m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.19 20:02
667
Н.Уламбаяр: Онцгой байдлынхан хэнээр ч заалгахгүй ажлаа хийдэг

Энэ удаагийн “Амжилтын түүх" буландаа Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярыг урьж ярилцлаа. Тэрбээр улс орон, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр олон жил зүтгэж яваа "аврагч" юм. Олон иргэнийг  гэнэтийн болзошгүй болон тохиолдсон гамшиг, аюулаас хамгаалан дундрашгүй их үйлсийн далайд аавын хөвгүүдийн сэлүүрийг залан яваа ажээ.

-Таны ажлын гараа хаанаас эхэлж байсан вэ. Энэ талаар  яриагаа эхлэх үү?

-Би 1980 онд Цэргийн дээд сургууль буюу одоогийн Батлан хамгаалахын их сургуульд элсэж ороод Ерөнхий Цэргийн мэргэжлээр 1984 онд төгссөн юм. Сургуулиа төгсөөд дэслэгч цолтойгоор Монголын Ардын арми Зэвсэгт хүчний анги салбаруудад ажиллаж байсан. Уг нь миний мэргэжил бол цэргийн талын мэргэжил эзэмшиж цэргийн байгууллагаар анх ажиллаж амьдралд хөл тавьж байлаа. Цэргийн сургуульд байхдаа тасгийн дарга гээд л түрүүч цолтой албаа хааж байсан юм. Сургуулиа төгсөөд салаан дарга, ротын дарга гээд л шат, шатны даргын үүрэгт ажлыг хийж байсан.

Миний үед Зүүн Баян-Уулд очиж алба хаагаагүй офицерийг офицер гэхэд хэцүү байлаа. Нэг ёсондоо тийшээ явж эр хүн хатууждаг. Тэнд маш олон цэргүүд байдаг цэргийн амьдрал жинхэнэ өрнөдөг байлаа. Өвөлдөө 40 градус хүйтэн. Халуун даа маш ихээр халдаг.

-Хэдэн онд Онцгой байдлын албанд орж байв?

-Хуучин Онцгой байдалд гурван байгууллагыг нэгтгэсэн байсан. Улсын иргэний хамгааллын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван байгууллага нэгдээд өнөөгийн онцгой байдал бий болсон юм.

Би Улсын иргэний хамгааллын газар анх ажиллаж байсан. 1990 оноос өмнө хүйтэн дайны үе гэгддэг байсан үе шүү дээ. Тэр үед Иргэний хамгааллын газар ард иргэдийг үй олноор нь хөнөөх зэвсгээс хамгаалах, дайн болон элдэв химийн бодис, гэнэтийн аюулаас аврах гэсэн үндсэн чиг үүрэгтэй байсан. Энэ нь өөрөө батлан хамгаалах яамны нэг агентлаг байсан юм. Шууд Зэвсэгт хүчинд харьяалагдах ийм байгууллага л юм л даа.

Миний хувьд иргэний хамгаалал чиглэлээр ажиллаж эхэлсэн үе маань 2000 он. Тухайн үеийн дарга нар маш өндөр бэлтгэгдсэн  ихэнх нь ОХУ-д өндөр бэлтгэгдээд ирсэн цэргийн хүмүүс байсан. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллах сайхан байж билээ. Тухайн үед төрийн албан хаагч гэдэг утгаараа нөгөө талдаа цэрэг армийн бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэг утгаараа шат, шатны удирдах албыг хашиж байсан юм. Дандаа цэрэг арми болон цэргийн хүмүүстэй ажиллаж байгаад, 2000 оноос иргэний хамгаалал руу ажиллаад эхэлсэн дээ. Түүнээс хойш Монгол улсын иргэнийг хамгаалах үйлсэд 14,15 жил зүтгээд явж байна.

-Онцгой байдал хэдэн оноос тусдаа гарсан юм бэ?

