m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.17 12:33
386
Д.Цэрэнсамбуу: Ажилдаа дуртай ийм л нэг “театрын зарц” байна даа би...

УДЭТ-ын дарга, Монгол Улсын УГЗ Д.Цэрэнсамбууг энэ удаагийн “Масс зочин” буландаа урилаа.

-Энэ аравдугаар сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгосон. Нэлээд амжилттай явагдаж байх шиг байна?

-Тийм ээ. Театрын хувьд их л завгүй байна. Ер нь ч завтай үе ховор л доо. Манай театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын санаачлагаар хэрэгжиж байгаа энэ төсөл бүтэн жил үргэжилж байна. “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм” “Гамлет” ч гэдэг юм уу олон хүний бүрэлдэхүүнтэй бүрэн хэмжээний уран бүтээлийг зөөвөрлөж тоглоно гэдэг хэцүү шүү дээ. Тэр утгаараа энэ бэсрэг жүжгүүд давуу тал ихтэй байгаа. Үзэгчид ч бас маш сайн хүлээн авч байна. Энэ төслийн хүрээнд хийсэн уран бүтээлүүдийн тайз дикрац авсаархан, оролцож байгаа уран бүтээлчид нь ч цомхон, гаднын улс оронд зохион байгуулагдах театрын фестиваль наадмуудад оролцох, аялан тоглолтоор явахад ч зардал бага байх болно. Энэ төсөл долоон залуу жүжигчдэд өөрийгөө нээх боломж гаргаж өгсөн. Шинэ дүр дээр ажиллаж байгаа, шинээр тайзны зураг зурж байгаа, шинээр хөгжмийн зохиол бичиж байгаа хүмүүс олон бий. Манай театрын босго өндөр. Тэр утгаараа хоёр залуу найруулагч энэ төсөлд багтсан нь тэдэнд нэлээд туршлага суулгаж өгсөн болов уу.

 

Зөвхөн театрт бүртгэлтэй найруулагч нараар хийлгэхгүйгээр уран бүтээлийн салхивчийг нээлттэй байлгаж, гаднаас найруулагч нарыг оруулж ирж хамтарч ажилласан гэдгээрээ бас нэгэн онцлогтой.

Хэдхэн хоногийн өмнө  төслийн зургаа дахь бүтээл Ч.Найдандорж найруулагчийн “Чөлөөт хос” жүжиг үзэгчдэд хүрсэн. Энэ сардаа багтаагаад долоо дахь бүтээлээ тавих төлөвлөгөөтэй байна.

Нөгөөтэйгүүр төс­лийн бас нэгэн зорилго нь долоон өөр найруулагчийн долоон өөр уран бүтээл тайзнаа тавих нь уран бүтээлийн эрэл хайгуул хийх, өрсөл­дөөн бий болгох зэрэг олон давуу талтай байсан. Энэ төс­лийн хүрээнд эхний зургаан жүжгийг үзэгчиддээ өргөн бариад байна.

Зөвхөн театрт бүртгэлтэй найруулагч нараар хийлгэхгүйгээр уран бүтээлийн салхивчийг нээлттэй байлгаж, гаднаас найруулагч нарыг оруулж ирж хамтарч ажилласан гэдгээрээ бас нэгэн онцлогтой. Манай бэсрэг жүжгийн төсөлд хэн хүссэн уран бүтээлчид, эх зохиогчид оролцох боломжтой байсан. Бид сонгон шалгаруулалт явуулж уран сайхны зөвлөлөөрөө хэлэлцэж долоон найруулагчийн долоон бүтээлийг сонгож уг төслөө хэрэгжүүлсэн.

-Нэлээд олон талын ач холбогдолтой төсөл болжээ. Санхүүгийн хувьд ч хэмнэлттэй ажилласан бололтой?

