгч байгаа аж. Ер нь бол кадастарын зураглалыг 50-60 мянган төгрөгний хооронд хийдэг зүйлийг нэгдсэн журмаар хийлгэж байгаа юм.   

 

Албаны хүн ингэж хэллээ. Тэгвэл сугалаагаар хожсон 0.5 га газар нь ямар юм бол. Үнэндээ тэр газраа ямар байршилтай , хаана байгааг мэдэхгүй иргэн олон байна. Тиймээс бид  нийслэлтэй хамгийн ойр байгаа   газраар очиж үзлээ.

НИТХ-аас иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд 15 309 га газар өмчлүүлэх түүхэн шийдвэрийг жил гаруйн өмнө гаргасан билээ. Эхний ээлжинд тэдгээрээс 20 байршлыг сонгон, сугалаагаар азтануудыг тодруулсан нь нэг хэсэгтээ л хэрүүл маргааны сэдэв болсон. Манай сурвалжлах хэсэг дээрх байршлуудын нэг болох Туул тосгон буюу Хан-Уул дүүргийн XIII хороог зорьж очсон юм. Хотын төвөөс 37 км алслагдсан, цаашаагаа ердөө 18 км давхиад Төв аймгийн Алтанбулаг сум орох тэр хавийн газрыг манайхан Шувуун фабрик нэрээр нь андахгүй. 5672 га нутаг дэвсгэртэй, 4200 орчим хүн амтай уг хороо тосгоны статустай аж.

Хорооны байраар ороход Улаанбаатар хотын захирагчийн албаны Туул, Био, Өлзийт дэх ажлын албаны дарга Э.Доржрагчаа тэнд ажлаа хийгээд явж байхтай тааралдсан юм. Тэрбээр “Туул тосгонд яг хэдэн айлын, хэдэн га газар олгосныг нь мэдэхгүй байна. Дүүргийн газрын албанаас болохоор бидэнд Эрдэнэтолгойн орчим л гэж зааж өгсөн. Уг нь газраа яг таг тодорхойлж, хичнээн хүн ам шинээр суурьшихыг, дэд бүтэц нь ингэж явна, гудамжаа тэгж гаргана гэдгийг тодорхой хэлэх ёстой шүү дээ. Гэтэл бид тойм төдий мэдээлэлтэй л байна” гэв. Интернэтээс үзвэл Биокомбинатын зүүн урд хөндий гэх тус газар 869 айлын хашааны газар болох 155 га-г иргэдэд өмчлүүлэхээр болжээ.

 

Ингээд бид Эрдэнэтолгойг зорив. Газар олгож байгаа гэх хэсгийн баруун талаар хэд хэдэн айл хашаагаа хатгажээ. Гэхдээ ихэнх нь хуучин хашаа бөгөөд зарим нь бүр зөвшөөрөлгүй буугаад арав шахам жилийн нүүр үзэж байгаа аж. Тэдгээр иргэдийн нэг С.Оюунчимэг “Манайх энд гурван жилийн өмнө буусан. Удахгүй газраа хөөцөлдөж, өөрийн нэр дээр болгоно доо. Төр нэгэнт энэ хавийн газрыг иргэддээ өмчлүүлэх болохоор биднийг хөөж туугаад байхгүй байх. Сүүлийн үед айлууд нэлээд нэмэгдсэн. Цахилгаантай, удахгүй энэ хавиар хар зам тавих учраас хүмүүс эрчимтэй нэмэгдэж байна” гэсэн юм.

Алсдаа дэд бүтцийн асуудал нь шийдэгдээд ирвэл юу юм гэхээс одоохондоо улаан шороо боссон, зам муутай, эл хуль энэ газрыг улаанбаатарчууд зорьж ирэн, хаус, зуслангийн байшингаа босгох нь болоогүй юм шиг ээ

 

Туул тосгоныг урдуураа Төв аймагтай, хойгуураа Био комбинаттай холбосон засмал зам тавих ажил энд ид буцалж байна. Алсдаа дэд бүтцийн асуудал нь шийдэгдээд ирвэл юу юм гэхээс одоохондоо улаан шороо боссон, зам муутай, эл хуль энэ газрыг улаанбаатарчууд зорьж ирэн, хаус, зуслангийн байшингаа босгох нь болоогүй юм шиг ээ. Албаны хүмүүсийн ярьж байгаагаар сугалаанд аз таарсан зарим иргэд газраа үзчихээд голсон тохиолдол нэг бус бий гэнэ.