-2004 оноос хойш Онцгой байдлын Ерөнхий газар гэж нэрлэгдээд эрх үүрэг тусдаа болсон. Саяхан 2014 оны зургадугаар сарын 20-нд Онцгой байдлын алба үүсэж нэгдсэн тогтолцоонд хүрсэний 10 жилийн ой болж өнгөрсөн юм.

Гамшгаас хамгаалах тухай  хууль 2003 онд батлагдсан. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, тохиолдож болзошгүй гамшиг осол, техникийн холбогдолтой осол авааруудаас урьчилан сэргийлэх, учирсан тохиолдолд тэмцэх хэрэгцээ тулгарч байгаа юм. Ялангуяа байгалийн элдэв үзэгдэл бороо, цас зэргээс иргэдийг хамгаалах, тэмцэх ийм байгууллага зайлшгүй шаардлагатай болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс гурван байгууллага нэгдэж Монгол улсад гамшигаас хамгаалах нэгдсэн тогтолцоотой байгууллага бий болсон.

-Иргэний хамгааллын газар ямар албан тушаал хашиж байсан бэ?

-Тухайн үед мэргэжилтэн хийж байсан. Бас шуурхай удирдлага зохицуулалтын зохицуулагч хийж байлаа. Иргэний хамгааллын газар иргэдээс маш олон гэнэтийн аваар ослын янз бүрийн дуудлага ирнэ. Энэ бүхнийг зохицуулна гэсэн үг. Ямар арга хэмжээ авах, ямар эрсдэлтэйг нь тодорхойлоод нөхцөл байдлыг дүгнэж хүн хүчээ хаана яаж байрлуулж, ямар байдлаар ажиллах зэргийг зохицуулан хариуцан ажилладаг байсан.

Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа аврах тусгай анги гэж байсан. Монгол Улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг  анги байгаа юм. Энэ албанд 2007 оноос ажиллаад дөрвөн жил ангийн штабын даргаар ажиллаж байсан. Тэр тусгай анги маш чадварлаг мундаг тусгай анги байсан юм. Монгол улсын аврах ангийн  шилдгүүд нь байсан гэж хэлж болохоор юм. Ялангуяа маш олон хоногоор амралтгүй түймэр унтраана. Мөн усны гүнд олон цагаар ажиллана.

2011 оны гурван сард Монгол улс анх удаа энэ аврах тусгай ангиас 15 залуус Японы Синдай хотод очиж эрэн хайх ажиллагааны үүрэг гүйцэтгэхээр явсан. Тэдгээр үүрэг гүйцэтгэх гэж явах гэж байгаа аврагчдыг бэлтгэх нилээн хүнд гурав хоног нойргүй хонож байсан. Яагаад гэхээр туслах гэж байгаа хүмүүс чинь тэр гамшигт нэрвэгдсэн улсад болон иргэд дээр очоод юм гуйгаад байж болдоггүй юм. Жишээ нь хоол унд хэрэгтэй байна гэх ч юмуу ямар нэгэн юм нэхээд байж болохгүй. Аль ч улсын аврах ангид тийм зүйл байдаггүй. Бусад улс аврах ажиллагааны хангамж маш сайн. Орос гэхэд л өөрсдөө онгоцтойгоо очоод л буугаад аврах ажиллагаа явуулчихаад яваад өгөх жишээтэй.

-Та Аврах ангийн тасгийн дарга байхдаа ямар томоохон аврах ажиллагаа явуулж байсан вэ?

-2011 оны хоёр сард Хөвсгөл Далайд анх удаа маш том аврах ажиллагаа явуулж байсан шүү дээ. Чиргүүлтэй том запрошик шатахуун ачсан машин 50 метрт живж байсан. Түүнийг манай усчин аврагч нар орж троссоор холбоод гаргаж ирж байсан. Багаар аврах ажиллагаанд явсан тохиолдол бол зөндөө байгаа.

-Яг идэр хүйтнээр ажиллаж байсан юм байна шүү дээ. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв?