-Энэ жил улс орны хэмжээнд санхүүгийн байдал хүндхэн байна шүү дээ. Тийм болохоор бид төрөөс санхүүжилт авна гээд гараа хумхиад суухыг хүсэлгүй бага зардлаар олон уран бүтээл хийлээ. Манайх 2017 оныг дуустал урт хугацааны хөтөлбөртэй ажиллаж байгаа. Энэ урт хугацааны хөтөлбөрөөсөө бид дунд хугацааны дөрвөн жилийн хөтөлбөрийг боловсруулдаг юм. Дунд хугацаааны хөтөлбөрөөсөө жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөлтийг хийдэг. Сүүлийн арав гаруй жилд театр маань шинэ уран бүтээлийн үйлдвэрлэлийг  их явуулж олон шинэ уран бүтээлээр театрын урын санг баяжуулж үзэгчиддээ оюуны бэлэг барьжээ. Бид 2014 оны төлөвлөлтийг хийхдээ томоохон хэмжээний уран бүтээл хийхийг түр азнаж завсарлага авч энэхүү төслийг  хэрэгжүүлсэн.

-Театрын урын сан нэлээд нэмэгдэж байна. Ирэх саруудад театрт төлөвлөсөн ажил их байгаа байх

-Театрын урын санд архивладсан маш олон жүжиг бий. Эдгээрээс гадна  тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий. Эдгээр бүтээлүүдээ бид дотор нь Сонгодог, хүүхдийн, түүхэн, орчин үеийн гэх мэт ангилдаг. Үүн дээр одоо бэсрэг жүжгүүд маань нэмэгдлээ. Манай хамт олон арваннэгдүгээр сарын эхээр үзвэрийн 84 дэхь жилийнхээ нээлтийг түүхэн жүжгүүдээрээ хийхээр бэлтгэж байна. Мөн арваннэгдүгээр сарын сүүл арванхоёрдугаар сарын эхээр Монголын шинэ цагийн театрыг үүсгэн байгуулалцаж театр урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсан   үе үеийн ахмадуудаа санан дурсаж “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Бидний хувьд энэ ажил уламжлал болсон зүйл л дээ.

Товчхондоо бол хөдөө орон нутгийн иргэдийн талархаыг хүлээсэн сайхан ажил болдог. Тэд ч  манай аялан тоглолтыг тэсэн ядан хүлээдэг болжээ.

Энэ жилийн хувьд  Ардын жүжигчин Дамбын Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жил, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Н.Дугарсанжаа, жүжигчин И.Батжаргал З.Долгорсүрэн 90 жил, доктор, судлаач, Буриадын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Зориг, жүжигчин Д.Цээнямбуу нарын мэндэлсний 70 жил, АЖ  Д.Мэндбаяр,  найруулагч Ё.Батсүх нарын 70 насны тэгш ой тохиож байгаа нэлээд олон уран бүтээлчид бий. Тиймээс энэ хүмүүсийг алдаршуулах, мөнхжүүлэх, санан дурсах үйл ажиллагааг явуулах юм. Энэ хүмүүсийн амьдрал, уран бүтээлээр судалгааны ажил хийж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Мөн ном, товхимол гаргаж, уран бүтээлээр нь тоглолт зохион байгуулах зэрэг нэлээд олон үйл ажиллагаа явагдана. Хүндэтгэлийн арга хэмжээ энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдах юм. Үүгээр манай театрын 2014 оны үйл ажиллагаа дуусч байгаа.

-Театрын уран бүтээлчид хөдөө орон нутгаар аялан тоглолт хийдэг болсон. Энэ талаар?

