m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 10:28
224
“Их хотын хэмнэл” төсөл хэрэгжинэ

XXI зууны хүн төрөлхтний хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн соёл урлаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хөгжүүлэх нь нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх зорилт бөгөөд дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд бүх нийтийн урлаг, гоо зүйн боловсрол чухал ач холбогдолтой бөгөөд үүнд хөгжмийн гүйцэтгэх үүрэг их юм.            

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан байдаг.                                                            

Монгол улсын филармони бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийг санаачлан 2015-2020 хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд  НЗДТГ-тай хамтран “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Нийслэлийн соёл урлагийн газраас соёлын талаарх төр, орон нутгийн бодлого, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан соёл, урлагийн талаарх  зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урлаг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад нь улсын филармони дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь тус төслийн зорилго юм.  

“Их хотын хэмнэл” төслийн хүрээнд өнгөрсөн бямба гаригт улсын филармонийн олон нийттэй харилцах албанаас “SKY” худалдааны төвд сонгодог хөгжмийг сурталчлах / Flash mob / зохион байгуулсан бөгөөд тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд  улсын филармонийн симфони найрал хөгжимчдийн тоглосон “Хэнтий өндөр ууланд”, “Уран хас” бүжгэн жүжгийн хөгжим “Радецкий Марш” зэрэг монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас сонсож, хөгжмийн тухай асуулт, хариултын тэмцээнд оролцож сонгодог хөгжмийн DVD.CD, энэ сарын 30.31-ний өдрүүдэд СТӨ-нд тоглогдох улсын филармонийн 43 дахь үзвэрийн жилийн нээлтэд зориулсан "CINEMA NIGNT", "NEW SEASON-2015" тоглолтын урилгыг бэлгэнд авах азтан болсон юм.         

                                   

Тус төслийн дараагийн арга хэмжээ улсын их дэлгүүрт зохион байгуулагдах “Djazz Festival” –аар үргэлжлэх бөгөөд улсын филармонийн  джаз биг бэнд “БАЯН МОНГОЛ ” чуулгын уран бүтээлчид оролцох тухай филармонийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.