m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 15:27
70
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягт хатуу хариуцлага тооцох болно

-Н.АЛТАНХУЯГИЙГ ИЙМ ШИВШИГТЭЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙГААД АРДЧИЛСАН НАМЫНХАН НҮҮРЭЭ ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛЖ БАЙНА-

АН-ын дарга Н.Алтанхуяг 2014 оны аравдугаар сарын 18-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл энэ талаар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаснаа танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид энэхүү гэрээг цочирдон хүлээж авлаа. Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч ачир дээрээ МАХН-тай далдуур улс төрийн тохиролцоо хийсэн байна.

Энэхүү тохиролцоог намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд, дэмжигчдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйлдэл. Өөрийн суудлаа авч үлдэхийн тулд хийж байгаа увайгүй зан юм. Эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн гэрээ хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягт хатуу хариуцлага тооцох болно. АН-ын байр суурь бол авлигатай тэмцэх. Гэтэл “авлигын загалмайлсан эцэг” гэгдэх хүнтэй гэрээ байгуулсан нь АН-ын шийдвэр биш гэдгийг хэлмээр байна” гэв. Энэ үеэр түүнээс дараахь асуултад хариулт авлаа.

-Ерөнхий сайд хэдхэн хормын өмнө Үндэсний Зөвлөлдөх хорооноос гэрээгээ шинэчлэх шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Ор үндэслэлгүй мэдээлэл. Үндэсний Зөвлөлдөх хороогоор хуралдаж шийдвэрлэх нь битгий хэл намын бүлэгтэйгээ ч хуралдаагүй. Би өөрөө АН-ын гишүүн байтлаа энэ тухай мэдээ ч үгүй явсан.

-ИЗНН-тай энэхүү гэрээг байгуулна гэдгээ Ерөнхий сайд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хоёр талын гэрээ гэж заасан байсан. Тэгэхээр ИЗНН-тай байгуулах ёсгүй. Намын зүгээс энэ гэрээг эсэргүүцэж байгаа учраас шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлнэ.

-Энэ гэрээний тухай 2, 3 сарын өмнө яригдаж байсан юм биш үү?

-Ерөөсөө ярилцаагүй. Нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрсөн болохоос биш ингэж гэрээ байгуулж, батлана гэж ерөөсөө яригдаагүй. Намын зүгээс ийм ямар ч шийдвэр гаргаагүй. Энэ бол АН-ын хувьд ичгүүртэй явдал. Ийм гэрээг дагаж мөрдөхгүй гэдгээ Нийслэлийн АН хатуу мэдэгдмээр байна. АН-ыг улс төрийн золионд гаргаж байна. Н.Алтанхуяг ийм шившигтэй үйлдэл гаргаж байгаад нь АН-ынхан нүүрээ хийх газаргүй болж байна” гэв.