-Саяхан бид Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад аялан тоглолтоор яваад ирсэн. Сүүлийн жилүүдэд хийсэн шинэ уран бүтээлүүлийг хөдөө орон нутгийн үзэгчдэд хүргэлээ.
Манай ахмад уран бүтээлчид хөдөө, орон нутгийн үзэгчиддээ соёлын үр түгээхээр ачааны машин дээр суугаад л хавар, намрын бригад гэж жилд 100 гаруй хоног томилолтоор явдаг байсан түүх бий. Энэхүү аялан тоглолт 10 гаруй жил зогссон. Харин бид 2002 оноос дахин эхлүүлэн “Театрын өдрүүд”  нэрийн дор ая­лан тоглолтоор явж эхэлсэн. Өнгөрсөн онд  улсынхаа бүх аймгуудаар аялан тоглож дууссан байна. Аялан тоглолтын хувьд хөдөө орон нутгийн иргэдэд театрын урлагийг үзүүлэх, сурталчилах оюуны хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ залуу уран бүтээлчид улсынхаа байгалийн сайхантай  танилцах гээд олон талын ач холбогдолтой. Тэгээд ч хөдөө орон нутгаар явахад бидэнд уран бүтээлийн олон сайхан шинэ санаанууд төрдөг. Үзэгчид уран бүтээлчдийн  уулзалт зохион байгуулах, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай харилцан мэдээлэл туршлага солилцож тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл хот, хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хамтын ажиллагаа явагддаг юм. Товчхондоо бол хөдөө орон нутгийн иргэдийн талархаыг хүлээсэн сайхан ажил болдог. Тэд ч  манай аялан тоглолтыг тэсэн ядан хүлээдэг болжээ.

-Он дуусахад ердөө хоёр сарын хугацаа үлджээ. Энэ жилийн үйл ажилдаа та ямар дүн өгөх вэ?

-Театрын удирдлагын хувьд, төрийн албан хаагчийн хувиар үр дүнгийн гэрээг ССАЖЯ-тай байгуулан ажилладаг. Энэ гэрээнийхээ дагуу ажлынхаа гүйцэтгэлийг сар, улирал бүрт тайлагнадаг. Энэ жилийн хувьд төлөвлөсөн ажлийн гүйцэтгэл  90 гаруй хувьтай биелсэн байна. Мөн бид чинь тогтсон орлогын төлөвлөгөөтэй ажилладаг. Үзэгч орлогын төлөвлөгөөгөө ч биелүүлсэн. Хамгийн гол нь театрын үйл ажиллагааг би дүгнэх нь зохимжтой биш, бидний ажлыг дүгнэдэг дээд шатны байгууллага, үзэгч хэрэглэгчид  дүгнэх ёстой байх. Шинээр тоглож байгаа бүтээл бүр дээрээ бид социологийн судалгаа авдаг. Уран бүтээлчийн чанар, үзвэр үйлчилгээний соёл гэх мэт олон асуудал дээр судалгаа авч үйл ажиллагаан дээр үнэлэлт дүгнэлт өгч байдаг.

-Танайх төрд данстай байгууллага. Үйл ажиллагааны хувьд ямар нэгэн чиглэл өгдөг үү?

-Төрийн театрын хувьд дулаан, цахилгаан, ус хангамж ажиллагсдын цалин зэрэг тогтмол зардлуудыг төрөөс төлдөг. Мөн шинэ уран бүтээлийн үйлдвэрлэл, засвар тохижилт, техникийн шинэчлэлд төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг. Харин үйл ажиллагааны хувьд төрөөс ямар нэгэн чиглэл өгдөггүй. Монголын ард түмний соён гэгээрүүлэх, тэдний оюуны хөтөч нь байх нийгмийн өмнө хүлээсэн эрхэм үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 

Хуучин нийгмийн тогтолцооны үед уран бүтээлд, үзэл суртлын цензур байсан. Ардчиллын ач буянаар тийм хориг саад одоо огт байхгүй болсон. Уран бүтээлчид маань чөлөөтэй сэтгэж, туурвих уран бүтээлийн эрх чөлөө нээлттэй болсон. Хамгийн гол нь үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангаж чаддаг л байх хэрэгтэй. Нөгөө талаар театрын үе үеийн урын сангийн бодлого гэж байдаг юм. Энд уран бүтээлийн чанарыг л чухалчилж хардаг.

