m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 01:24
47
Дэлхийн том гүрний удирдагчид уулзсан, шинэ технологитой танилцсан долоо хоног

Дэлхий дахинаа өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлаас "Mass.mn" тоймлон хүргэж байна.

Ази-Европын дээд хэмжээний уулзалт /АСЕМ/ Италийн Милан хотноо боллоо

Аравдугаар сарын 17-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон Францын төрийн тэргүүн Франсуа Олланд нар Миланд болсон АСЕМ-ын дээд хэмжээний хурлын хүрээнд уулзсан юм. 

 

Белград хотыг чөлөөлсний 70 жилийн ойн парад боллоо

Серби улсын Белград хотод аравдугаар сарын 16-нд баярын жагсаал болсон юм. "Ялагчийн алхаа" нэртэй Белград хотыг фашистын Германаасаа чөлөөлсөн 70 жилийн түүхэн ялалтын баярын парадад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Серби улсын Еоөнхийлөгч Томислав Николич болон Сербийн Засгийн газрын дарга Александр Вучич нар оролцсон байна.  

 

Сергей Лавров  Жон Керри нар Парис хотноо уулзлаа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар аравдугаар сарын 14-нд Парис хотноо уулзсан юм. Уулзалтын үеэр талууд терроризмын эсрэг хамтран ажиллах болсноо зарлаад дэлхий дахиныг цочролд оруулаад буй эбола вирусын эсрэг хүч хавсран тэмцэх болсноо хэлсэн байна. Харин Украины асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "АНУ болон ОХУ аль аль нь сөргөлдөгч тал биш" гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Тэдний уулзалт гурван цаг үргэлжилжээ. 

 

Умардын удирдагч 40 хоногийн дараа олны өмнө гарав 

Аравдугаар сарын 13-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 40 хоногийн дараа олны өмнө суга таягтай гарч иржээ. Сураггүй байсан хугацаанд барууны хэвлэлүүдээр түүний эрүүл мэндийн холбогдолтой таагүй мэдээлэл цацагдаж байсан юм. Харин аравдугаар сарын 17  Ким Чен Ун эрдэмтэд зориулсан шинэ барилгын ажилтай танилцж, олны өмнө гарч ирлээ.

 

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян Москва хотноо айлчиллаа

 

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт буюу аравдугаар сарын 13-нд ОХУ-ын Москва хотод айлчилсан билээ. Айлчлалын хүрээнд ОХУ болон БНХАУ нар байгалийн хий нийлүүлэлтийн асуудлаар тохиролцоонд хүрч "Сибирийн хүч" хийн хоолойг зүүн чиглэлийн  маршрутаар буюу Эрхүү хотоор дамжуулан Оросоос Хятад руу нийлүүлэхээр гарын үсэг зурлаа. 

 

Гималай ууланд 152 жуулчин алга болжээ

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Гималай массивын Аннапурна ууланд цасан шуурганы үеэр 152 жуулчин ор сураггүй алга болжээ. Энэ үеэр Непал улсын аврах ангийн ажилтнууд  дөрвөн хүний цогцос олжээ. Одоогийн байдлаар 70 гаруй хүн ор сураггүй байгаа юм.

 

Шинэ мөнгөн тэмдэгт 

Аравдугаар сарын 14-нд "Россия Банк" Крымийг Оросын эгнээнд нэгдсэнийг тохиолдуулан шинэ зоосон мөнгө гаргаж эхэлжээ. 

 

Шинэ техник технологи

 "Apple" корпораци шинэ бүтээлээ танилцууллаа 

Аравдугаар сарын 16-нд Америкийн техник технологийн тэргүүлэх корпораци Apple хоёр шинэ бүтээл болох "IPad Air 2" болон "IPad mini 3"-ыг танилцуулжээ. Түүнчлэн Apple шинэчлэгдсэн моноблок "I Mac Retina K " болон  "Mac Mini" компьютер танилцууллаа.