 

Харин Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэрт орших Тахилтын орчим байдал өөр байлаа. Толгойт, Баянголын баруун талын аманд орших энэ газар зам, цахилгаан, сургууль, цэцэрлэг... гээд дэд бүтэц сайтай учраас сүүлийн жилүүдэд нүүж ирэгсдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Тахилтын эцэс орох замын баруун энгэрт 2-3 жилийн өмнө мөөг мэт хэдхэн цагаан гэр харагддаг байсан бол одоо тэгшхэн нь байтугай бага зэргийн налуу газар алга дарам ч олдохоо байжээ.

 

Хэн нэгэн нь ар өврийн хаалгаар захирамж гаргуулж, бичиг баримтаа бүрдүүлээд ирлээ ч нэгэнт барьчихсан байшинг нурааж чадахгүйгээс хойш яаж чадахгүй өнгөрөх жишээтэй.

Эцсийн буудлаас хойш жаахан явахад л уулын орой, бэл, жалга судганд хүртэл хаа сайгүй дугуй, шон суулгаж өөрийн газраа тунхаглан зарласан нь харагдана. Ялангуяа хавар, намрын цагт энд газрын төлөөх өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, нэгнийхээ зоосон шонгуудыг суга татаад өөрсдийнхөө тэмдэглэгээг тавьдаг нь хэвийн үзэгдэл бололтой. Хашаагаа хатгачихсан байлаа ч эзэд нь өөрсдөө байдаггүй бол хөршүүд нь банзыг нь өвөлжингөө түлчих эрсдэлтэй. Хүн бүлтэй, хөрөнгө мөнгөтэй нэг нь өөрөө байшингаа барингуутаа хажуу хавийнхаа газрыг хашаалж, газар сураглаж буй нэгэнд нь зарчихсан тохиолдол цөөнгүй бий гэнэ. Хэдийгээр тухайн газар кадастрын зурагт ороогүй ч гэсэн газраа манаж, хашаа хороогоо барьснууд нь хождог аж. Хэн нэгэн нь ар өврийн хаалгаар захирамж гаргуулж, бичиг баримтаа бүрдүүлээд ирлээ ч нэгэнт барьчихсан байшинг нурааж чадахгүйгээс хойш яаж чадахгүй өнгөрөх жишээтэй.

Бид хотын баруун хэсэгтэй ийн танилцсаны дараа зүүн зүгийг зорин довтолгов. Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүрэгт нийт 15 байршилд 1232 га газрыг иргэдэд сугалаагаар өмчүүлсэн байна. Бүх газар Улиастайн аманд байршиж байгаа аж. Эдгээрээс Хожуултын аманд өгсөн газрыг үзэж сонирхов. Энэ нь Шархадны эцсээс хойд зүгт найман км зайтай, бусад байршлын газраа бодвол ойрхон гэсэн үг. Гэхдээ хэдий ойрхон ч зам гэж авах юм алга. Жижиг тэрэг байтугай жийп явахад ч хэцүүхэн юм. Сугалаагаар газартай болсон иргэд тэндээ ирж суурьшихаар бол энэ замаар нэг хэсэгтээ л сэгсчүүлэх бололтой. Энд байнга амьдрах нь байтугай ганц өдөр нааш, цааш явахад халширмаар санагдсанаа нуугаад яахав. Харин IX хорооны Засаг дарга Д.Ганхуяг “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орчихсон учраас удахгүй зам тавьж, хүн суурьших нөхцөл бололцоо бүрдэх байх” хэмээн ярилаа.