-Үзэгчдийн хандлагыг та бүхэн мэдээж ажигладаг байх. Ер нь үзэгчид ямар бүтээлийг түлхүү үзэж байна вэ. Монголын театр урлагийн хөгжлийн түвшинг та юу гэж тодорхойлох вэ?

-Уран бүтээлүүдэд социологийн судалгааг цаг үргэлж хийдэг гэж би дээр хэлсэн. Энэ судалгаанаас үзэхэд  үзэгчид ямар бүтээл түлхүү үзэх сонирхолтой байгаа нь мэдрэгддэг. Судалгааны материалаас харж байхад үзэгчдийн  мэдлэг боловсролын түвшнээс шалтгаалан сонголт хийж байгаа нь анзаарагддаг. Жишээ нь, театрт байнга ирж үздэг үзэгчид сонгодог болон түүхэн бүтээлүүдийг илүү үзэх  сонирхолтой байдаг. Манай үзэгчдийн бараг 70 орчим хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Тэд маань орчин үеийн сэдэвтэй уран бүтээлийг үзэх сонирхолтой байдаг.

 

Тэгэхээр урлагийнхан бид ч үүнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой хүмүүс л дээ. Театр ч хэл, соёлынхоо дархлааг цаг үргэлж хадгалж байх онцгой обьект.

Теарт гэдэг чинь нэг талаар оюуны бүтээлийн сургалтын газар шүү дээ. Хуучин цагт бол сургуулийн сурагчид эхлээд хүүхэлдэйн театрт очиж хүүхэлдэйн жүжиг үзэж, дараа нь хүүхэд залуучуудын  театрт  тэгээд Драмын  театрт жүжиг үзэх зэргээр оюуны хувьд маш сайн төлөвшдөг байсан. Одоо бол тийм зүйл алга. Хөгжлийнхөө жамаар Драмын урлаг хөгжсөөр л байна. Шилжилтийн жилүүдэд Монголын театрын урлаг сөнөлөө, устаж үгүй болох нь  гэж яригдаж байсан ч өнөөдөр  ямар түвшинд ирээд байгааг та бүхэн харж байгаа биз дээ. 80 гаруй жил хөгжсөн нүүдлийн соёл иргэншилтэй Монголын театрыг суурин соёл иргэншилтэй гурав дөрвөн зуун жил хөгжсөн өрнийн театрын хөгжлийн түвшинтэй харьцуулж болохгүй байх. Жишээ нь, Америкийн  Бродвэйн театр. Бид дэлхийн театрын хөгжлөөс зогсолтгүй суралцсаар л байна. Театр хөгжиж байна гээд түүх уламжлалаа бас мартаж болохгүй байх. Театр урлагийн хөгжил олон зүйлээс шалтгаалж байдаг. Бид дэлхийгээс хол хоцроогүй. Ялангуяа манай уран бүтээлчдийн авьяас ур чадвар тэдний түвшинд байгаа.

-Солонгосын соёлын довтолгоонд өртөх боллоо гэж сүүлийн үед яригдах болсон. Үнэхээр ч анхаармаар зүйлүүд бий. Энэ тухайд?

-Гаднын соёлын нөлөөнд автахгүй тулд төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгтэй.  Аливаа улс үндэстэн оюуны дархлаатай байх ёстой. Дэлхий даяаршиж байна гэдэг. Үүнд  бид уусчихгүй байхын тулд үндэсний хэл, соёл уламжлалаа хадгалж үлдэх л хэрэгтэй. Тусгаар үндэстэн гэдэг чинь өөрийн гэсэн хил, хэл, соёлтой байх ёстой биз дээ. Тэгэхээр урлагийнхан бид ч үүнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой хүмүүс л дээ. Театр ч хэл, соёлынхоо дархлааг цаг үргэлж хадгалж байх онцгой обьект.

