m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 02:17
121
Гэмтэн болгоныг ингэж гэсгээдэг бол...

 

Өнгөрсөн долоо хоногт олны танил хоёр бүсгүй тодруулбал “Шинэ үе”-ийн Алдармаа, Оюунтуул нарын шүүх хурал боллоо. Удаа дараа хойшилсон энэ шүүх хурлаас ямар шийдвэр гарах бол хэмээн олон нийт чих тавин хүлээж суув. Шөнө хагасалж болсон шүүх хурлын шийдвэр олныг цочирдуулж, нэлээдгүй хэсгийнхний эсэргүүцэлтэй тулж байна. Удаа дараа шүүх хурал хойшилсоор байсныг олон нийт  өөрөөр таамаглаж байв. Нэг хамтлагт  олон жил ажилласан, ихэнх цагаа бэлтгэл, тайзан дээр хамт өнгөрөөдөг тэднийг эвлэрэх байх гэсэн таамаглал байсан ч шүүхийн шийдвэр тэс өөрөөр гарах нь тэр.

Өөрсдийнх нь ярьж байснаас иш татъя. (Ийм явдал болсон даруй тэдэнтэй холбогдон ярьсан юм)

Ц.Алдармаа “Тэр өөрөө эхэлсэн. Бага зэрэг согтуу байснаараа далимдуулж над руу халуун ус цацсан. Тэр эхлээгүй бол би ийм зүйл хийхгүй” гэв. Харин  Д.Оюунтуул “Би үнэхээр их гомдолтой байна. Намайг түлчихлээ. Шийддэг газраар нь явна” гэж байв.

 

Ийм яриатай эхэлсэн хэргийн шүүх хурал хаалттай болсон нь бас олныг гайхшуулав. Улсын нууц, насанд хүрээгүй яллагдагчтай шүүх хурал хаалттай болдогоос энэ мэт хэргийг хаалттай хэлэлцсэн нь бараг үгүй. Тэдний өмгөөлөгч хувь хүний нууцтай холбоотой зүйл ярих учир ийн хүсэлт тавьсныг шүүх зөвшөөрсөн аж.

Шүүх шийдвэр олныг гайхшруулсан учир нь...

Бие биенээ түлсэн гэх энэ эмэгтэйчүүдийн хэн нь үнэн яриад буйг шүүх шийдсэн гэх. Харин олон нийт яагаад Ц.Алдармаад оноосон ялын хэмжээг эсэргүүцэж байна вэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-оор ийн ялласан.

Хуульд 96.1-д “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

96.2.6-д Онц харгис хэрцгий аргаар үйлдсэн бол 7-10 жилийн хорих ял онооно гэжээ.

 

Шүүгчид Ц.Алдармааг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзсэн аж. Бодох нь ээ хүн рүү буцалсан ус цацна гэдэг байж боломгүй тэр дундаа бүсгүйчүүдэд байж боломгүй авир нь хэнд ч ойлгомжтой. Гэсэн ч олон нийт арай л дэндэж гэж үглэн дуулсааар байна.

Ард түмэн мэднэ дээ, улсын мөнгийн ах дүү найз нөхдөөрөө нийлэн гарын салаагаараа урсгаж, нүдэн дээр татвар төлөгчдийн халаас руу ичих нүүргүй гараа дүрсээр төрөөс төрсөн тэрбумтан болсон нөхдийг. Хүний эрх чөлөөнд халдаж, хүнд гэмтээсэн атлаа хэрэг гарсан даруй дээд албан тушаалтанд нь хэлж нам дарж, шүүхийнхэн болоод хохирсон хүндээ хэдэн бор төгрөг өгөөд ялаас мултрагсдыг. Компанийнхаа хариуцлагагүй, хүний аминд хүрсэн үйлдлийг далдлах гэж хэдэн зуун сая төгрөг цацан, Монголын хууль эрх зүйн салбарыг доромжлогсдыг. Тэдэнд яагаад хууль үйлчилдэггүй, гэмтэй хэрнээ гэмгүй алхаж явдаг юм бэ. Түүнд нь төрийн нэрийн өмнөөс ажиллаж, тангараг өргөсөн хүмүүс арга хэмжээ авч, шударга хандаж чадахгүй байгаа юм бэ. Үүнд л олон нийт үнэхээр зэвүүцэж, бухимдалтай байдаг юм.

Дээр дурьдсан гэмтнүүдэд адил тэгш ял оноогоод гэмтнийг шударгаар гэсгээж чаддаг бол өөрөө ч хохирч, өөрөөлийг гэмтээсэн Алдармаагийн ялд гайхах зүйл алга. Түүнээс гадна нэг зүйлийг онцлоход эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл ангид бас их учир байна. Эхэндээ Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл ангиар зүйлчилсэн аж. Гэтэл гэмтлийн зэрэг нь хүнд гэж гарснаас үүдэн зүйл анги нь өөрчлөгдсөнөөр ялын хэмжээ ч бас өөрчлөгджээ. Шүүх баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн гэх ч тэр дүгнэлт хэр үндэслэлтэй бол.

 

Нэгэн жишээг дурьдмаар байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө нугараач охиныг гадаад руу тоглолтоор авч яваад зодож, хүнд гэмтээсэн багшийн хэргийг уншигч та санаж байгаа байх. Гуя, цээж, булчинг нь эрээн алаг болтол нь саваадаж, төмрөөр цохиж, хоолыг сойсноос хэсэгтээ нугарах байтугай хөдөлгөөнтэй байх боломжгүй болсон охиныг гэмтээсэн багш  таван жилийн ял аваад салсан. Дараа дараагийн шатанд  давж заалдсаар ял нь хөнгөрсөн. Гэмтлийн зэргийг нь хөнгөн гэж гаргасныг хараад үнэхээр их гайхаж билээ. Охины гэмтэл цаашлаад хараагүй болох магадлалтай гэдгийг эмч нар хэлсээр  байтал тэгсхийгээд л өнгөрсөн. Охины эрүүл мэнд, хувь заяа хэрхэх бол.

 

 Одоо хэр нь шийдэгдээгүй байгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг үүнтэй жишихийн биш. Яагаад энэ мэт олны анхаарал татсан, ноцтой хэрэгт ял оноож гэмтнийг гэсгээхгүй байгаа юм бэ. Үүнд л олон нийт дургүйцэж, эсэргүүцээд байгаа юм. Монгол Улс  бүх гэмтнийг гэсгээдэг шударга шүүхтэй хэзээ болох бол...