-Манай аврах тусгай ангийн аврах бүлэг 15 хүн, бас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс болон мэргэжлийн байгуулагууд нийлж гурван хоног ажиллаж байсан. Далай хөлдчихсөн байсан.  Мөсийг нэг метр гаран зүсээд коридор гаргаж байж доош орж татна. Зүгээр нэг татаад гаргачихгүй. Асгахгүй байх болон аврагчдын  аюулгүй байдлыг бодолцоно гэх мэт маш их чадвар шаардсан ажил юм.

-Тийм хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ажилчдыг яаж зоригжуулдаг вэ?

-Залуучууддаа урам өгнө. Ер нь манай аврагчид чинь миний хийх ёстой ажил гээд л ямарч хэцүү нөхцөл байсан хийдэг. Чадахгүй орохгүй гэх тохиолдол гарч байгаагүй. Багаж хэрэгслийн дутагдлаас ч юмуу аврагчийн биеийн байдлаас  шалтгаалахгүй л юм бол яаж ч байсан үүргээ гүйцэтгээд л ирдэг. Хаашаа л бол хаашаа ч хамаагүй гэнэт үүрэг аваад л явна. Би жил алгасалгүй томоохон түймэр дээр доод тал нь нэг сар ажиллаад ирж байсан.

Манай аврагчид чинь миний хийх ёстой ажил гээд л ямарч хэцүү нөхцөл байсан хийдэг. Чадахгүй орохгүй гэх тохиолдол гарч байгаагүй.

-Үүргээ маш амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагч нарыг яаж урамшуулдаг вэ?

-Шагнал гээд байх зүйл байдаггүй юм. Онцгой тохиолдол гэж байдаг. Онцгой тохиолдолд хүний амь аварсан ч юм уу. Ийм үед шагнал хүртэх тохиолдол байсан. Сүүлийн үед Нийслэлийн хэмжээнд томоохон түймэр гарсан. Хүний амь нас эрсдэж болзошгүй маш их хохиролтой гал гарсан.  Жишээ нь Нарантуул захыг түймэрт онцгой сайн ажилласан 20 гаруй албан хаагчийг Монгол Улсын Шадар сайд өөрийн биеэр ирж “Онц гал сөнөөгч”-ийн  шагнал гардуулж байсан.

-Энэ хүнд албаны удирдаж байгаа хүн их хариуцлага хүлээдэг юм шиг ээ. Аюултай үед зөв дүн шинжилгээ хийх гэх мэтээр?

-Тийм шүү осол аваар ямар сайн байхав дээ.  Хэцүү бүхэнд хамгийн түрүүнд очиж ажиллана. Ажиллаж байгаа алба хаагчиддаа заавар өгч сэтгэл санааны байдлыг харж тохируулж ажиллахыг боддог. Гал түймэр болон ой хээрийн түймэр дээр очоод нөхцөл байдлыг зөв дүгнэх хэрэгтэй буруу шийдвэр гаргах эрх байхгүй. Байгалийн нөхцөл байдал болон эрсдэлийг маш зөв харж тооцоолохгүй бол буруу шийдвэр гаргаж буруу талаас нь оруулах ч юмуу байгалийн хүчин зүйлийг буруу тооцоолсноос болж олон хүний амь нас эрсдэх болон эд хөрөнгийн хохирол учирч болно шүү дээ. Иймээс онцгой байдлын албаны удирдах зөвлөлийн хүмүүс маш чадварлаг байх хэрэгтэй байдаг.

Гал түймэр болон ой хээрийн түймэр дээр очоод нөхцөл байдлыг зөв дүгнэж хэрэгтэй буруу шийдвэр гаргах эрх байхгүй.

-Нэгэнт л гамшиг ослыг урьдчилан тооцоолох боломжгүй учраас Онцгой байдлыхан байнга бэлэн байдалд байдаг уу?