Тэр ч утгаараа бид аль болохоор Монгол үндэстний түүхэн уламжлалыг харуулсан бүтээлүүд хийхийг зорьдог. Хүннү, Чингис хаан, Ану хатан гээд бүгд л тухайн үеийнхээ түүх уламжлалыг харуулсан бүтээлүүд. Харь үндэстний соёлыг сурахаасаа илүү  Монголынхоо түүх соёлыг судлаасай гэж хүсдэг. Театр нэг талаараа нийгмийн толь шүү дээ. Тиймээс ч залуустаа аль болох харийн соёлд автахгүй байх, Монгол үндэстнийхээ түүх  уламжлалыг дээдлэх сэтгэхүйг төрүүлэхийг хичээж ажиллаж байна.

лон ангит Солонгос киноныхоо оронд жүжиг үзэх хүсэлтэй хүмүүс байж магадгүй?

-Тэгэлгүй яахав. Хуучин нийгмийн тогтолцоотой би их жишиж яриад байна л даа. Тэр үед нэг л ТВ, радио, цөөхөн сонинтой байсан. Гэтэл одоо хүмүүс мэдээллийн давалгаанд бөмбөгдүүлж байна. Одоо хүмүүс дэлхийтэй, гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцаж байна. Театр ч бас тэдэнд мэдээлэл өгдөг. Хүмүүсийн өмнө үзэх, сонсох, унших маш олон сонголт байна. Хэрвээ театр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр уран бүтээлээ цацаад эхэлвэл нэгдүгээрт хүмүүст бэлэнчлэх сэтгэлгээ  суулгачихна. Тэгээд ч гэртээ суугаад мэдээллийн хэрэгслээр  уран бүтээл үзэх, театрт ирээд амьд тоглолт үзэх  чинь өдөр, шөнө хоёр шиг тэс өөр. Театрыг урлагийн ариун сүм гэдэг. Энэ ариун сүмд жүжигчдийн, уран бүтээлчдийн амьд тоглолтыг  үзэж мэдрэх нь л өөрөө гайхамшиг. Хэрвээ театрын бүтээлүүд хэвлэл мэдээллийн сувгаар цацагдаад эхэлвэл үзэгчдэд оюуны талх болох нь байтугай оюуны ядуурал, залхууралд хүргэнэ л гэж би боддог юм. Яахав маркетинг, зар сурталчилгаа бол янз бүрийн хэлбэрээр явж болно. 

 

Театр хүнээр дутахгүй л гэдэг юм. Заримдаа ду­тах тохиолдол ч бий л дээ. Ямар ч үед театраас гарсан уран бүтээлчдээс болоод театрын үйл ажиллагаанд онцгой хүндрэл гарч үйл ажиллагаа зогсонги байдалд орсон зүйл байхгүй

-“Чөлөөт хос” жүжгийн хувьд жүжгийн яриаг тайзны дээгүүр давхар харуулж байсан нь их содон байсан?

-Энэ бол тухайн найруулагчийн л шийдэл байсан юм. Яахав найруулагч Ч.Найдандорж сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулаад дэлгэцээр жүжгийн яриа гаргах гэсэн ч юм уу. Тэгэхээр манай бүх уран бүтээлүүд дээрээ титртэй явна гэж ойлгож болохгүй. Тэртээ тэргүй бид эх хэл дээрээ жүжгээ тоглож байгаа шүү дээ.

-Энэ жил нэлээд хэдэн залуу уран бүтээлч театраас гарлаа. Театрын ахмад, дунд үеийнхэн тогтвортой ажиллах юм. Залуучууд яагаад байна?

-Театрын хувьд өндөр хөгжилтэй орнууд орон тоон дээрээ тэгтлээ ач холбогдол өгдөггүй.  Театр гэдэг маань уран бүтээл явагддаг ордон, орчин нөхцөл.  Түүнээс биш олон хүнийг суулгаад ажиллуулдаг оффис биш. Жишээ нь, Бродвэйн театр  “Мамма Мияа” ч юмуу том бүтээл тавилаа гэхэд Англиас продюссер,  Францаас найруулагч нь өөр хаанаас ч юм жүжигчид нь цуглаад тоглож болдог шүү дээ. Тэгэхээр уран бүтээлчид театрт орж гарах нь байдаг л асуудал, үүнд эмзэглээд байх шаардлагагүй.