Одоохондоо бол иргэд бичиг баримтын асуудлаа хөөцөлдөж байгаа учир хашаагаа ч хатгаагүй байна. Энэ өвөлдөө бичиг баримтаа цэгцэлчихээд ирэх хавраас хашаагаа хатгаж, газартаа эзэн суухаар шийдсэн болов уу. Тэгээд ч иргэд зөвхөн сугалаагаар хожсон газартаа л сууна, түрүүлж ирсэн нь гоё газар сонгож авна гэсэн ойлголт байхгүй учраас яарах шаардлага ч алга.

Уг нь газрын хувьд элдэв бохирдолгүй, ус, модныхоо дэргэд гээд сайн тал ихтэй юм. Мөн Баянголын ам хүртэл 380 вольтын эрчим хүчний шугам татчихсан болохоор гэрэл цахилгааны тал дээр асуудалгүй аж. Айлууд нүүгээд ирэхээр эндээс эрчим хүчээ татаад авчих боломжтой. Нийслэлийн зүгээс иргэдэд газар олгоод орхичихгүй, дэд бүтэц, амьдрах орчныг нь шийдэж өгөхөөр төлөвлөсөн юм байна.

“Одоогоор өмчлүүлсэн газарт хүн амьдран суухад бэлэн биш л дээ. Гэхдээ хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдээд дуусахаар өөр болно. Энд цэцэрлэг барина, тэнд худаг гаргана, энд эмнэлэг баригдана, энэ хэсгээр зам тавина гээд бүгдийг төлөвлөсөн байгаа” хэмээн Д.Ганхуяг дарга бидэнд тайлбарласан юм. Хөрөнгө мөнгө нь олдоод энэ бүгдийг бариад дуусгачихвал үнэхээр сайхан. Гэхдээ дарга нарын гар дамжсаар байгаад шийдвэр гарна, дараа нь хөрөнгөө олно, барилга барьж, зам тавих компаниа сонгоно гэсээр байтал багагүй хугацаа өнгөрдгийг бид мэднэ. Тиймээс төлөвлөсөн бүхнээ хэзээ ажил хэрэг болгож, хүн амьдран суух нөхцөл бололцоогоор хангахыг нь хүлээгээд суух л үлдэж байна.

Энэ дашрамд сонирхуулахад IX хорооны зүгээс амьдарч байгаа газраа өмчилж аваагүй иргэдийн газрыг баталгаажуулах ажлыг Газрын албатайгаа хамтран зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хавраас хойш 300 гаруй иргэн газрын асуудлаа шийдэж чаджээ.

 

Хамгийн инээдтэй нь хөрөнгө бэл бэнчинтэй нэгэнд тэгш, дэд бүтэцтэй уул, ус, модтой газар нь оногдоод харин жирийн иргэнд гуу жалга,  нэг ч модгүй улын бэл, энгэр, уруу газар таардаг.

 

Иргэн таньд зөвлөхөд та суурин байгаа газраа гурваас дээш жил амьдарсан, түүнийг чинь хороо чинь баталгаажуулаад өгвөл газраа өмчлөх эрх нээлттэй аж. Газрын эргэн тойронд ийм асуудал хөвөрч байна. Хотын захиргааны эрх бүхий хүмүүсийн ярьж буйгаар иргэн бүр газартай болох нь болох л гэнэ. Чухам хэзээ бол. Хамгийн инээдтэй нь хөрөнгө бэл бэнчинтэй нэгэнд тэгш, дэд бүтэцтэй уул, ус, модтой газар нь оногдоод харин жирийн иргэнд гуу жалга,  нэг ч модгүй улын бэл, энгэр, уруу газар таардаг. Ханаж цадахаа мэдэхээ байсан хүмүүсийн ашиг сонирхлыг хойш тавиад иргэддээ эрх тэгш хандах болтугай хэмээн залбираад л суухаас.

 

Эс бөгөөс төр нь иргэдээ алаг үзээд байвал алга дарам газрын төлөөх “тулаан” жинхэнэ утгаараа эхэлнэ гэдгийг эрх мэдэлтнүүд санахад илүүдэхгүй болов уу.

 


 

"MASS.MN"сайтын

Нийгэм, гадаад мэдээний алба

Соёл урлаг, спортын мэдээний алба

Эрэн сурвалжлах, шуурхай мэдээний алба