-Баяр ёслол тэмдэглэлт өдрүүдээр зогсоогоороо өдөржин, шөнөжин гал унтраах, өвлийн хүйтэнд устай харьцаж байгаа учраас бүх хувцас нороод хөлдчихсөн,  хатааж амжаагүй байж байтал дараагийн дуудлага ирээд л нойтон хувцастай гарах гэх мэтчилэн их хүнд үе зөндөө байдаг. Гал сөнөөгч гэдэг бол хамгийн хүнд ажил юм.

-Та амжилт гаргаж байсан үеээ эргэн дурсвал?

-Иргэний хамгаалтаас эхлээд зөндөө л байдаг. Онцгой байдлыг тэргүүний ажилтан гэх мэтчилэн. 2009 онд оны тэргүүний удирдах ажилтан болж байлаа. Энэ шагнал нь Онцгой байдлын удирдлагуудын хамгийн шилдэг нь гэсэн үг  юм. Мөн сайдын жуух бичгээр шагнуулж их урам авч байсан даа. Хүнийг шагнаж урамшуулах гэдэг чинь цаг үеэ олсон оновчтой  бол маш их үр дүнтэй байдаг.

-Хамгийн анх ямар шагнал авч байв. Анхны юм бүхэн сэтгэлд тодхон үлддэг шүү дээ?

-Анх бол "Сайшаалын үнэмлэх"-ээр шагнуулж байлаа. "Салаагаа шалгалтанд сайн  бэлдсэн тул "Сайшаалын үнэмлэх"-ээр шагнав" гээд л. /Инээв/ Маш олон салаан дарга дундаас 2-3-ийг нь шагнадаг байсан. Бүх бүрэлдэхүүний өмнө тушаалаа уншуулаад л их сайхан шүү. Хөдөлмөрөө үнэлүүлж байна гэдэг чинь өөрийгөө ямар түвшинд байна, яах ёстойгоо мэдэж авч байгаа хэрэг болдог.

-Таньд Онцгой байдлын даргын албыг хаших ямар байна вэ?

-Хэдий хүнд хэцүү эрсдэлтэй  гэсэн ч маш бахархалтай ажил, мэргэжил юм. Дандаа хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, аль болох бага хохиролтой авч гарах юмсан гэсэн үүднээс чин сэтгэлээсээ ажилладаг. Хүнийх байна уу, улсынх байна уу хамаагүй авран хамгаалдаг. Онцгой байдлынхан хэнээр ч хэлүүлэлтгүй ажилладаг  хүмүүс.  

Би энд ирхээсээ өмнө Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Онцгой байдлын даргаар ажиллаад хоёр жил болж байна. Энэ хамт олон маш хөдөлмөрч.  Нийслэлийн Онцгой байдлын газар маань 1000 гаруй алба хаагчидтай. Нийслэл маань сая гаруй хүн амтай Улсын нийслэл болохоор маш их ачаалалтай байдаг.

-Онцгой байдлынханд шүүмжлэлтэй хандаж байгаа тохиолдолд та ямар хариу өгдөг вэ?

-Гамшигийн голомтод ажиллаж байхад маш их зүйл болдог. Зарим тохиолдол бухимдсан хүмүүс доромжлох үе гарч л байсан. Миний утсанд хүртэл захидал илгээж байсан. Ийм тал дээр бид нар ямар нэгэн юм ярьддаггүй. Галын голомтонд очиж байхад байгууллагаас үл шалтгаалах хүндрэл их байдаг. Замын хөдөлгөөний түгжрэл, очоод зогсоол байхгүй гэх мэт наад захын асуудал. Иргэдийн зүгээс удаан байна. Усаа хурдан цац гэх мэтээр гомдоллодог. Ер нь бол хэцүү л дээ. Иргэдийн сэтгэлзүй хэцүү үед очдог болохоор. Зарим тохиолдолд тайвшруулж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэнэ. Олон төрлийн ур чадвар шаардана даа.

-Таньд баярлалаа. Танай нийт хамт олон болон таньд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.