Аль ч салбарт байдаг л зүйл. Хошин урлагийнхан л гэхэд залуус нь гарч ороод хэдэн ч хамтлагтай болчихов, үеийн үед ийм зүйл байсаар л ирсэн. Тухайн байгууллага хамт олны дотоод асуудал шүү дээ. Хүн сайн сайхан л амьдрахыг хүс­дэг шүү дээ.

Төрийн театр ажиллахад цалин мөнгөний хувьд амьдрал ахуйд нь хүрэлцэхүйц хангалттай биш байдаг байх. Бид хангалттай цалин өгч чадахгүй байгааг хүлээнэ. Мэдээжийн хэрэг нийгмийн асуудал, цалин хангамж дээд зэрэг байсан бол хэн ч манай театраас гаръя гэж бодохгүй л байх. Театр хүнээр дутахгүй л гэдэг юм. Заримдаа ду­тах тохиолдол ч бий л дээ. Ямар ч үед театраас гарсан уран бүтээлчдээс болоод театрын үйл ажиллагаанд онцгой хүндрэл гарч үйл ажиллагаа зогсонги байдалд орсон зүйл байхгүй. Бид бусдын эрх чөлөө сонголтыг хүндэтгэнэ. Бид хууль дүрэм журмынхаа хүрээнд боломжоороо ажиллаад л байна.

-Тэгэхээр УДЭТ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гарсан уу?

-Төр засгаас театрын урлагийг дэмжсээр л ирсэн. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаар театрын үйл ажиллагаанд нэлээн дэмжлэг үзүүлж, 2013 онд хийгдсэн уран бүтээл, хөдөө орон нутгаар явсан аялан тоглолтонд санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Энэ жил бэсрэг жүжгийн төсөлд маань ССАЖЯ-наас зохих дэмжлэг үзүүлсэнд бид их баярлаж байгаа. Мэдээж бүх зүйлээ төр засгаар хийлгэнэ гэж юу байхав. Янз бүрийн аргаар  л ажиллах гэж үзэж байна. Ирэх онд бид олон том төслийг хэрэгжүүлэхээр яаманд саналаа хүргүүлсэн байгаа. Ер нь манай театрын түүхэнд шашны холбогдолтой жүжиг тавьсан тохиолдол бараг байхгүй юм билээ.

2015 онд “Үнэний хаан Будда”, “Ромео жульетта”, алдарт зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” зэрэг жүжгүүдийг шинээр тайзны бүтээл болгохоор төлөвлөж байна.

Шинээр хийхээр төлөвлөсөн уран бүтээлүүдээс гадна театраа засч шинэчлэхээр “Супер барилга” ХХК, “Олуулаа” ТББ-тай хамтран ССАЖЯ-ны дэмжлэг туслалцааг авч Төр засаг, Монголынхоо ард түмний дэмжлэгтэйгээр “XXI зуун-шинэ театр” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж  байна.   

-Хувь хүнтэй холбоотой хэдэн асуулт асуумаар байна. Та өөрийгөө  жүжигчин болсон бол гэж бодож үзсэн үү?

-Ямар мэргэжил эзэмших, ямар ажил алба эрхлэх нь хувь хүний зам төөрөг гэж байдаг байх. Ажил амьдралынхаа гарааг зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн. Тэндээ цөөхөн жил үр бүтээлтэй ажиллаж том бүтээн байгуулалтанд ч оролцож явлаа. 1981 онд өөрийнхөө хүсэл сонирхолоор УБДС-ийн кино драмын ангийн жүжигчний ангид  элсэн суралцаж 1985 онд сургуулиа амжиллтай төгссөн. Суралцаж байх хугацаандаа нийгмийн идэвхи сайтай оюутан байсан гэх үү дээ. Ангийн даргаас эхлээд тэр үеийн нам эвлэлийн олон сонгуульт ажлуудыг хийж байсан маань жүжигчний ажлыг биш Соёл урлагийн салбарт удирдах ажилтан хийх хувь төөрөг болсон шиг санагддаг.   

