m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.22 06:11
209
Цуврал-27 Дүрсгүй хүүгийн дэггүй үйлдэл

Цагдаагийн байгууллагад дадлага туршлагатай, хүүхдийн эв олохдоо гаргууд эмэгтэй байцаагч цөөнгүй байдгийн нэг нь А.Янжмаа аж.  МУИС-ийн хуулийн ангийг төгссөн тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа олон хэргийг илрүүлж байсан юм.  Тэр дундаа хүүхдийн үйлдсэн хэргийг илрүүлэхдээ гаргууд нэгэн байсан гэнэ.

1960-аад оны дунд үед Бэрхийн уурхайд гэнэт гал гарах нь тэр. Хүмүүс цайндаа гарсан байсан учир золоор уурхайд хүн байсангүй. Үймж шуугисан хүмүүсийн дунд А.Янжмаа мөрдөн байцаагч зогсож, хэн юу ярьж буйг анхааралтай чагнаж байв. Гал яагаад гарав, хэн гал алдав гэх мэт олон асуултын хариуг мөрдөн байцаагч мухарлах ёстой болохоор тэр. Олон хүний дунд нүдээ анин галын дөлийг анхааралтай нь аргагүй харан баясан суугаа хүүг А.Янжмаа хараад юу хийж байгаа хүүхэд вэ гэж бодоод өнгөрчээ. Уурхайн ойр орчим тамхи татахыг хатуу хориглодог аж. Тамхи татдаг хүн олон ч журмыг хатуу дагадаг байж. Хүнтэй уулзаж олон зүйл тодруулж, гал яагаад гарав гэдгийг тогтоох ажил өрнөж байтал дахин гал гарах нь тэр. Бас л үдийн цайны үеэр гал гарав. Уурхайгаас нилээд зайдуу газарт хуучин дугуй шатлаа. Гал командынхан шуурхай очиж, галыг унтраажээ. Гал гарсан гэх сургаар хэрэгт дуртай хүмүүс  шаван “Хүнд хэрэггүй зүйл шатаж байгаа юм байна. Галын дөл өөдөө. Энэ жил ч жолооч нарын дугуй хагарч, үйлээ үзэхгүй юм байна” гэж инээлдэж байгаа харагдав. А.Янжмаа хэргийн газар очиж байдлыг ажиглангаа нөгөө хүү бас ирсэн байхыг харав. Сэжигтэй санагдсан ч айлын бага насны хүүг шууд байцаахаас зайлсхийн ажиглахаар шийдэв.

Төд удалгүй дахин гал гарах нь тэр. Мөн л цайны цаг таарсан байж. Энэ удаа казах үндэстэн өндөр настны гэр дахин ашиглах боломжгүй болтлоо шатав. Өвгөн айж сандарсан байдалтай гэрээ харан, утаанд хахаж цацан ханиаж байв. 

Эмгэн нь боорцог хайраад удаагүй бөгөөд гэрийнхээ зүүн талд тосоо саванд хийж тавьснаа байцаагчид хэлэв. Хэн нэгэн боорцогны тос руу шүдэнз зурж хийснийг төвөггүй мэдээд нөгөө хүүг хайсан ч байсангүй. Гэрийн эзнээс хүүхэд ойр хавьд нь байсан эсэхийг асуухад мэдэхгүй, анзаараагүй гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Байцаагч тэр хавиар хүүг хайлаа. Харагдсангүй. Гэтэл ойролцоох өвөлжөөний дээр нөгөө хүү шатсан гэрийг харан сууж байв. Байцаагч наашаа ир гэсэн боловч тэр юу ч хэлэлгүй, сонсоогүй царайлан суусаар байв.

-Чи яагаад хүний үгэнд орохгүй байна, хурдан буу гэхэд

-Үхрээ харж байна гэсээр шүлсээ хаяв. Хаясан шүлсэн дунд нэг цагаан зүйл байгааг байцаагч олж харав. Шүдэнзний модны хугархайг мэдээд түүнийг буулгаж, дэргэдээ авчрав.

-Чи яагаад гал тавиад байгаа юм бэ?

-Мэдэхгүй.

-Чиний шүдэнд хаана байна?

-Мэдэхгүй гээд толгойгоо сэгсрэв.

Хүү гал тавьсан гэдгийг сайн мэдсэн байцаагч ажил дээрээ авчран байцааж эхлэв. Эхэндээ хүү юу ч хэлсэнгүй. Дуугүй нэг зүйлийг гөлрөн суугаагаас харахад эрүүл биш бололтой. Удаа дараа асуухад “Гал дүрэлзэж буйг харах сайхан байдаг юм” гэснээр түүнийг санаатай гал тавьсныг мэдэв. Лавшруулан асуувал Бэрхийн уурхайд гарсан гал түймрийг тэр шүдэнз зурж орхисноос гарсан  болох нь тогтоогдов. Золоор хүний амь хохироогүй, эд хөрөнгө ихээр үрэгдээгүй тул асран хамгаалагч нарт нь хатуу анхааруулжээ. Түүний аав, ээж хүүгээ сүүлийн үед нэг л биш болсныг хэлж эмнэлэгт үзүүлэхэд мэдрэлийн өвчтэй болохыг мэджээ.