2015 онд “Үнэний хаан Будда”, “Ромео жульетта”, алдарт зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” зэрэг жүжгүүдийг шинээр тайзны бүтээл болгохоор төлөвлөж байна

 

-Их л идэвхитэй оюутан байж дээ. Оюутан байхын л даргын ажлаас салаагүй юм байна. Ер нь жүжигчний мэргэжлээрээ ажлаагүй юм уу?

-Бараг тийм дээ. Сургуулиа төгсөнгүүт л Баянхонгор аймгийн театрын даргаар намайг томилж ажиллуулсан юм. Дөнгөж  дээд сургууль төгссөн надад том байгууллага хамт олныг удирдана гэдэг том даваа байсан. Их л айж эмээж байсан. Баянхонгор аймгийн театрт очоод, даргын ажлыг ямар ч гэсэн хүлээж авсан. Очсон даруйдаа цонхоор хараад, юу хийхээ мэдэхгүй шахам л зогсч байсан юмдаг. Тэнд гурван жил ажилласан. 1985-1988 оныг дуустал аймгийн театрын дарга хийсэн юм. Одоо бодоход бас ч муу ажлаагүй юм билээ. Олон хүний тус дэм байсан.Уран бүтээлч биш театрын урлагийн “зарц” хийх тавилантай  хүн гэдгийг тэр үеийн багш, удирдлагууд таньсан юм уу, бүү мэд. Тухайн үедээ оюутны байгууллагын шат шатны сонгуульт ажлыг хийлгэж байсан нь нэг талаараа шалгуур ч байсан байж мэдэх юм. Тэр ч утгаараа театрын даргаар томилсон байх. Г.Доржсамбуу багш маань “Би энэ Цэрэнсамбууг жүжигчнээр биш, монголын театрын удирдлагад ажиллуулах гэж Эрдэнэт үйлдвэрээс олж авчирсан юм шүү” гэж олон хүнд ярьсан байдаг. Тэр хүн л миний зам мөрийг чиглүүлсэн дээ.

Оюутны төгсөлтийн дипломын ажлаа Л.Ванган агсны “Эмч нар” жүжигт сум нэгдлийн дарга Ойдовын дүр дээр ажиллаж дипломоо онц дүнтэй хамгаалсан. Дэлгэцийн бүтээлүүдэд оролцож байсан огт хоосон биш. Театрт ажилласан он жилүүд, аливаа тайз дэлгэцийн бүтээлүүдийг үзээд  энэ ажил мэргэжлийн хүнд хэцүү бас гайхалтай сайхныг цаг үргэлж мэдэрч хүндлэж биширч явдаг. Театрын дарга ч бас амар ажил биш. Монголын соёл урлагийн салбарыг нэг арми гэж үзвэл нэг анги  двизийг нь би командалж байгаа юм уу даа гэж өөрийгөө ойлгодог. Ямартай ч театрын урлагт хоёргүй сэтгэлээр тасралтгүй 30 гаруй жил зүтгэж явна. Хүн л болсон хойно алдаж, оносон аль аль нь л байдаг байх. Гэхдээ 30 шахам жилийн өмнө театрын даргаар томилогдоод юу хийхээ сайн мэдэхгүй өрөөнийхөө цонхоороо хараад зогсож байсныг бодоход цаг үеэсээ хоцрохгүйн тулд өөрийгөө хөгжүүлж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн энэ олон жилийн ажлын дадлага туршлага хуримтлуулсан гээд л ажил мэргэжилдээ дуртай, ихийг хийж бүтээх хүсэл сонирхолтой ийм л нэг “театрын зарц” байна даа би.

-Тантай ярилцах таатай байлаа, баярлалаа.

-Та бүхэнд ч бас баярлалаа.

М.Гэрэл